Алтандорнод Монгол компанийн өр 700 гаруй саяар нэмэгдэв
Тиймээс тэд цалингаа нэхэж байна. Тус компанийнхан манай улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлож, улсад их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн. Өөрөөр хэлбэл, 2007, 2008 оны татвар 4.6 тэрбум төгрөгийн өртэй байгаа билээ. Үүнээс гадна олон улсын Арбитрын шүүхээр 40 гаруй тэрбум төгрөгийн өрийн асуудал шийдэгдэх гэж байгаа. Энэ нь Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар юм. Энэ мэт их хэмжээний өрийг шийдэж амжаагүй байтал Алтан¬дорнод Монгол компанийнхан ажилчдынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөөгүйгээс дахин шүүхийн хаалга татахад хүрсэн байна.
Компанийн ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэв үү
Алтандорнод Монгол компани 1500 орчим ажилчинтай. Тэдний 800 гаруй нь монгол ажилчин. ШШГЕГ-аас бүх эд хөрөнгө, техник хэрэгслийг нь битүүмжилсэн учраас компани үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрсэн. Ажилчид бид ажлаа хийж, цалингаа авч чадахгүйгээс амьдрал хэцүүдэж байна. Компанийн ер ширний асуудал бидэнд ямар хамаатай юм. Хийсэн ажлынхаа хөлсийг авмаар байна хэмээн тус компанийн 800 гаруй монгол ажилчны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд тус компанийн техник хэрэгслийг худалдаж борлуулахыг хориглон бүртгэж битүүмжилсэн. Гэхдээ үйл ажиллагаа явуулах эрхийг нь хэвээр үлдээсэн байгаа. Гэтэл ажилчид нь Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Энэ сард ажилласан цалингаа одоо болтол авч чадахгүй явна. Удирдлагууд үүнийг шүүхийн шийдвэртэй холбон тайлбарлаж байгаа. Компанийн ашигт малтмал олборлоход ашигладаг зарим техник хэрэгслийг зараад бидний цалинг тавих боломжтой. Манай удирдлага ингэх гэж ажилчдынхаа цалин тавих, компанийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах санал тавьсан ч ШШГЕГ-ынхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн гэж ярьж байв.
Тиймээс монгол ажилчид төр засаг компани хоёр хоорондоо байгуулсан гэрээний дагуу асуудлыг шийдэж, компанийн техник хэрэгслийг зарж борлуулаад ажилчдын цалинг тавих шаардлага тавьж байгаагаа илэрхийлсэн юм.
Компанийн удирдлагууд өөрсдөө л үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргасан болохоос шүүхээс үйл ажиллагааг нь зогсоогоогүй гэдэг нь олон түмэнд тодорхой байгаа. Гэтэл монгол ажилчид нь мэдээлэл хийж байгаа цаанаа удирдлагуудаасаа даалгавартай гэж ойлгоход хүргэж байлаа. Өөрөөр хэлбэл, Та нар ажиллаж байгаа компанийнхаа талаар дуугар. Тэгэх юм бол цалинг чинь өгнө гэж орос удирдлагууд нь тэдний тархийг нь угаасан бололтой.
Алтандорнод Монгол шүүхэд дуудагдана
Алтандорнод Монгол компани ажилчдынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөөгүй учраас Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс тус компанийг шүүхэд өгчээ. Өөрөөр хэлбэл, уг компани өнгөрсөн оны сүүлийн гурван сарын ажилчдынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөөгүй байна. Энэ нь 403 сая гаруй төгрөг аж. Ийм хэмжээний мөнгийг тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжилж байгаа. Үүнээс гадна 800 гаруй монгол ажилчин нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын цалин болох 300 гаруй сая төгрөгөө авч чадаагүй байгаа гэнэ. Эндээс үзвэл Алтандорнод Монгол компани ажилчид болон Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 700 гаруй сая төгрөгийн өртэй болж таарч байна.
Орос ажилчид нутаг буцаж, нинжа нар үе үе дайpax болжээ
Тус компани 800 гаруй монгол ажилчдаас гадна 500 гаруй орос ажилчин, мэргэжилтэнтэй. Одоо тэдний олонхи нь нутаг буцжээ. Цалингаа авч чадаагүй, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөгүй, нутаг буцах зардалгүйгээс 100 орчим нь Монголд амьдарч байгаа аж. Тэд Алтандорнод Монгол компанийн байрандаа толгой хоргодож байгаа бололтой. Хэзээ асуудал нь шийдэгдэх нь ч тодорхойгүй. Удирдлагууд нь ч тэдэнд тодорхой хариу хэлэхгүй байгаа аж. Алтандорнод Монгол компанийн захирал Паушок, дэд захирал Игошин нар ажилчдадаа бараагаа харуулдаггүй. Дандаа бичгээр харилцдаг аж. Энэ тухай монгол ажилчид нь компанийн захирал гэж ямар хүн байдгийг мэдэхгүй хэмээн ярьж байлаа. Алтандорнод Монгол-ынхон Төв аймгийн Заамар, Архангайн Цэнхэр сумын нутагт таван газраас алт олборлох тусгай зөвшөөрөлтэй. Энэ газруудад тус компанийн салбар ажилладаг. Өнгөрсөн оны сүүлчээс хойш алт олборлох ажил зогссонтой холбогдуулан компанийнхны ухаж гаргасан баяжмал шороо, уурхай руу нинжа нар байн байн дайрах болжээ. Дээрх сумдад байгаа уурхайнууд хэдийгээр хамгаалалттай ч гэсэн нинжа нар дийлдэхгүй, дайран орж компанид их хохирол учруулж байгаа тухай юм байна.
Б.Алтан
Дугаар 027/606/