З.Алтай Гадаадын улс орнууд зээл өгнө гэдэгт итгэхгүй байна
Уг төлөвлөгөөний талаар УИХ-ын гишүүн З.Алтайтай ярилцлаа.
-Санхүүгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг Засгийн газраас өргөн барилаа. Төлөвлөгөөний талаар ямар бодолтой байгаа вэ?
-Хямралыг хэрхэн хохирол багатай давах төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулсан байна. Дэлхийн улс орнууд санхүү, эдийн засгийн хямралыг яаж даван туулах вэ гэдэг төлөвлөгөөгөө аль хэдий нь хийчихсэн. Энэ хямрал биднийг тойрохгүй гэдгийг ойлгосон улс орны удирлагууд эдийн засгийн онцгой байдал зарлаад явж байгаа. Солонгосын Засгийн газрын тэргүүн нь эдийн засаг, санхүүгээр мэргэшсэн хүмүүсийг цуглуулан дэргэдээ асар том баг байгуулан ажиллуулж эхэлсэн байна. Тэд өдөр болгон тулгамдаж байгаа асуудлаа ярилцан үүсч буй галыг дор дор нь унтрааж, тодорхой чиглэлтэй явж байна. Гэтэл манай Засгийн газар одоо л дөнгөж хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүнд цохилт өгч байна гэдгийг ойлгож, хүн үхэхийн даваан дээр амьдрал руу шунадаг шиг юм оруулж ирлээ.
-Тэгэхээр энэ төлөвлөгөө цаг хугацаа алдаж орж ирлээ гэж хэлэх гээд байна уу?
-Ийм төлөвлөгөөг оны өмнө буюу аль эрт хийчих ёстой байсан юм. Засгийн газраас эдийн засгийн онцгой байдлыг зарлан, үүсч буй нөхцөл байдлыг ард түмэндээ хэлж, бүсээ чангалж хямгадах зүйлээ тайлбарлах хэрэгтэй. Дэндүү л оройтож гаргасан төлөвлөгөө гэж хэлэх байна. Ер нь, энэ хямралыг нэг санаатайгаар гэтлэе гэж уриалах ёстой. Ийм алхам хийхгүй байгаагаас Засгийн газар юу хийх гээд байгааг хэн ч ойлгохгүй бүү мэд гэдэг л болсон. Монголчуудын хэтэвчтэй мөнгө нь нимгэрч, алга болсоор л байна. Засгийн газар иймэрхүү маягаар ажиллаж болохгүй.
-Засгийн газраас гаргасан төлөвлөгөөтөй танилцсан байх. Чухам хаанаас тэр их мөнгийг бүрдүүлэхээр заасан юм бол?
-Энд тэндээс баахан зээл тусламжийн мөнгө олж, есөн төрлөөр зарцуулах талаар тусгасан байна билээ. Мөн бонд гаргана гэж байгаа. Гэтэл тэр их зээлийг гадаадын улс орнууд өгөх юм болов уу.
-Яагаад өгөхгүй гэж?
-Өнөөдөр бидний баталсан төсөв хэр хэмжээний алдагдалтай байгаа билээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ зургаан хувийн алдагдалтай тэнцэх төсөв баталсан улсад итгэж зээл өгнө гэдэгт эргэлзэж байна. Бид ч гэсэн хажуу айлынхаа хүнд, найз нөхөддөө мөнгө зээлэхдээ энэ хүн эргэн төлөх чадвартай бил үү гэж харж, судалдаг шүү дээ. Үүний дараа хэдэн төгрөг зээлэх эсэхээ шийддэг. Замбараагүй их зарлагатай, дээр нь их хэмжээний алдагдалтай учир зээл олгоно гэдэгт нэг л итгэж өгөхгүй байгаа юм. Би л лав ер зээлтэй хүнд мөнгө зээлэхгүй. Авлаа гэхэд яаж эргэн төлөх юм бол. Эх орон газар нутгаа барьцаалах юм болов уу, яах юм бол. Ер нь, миний харж байгаагаар гадаадаас зээл авна гэхээсээ өмнө өөрийн хэтэвчинд байгаа хэдэн бор төгрөгөө яаж зарцуулахаа тооцох хэрэгтэй. Хэтэвчээ шагайж харахгүйгээр зээл авахаа л бодож байна.
-Өөрийнхөө хэтэвчинд байгаа мөнгөө тоолох хэрэгтэй гэж та хэллээ. Чухам яаж?
-Төсөв батлах үед зарим нэг хасч болох зардал байсан. Тухайлбал, Ховд аймагт Усан сан, Өвөрхангайг Хуримын ордонтой болгох, Үндсэн хуулийн Цэцийнхэнд ордон барих, Сансар судлалын музейтэй болох гэх мэт. Өвөрхангайн залуучууд Хуримын ордонгүй бол гэрлэхгүй гээд байгаа юм уу. Ховдчууд Усан сангүй бол маргаашийг харж чадахгүй байгаа биш. Санхүүгийн хямралтай үед Сансар судлалын музейд очоод од хараад зогсч байх хүн байх уу. Төслийг санаачилсан гишүүд буцаагаад татаж авах хэрэгтэй. Өнөөдөр усан сан, хуримын ордноос илүү идэх хоол, өмсөх хувцас хэрэгтэй байна. Тиймээс дээрх зардлуудыг хэмнэж жижиг дунд үйлдвэрлэл бий болгоход зориулах нь чухал. Уг төслүүдийг санаачилж, лобби хийж төсөвт хэдэн тэрбум төгрөг чихэж сонгогчиддоо ардын баатар болж харагдах гэсэн гишүүд маань эргүүлэн татаж авах хэрэгтэй. Ингэж чадвал хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэгдэж, төсвийн алдагдал буурч, Засгийн газрын ачаалал ч буурна. Яахав дээрх ажлыг хийж болохгүй гэж байгаа юм биш. Дараа нь мөнгөтэй болсон хойноо хэрэгжүүлж болно.
-Хоёр толгой болон бусад орд газраа ашиглаад эхлэхээр төлж болохгүй гэж үү?
-Одоо ашиглаж эхлээгүй байгаа шүү дээ. Гэрээ ч хийгдээгүй цагаан цаас л явж байгаа. Хамтран ашиглах гэрээ нь хийгдээд, ашиг олж мөнгөтэй болох хүртэл мөн ч хол байна даа.
-Оюутолгойн ордын 34 хувийг монголчууд эзэмших гэж байгаа. Таны байр суурь?
-34 хувь гэдэг тун бага санагдаж байна. Мөн дээр нь 34 хувийн ашгаасаа төлбөр төлнө гээд байгаа нь хачирхалтай. Төрсөн нутгийнхаа газар шороон доорхи баялгийг ашиглуулсныхаа төлөө эргээд төлбөр төлнө гэдгийг л ойлгохгүй байгаа юм. Бид 50 түүнээс дээш хувийг нь ч авч болно. Яагаад гэвэл бидний баялаг. Гадныханд нөхцөл нь ямар ч байсан асар их ашигтай.
Э.Мөнгөн
Дугаар 027/606/