Халамж нэртэй мөнгө залуусыг мунхруулж байна биш шүү
Ажилгүйдэл, ядуурал туйлдаа хүрээд байна. Ажилгүйчүүдийн эгнээнд байгаа хүмүүсээ улам л лаг шавар руу дарж гүнзгий шигтгэж байна. Ажилгүй эмэгтэйчүүддээ хүүхэд гаргаад байвал хүүхдийнхээ cap бүрийн гурван мянга, улирал бүрийн 25 мянган төгрөгөөр амьдраад болоод байдаг юм байна гэх сэтгэгдэл төрүүлж байна. Мөн нөгөө хэдэн ажилгүй хүмүүс лам ирсэн дээр нь мөргөөд авья гэгчээр мөнгө өгч байгаа дээр нь авья гэсэн шиг эхний хүүхдээ найман cap дөнгөж хүргээд нь дараагийнхаа хүүхдийг гаргаж байна. Ер нь ажилгүй эмэгтэйчүүд ажил олж хийе гэхээсээ илүү жил дараалан төрөөд байвал төрөхийн өмнө таван сартайгаас эхлээд cap бүрийн 20, төрсний дараах 100 гээд нэлээд хэдэн төгрөг авах болохоор амьдарна гэж бодох болж. Тэгж байтал өнгөрсөн жилийн сонгуулиар МАХН гурван хүүхэд төрүүлбэл 300 мянган төгрөг, алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонтой бол 500 мянга, нэгдүгээр зэргийн одонтой бол нэг сая төгрөг өгнө гэж үүнд бүр ч ташуур өгөх нь тэр.
Ийн хэдэн төгрөгөөр амь зогоодог айл өрхүүд өнөөгийн нийгэмд олон байгаа нь нууц биш. Шинэ гэр бүл, хүүхдэд олгодог мөнгийг өгч эхэлснээс хойш гэр бүлэгсдийн тоо нэмэгдээд байгаа гэх яриа хаа сайгүй тархсан. Үнэхээр уг тэтгэмжийг олгож эхэлснээс хойш гэр бүл бологсдын тоо жил ирэх тусам эрс нэмэгджээ. 2004 онд 11242 хүн шинэ гэр бүл болж байсан бол 2006 он гэхэд 48996 болж өссөн байгаа юм. Гайхалтай тоо. Бараг дөрөв дахин өссөн байгаа биздээ. Харин өнгөрсөн жилийн статистик нь хараахан гарч амжаагүй байна. Гарсан бол ухаан алдаж унамаар тоо гарах байлгүй. Учир нь оны өмнө дээрх мөнгийг өгөхгүй гэж цуурхал гарч бараг л дөнгөж танилцсан хүмүүс бие биедээ хайртай гэцгээж гэрлэлтээ батлуулж эхлэв. Гэхдээ оны өмнө дүүргүүдийн гэр бүл бүртгэх товчоо өдөр өнжихгүй хүнтэй байсан. Гэр бүл бүртгэлийн товчооны ажилтнууд хэлэхдээ Урьд өмнө өдөрт 2-3 хүн гэр бүлээ батлуулдаг байсан бол он гармагц мөнгө өгөхгүй гэж цуурхал гарснаар өдөрт 100 орчим хүн ирж байна.
Бид өдөрт дарааллын 50 дугаар тарааж түүнийгээ л бүртгэж байгаа гэж байсан. Бүр шинээр төрсөн хүүхдийн тоо ч нэмэгдсэн байна. 2005 онд 47 мянга гаруй хүүхэд мэндэлж байсан бол өнгөрсөн онд 63 мянга гаруй хүүхэд энэ хорвоод дуу хадаан мэндэлжээ. Гэтэл нийт төрж байгаа эмэгтэйчүүдийн 5.5 хувь нь 20-иос доош насны эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Ингэж хүүүхэд төрүүлж асран өсгөх байтугай өөрийгөө яая гэж байгаа хүүхдүүд гэр бүл болж тоглон хүүхэд төрүүлж байгаа нь ч манай төр засгийн элдэв амлалтаас үүдэлтэй.
Тэр бүү хэл 1000 эмэгтэй тутмын 20.2 хувь нь үр хөндүүлдэг байх юм. Үүний 6.2 хувь нь мөн л 20-иос доош насныхан байдаг аж. Мөн нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны хүүхдээ хөндүүлдэг гэсэн тоо баримт байдаг аж. Эмзэглэмээр байгаа биз дээ. Нийт үр хөндөлтийн 16 хувь нь оюутан охид байдаг аж. Ийм л гачлантай орчлонд ядуус, ажилгүйчүүдийн эгнээнд сульдаатай хүүхэд мэндэлсээр… Өнөөдөр насанд хүрч бие организм нь гүйцэж амжаагүй байхдаа эрх баригчдын амласан хэдэн төгрөгиин төлөө гэр бүл болж, хүүхэд төрүүлж байгаа энэ охидуудын бие ч хэдэн жилийн дараа юу болох билээ, нас бие гүйцээгүй шахам хүүхэд-ээс төрж байгаа тэр нялх хүүхдүүд ч ямаршуухан эрүүл мэндтэй иргэн болж өсч байгаа билээ. Зөвхөн өөрсдийн жаргал, эрх мэдэл, албан тушаалын төлөө, баруун солгойгүй цацаж байгаа халамж нэртэй мөнгө нь монголын ирээдүйг сэм сэмхнээр алж байна биш үү.
Г.Хөвсгөл
Дугаар 027/606/