40 сая малаа ‘’эрүүлжүүлж’’, 180 мянган өрхөө анхааръя

Эдийн засгийн хямрал малчдад ч гэсэн хүндхэн цохилт болж байгаа юм. Учир нь, халуун хошуут малаасаа авдаг ‘’цалин’’ буюу түүхий эдийнх нь үнэ ханш навс уначихсан. Тиймээс малчид сүүлийн үед малаа хөлөөр нь буюу амьдаар нь экспортлох сонирхолтой болоод байгаа аж. Гэхдээ тийм ч амархан зүйл биш бололтой. Хөрш орнууд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, аль болох амьдаар нь импортлох тал дээр хатуу бодлого баримталж байгаа гэнэ. Ядаж байхад манай улс малын гоц халдварт өвчний тархалтаараа дэлхийн улс орнуудаас 10 дугаар байрт орсон судалгааг эрдэмтэд гаргаад байна. Боом бруцлез гээд халдварт өвчнөөр сүүлийн арван жилд хэдэн мянган халуун хошуут малаа алдсан баримт ч байна.

Уг нь манай улс зуд турхнаар зөвхөн малаа алддаг байсан бол халдварт өвчнөөр халуун хошуут малынхаа тоог цөөрүүлж байгаа нь харамсалтай. Ийнхүү халдварт өвчнөөр малынхаа тоо толгойг багасгаж байгаа нь манай малчдад хүнд тусах нь мэдээжийн хэрэг. Мөн өвчтэй малыг гаргахгүй гэсэн хатуу бодлогыг хойд хөршийн засгийн газар, хил гаалийн хорио цээрийн алба баримталж байгаа. Гэтэл Монгол Улсын төсвийн 30 хувийг нуруундаа үүрч яваа 180 гаруй мянган малчин өрх мал хөлөөр нь гаргах сонирхолтой байдаг. Тиймээс малыг эрүүлжүүлэх тал дээр төрийн цогц бодлого хэрэгтэй байгааг малчид маань хэлж байна.

Тэгээд ч эх орны хишигт найдлага тасарсан малчид эрүүл малаа экспортлож бэлэн мөнгөний бараа харах л хамгийн зөв арга гэж үзэж байна. Арга ч үгүй биз. Малчдын хувьд май гээд сарваах бэлэн мөнгөгүй, банкны зээлийн өрийн сүлжээ гээд хэцүүхэн байгаа болохоор малаа хөлөөр нь худалдаалах нь хамгийн сүүлийн найдвар болоод байгааг Засгийн газар анхаарч 40 сая малаа эрүүлжүүлэх тал дээр анхааран ажиллах цаг нь нэгэнт болсон байна.

Olloo.mn

Д.Сугар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button