Халагдсан, томилогдсон албан хаагчдын аль нь ч ажилгүй

Төр захиргааны удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтэн тэргүүтэй 15 албан хаагчийг ажлаас халснаас хойш хагас сарын хугацаа өнгөрөөд байгаа. Уг шийдвэрийг тус дүүргийн Засаг дарга Л.Амгалан гаргасан билээ. Дээрх 15 албан хаагч хууль бусаар ажлаас халж, тэдний оронд төрийн албан хаагч бус хүмүүсийг томилсон хэмээн гомдол гаргасан. Тэдний гомдлын дагуу Төрийн албаны зөвлөл энэ асуудлыг анхааралдаа аван шийдвэрлэхээр болжээ. Уг зөвлөл ажлаас халагдсан 15, шинээр ажилд томилохоор тушаал нь гарсан 17 хүнд холбогдох материалыг цуглуулан шинжилж байна. Үүний дараа зөвлөлийн хуралдаанаар оруулж асуудлыг шийдэх юм. Өөрөөр хэлбэл, Өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор ямар нэг шийдвэр гаргах ёстой.

Баянгол дүүргийн Засаг даргаас болж төрийн ажил, алба цалгардаж эхэлжээ. Ажлаас халагдсан дээрх албан тушаалтнууд бүгд ажлаа хүлээлгэж өгөөгүй, шинээр ажилд авах гэж байгаа хүмүүс нь ажлаа

хүлээж аваагүй байгаа аж. Засаг дарга Л.Амгалан өөрөө өмнөх гаргасан захирамж, тушаал шийдвэрээ үгүйсгэсэн, хууль бус шийдвэртээ дарагдан, тарьсан балгаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй суугаа бололтой.

Ийм байтал ичих ч үгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний өмнө худлаа яриад сууж буйг ажилтнууд нь баталж байна. Тус дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд нэг дор 15 ажилтнаа халснаа бүтцийн өөрчлөлт хийсэн гэж тайлбарласан. Үүнээс гадна Бид ажилчидтайгаа тохиролцсон. Ажил өгсөн. Өөрсдөө ажлаа голоод ирэхгүй байгаа. Заримыг нь сэлгэн ажиллуулахаар болсон гэх мэтээр ярьжээ. Ажлаас халагдсан 15 хүнээс одоогоор ажлаа хийж байгаа хүн байхгүй аж. Тэдний хоёрыг нь буцааж ажилд нь авсан ч удирдлагынхаа дарамтын улмаас өөрийн хүсэлтээр ажлаас гарчээ.

Мөн дөрвөн хүнийг сэлгэн ажиллуулах тушаал гаргасан гэнэ. Гэтэл дээрх албан хаагчид энэ тушаалыг Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Уг хуульд тухайн ажилчин өөрөө зөвшөөрсөн, удирдла-гуудтайгаа зөвшилцсөн тохиолдолд харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллаж болно гэж заасан байдаг. Гэтэл дээрх дөрвөн хүний аль нь ч сэлгэн ажиллах тухай зөвшөөрөөгүй, удирдлагуудтайгаа зөвшилцөөгүй гэнэ.

Тиймээс ажилгүй болсон албан хаагчид Төрийн албаны зөвлөл үнэн бодит шийдвэр гаргаж өгөөсэй хэмээн найдаж суугаагаа ярьсан юм. Хэрэв Төрийн албаны зөвлөлөөс буруу шийдвэр гаргах юм бол тэд цаашид Захиргааны хэргийн шүүхэд хандах юм байна.

Баянгол дүүргийн ЗДТГ-т архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан З.Одгэрэл Бид албан тушаалтайгаа зууралдаад ингэж хэл ам хийгээд яваад байгаа юм биш. Төрийн албанд ажиллаж байгаад хариуцлага алдсан бол халагдаж, солигдох нь байдаг л асуудал. Хамгийн гол нь, хууль бус шийдвэр гарган биднийг хомроголон халсанд гомдолтой байна.

Бид жил бүр үр дүнгийн гэрээгээ A, В үнэлгээтэй хамгаалсан. Үүний цаана эрх ашгийн зөрчилдөөн байгаа гэж ойлгодог. Хууль бусаар ажлаас халагдаад мэдээлэл хийснээс хойш бидэн рүү бусад дүүргийн ЗДТГ-т ажилладаг төрийн олон албан хаагч утасдаж ярьсан. Биднийг асуудал үүсгээд олон түмэнд хандаад ирэхэд халаа сэлгээ хийх гэж байснаа зогсоосон гэсэн мэдээлэл өгч байна хэмээн ярилаа.

Ажлаас халж болно. Гэхдээ үндэслэлээ тодорхой зааж, хуулийн дагуу шийдвэр гаргах байтал Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан тэгсэнгүй гэж тэд халаглаж сууна.

Б.Алтан

Дугаар 027/606/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button