УИХ-ын гишүүн Батж.Батбаяр эрх мэдлээрээ далайлган явна
Ард иргэдээ бодсонгүй хэмээн тэрээр амныхаа зоргоор бурж гарав. Гэтэл эрхэм гишүүн өнгөрсөн сонгуулиар Баянхонгорын ард түмнийг хэмх хульхидан ноолуурыг нь намар эргэж ирээд 40 мянган төгрөгөөр авна хэмээн баруун солгойгүй PR хийж байгаад гарч ирсэн. Харин одоо болохоор мань эр энэ талаар ам ангайх нь битгий хэл Н үсэгээр эхэлсэн үг хэрэглэхээ болиод байгаа. Гал үлээж газар гишгэж байгаа нь л үнэн бусад нь худал болсон энэ эрхэм одоо нефть импортлогч компаниуд руу шүлсээ үсчүүлж хэрүүл хийж явна. Түүний сүүлийн хэдэн жил улс төрд хийж гаршсан бизнес гэвэл улс төрийн рекэт гэдгийг ангийнх нь андууд ам булаалдан ярьдаг.
Монголын ард түмний төлөө гэж нүүрэн дээрээ хуурамч баг өмссөн энэ эрхэм нийтийн эзэмшлийн зам гарцыг Ганцхан минийх хэмээн зүтгэж, хувиа борлуулж довоо шарлуулж сууна. Tүүний мэдэлд Туул кашемир, Монгол савхи, Багануурын уурхай зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүдийн хувьцааны ихэнх хувь нь байдгийн нэг нь гутлын үйлдвэр. Эрхэм гишүүн Хан-Уул дүүрэгт байрладаг Гутлын үйлдвэрийн хашаанд барилга барих нэрээр нийтийн эзэмшлийн зам талбайг хаан тухайн замаар дайран үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг зөрчих болсоор удлаа. Уг нь Нийслэлийн газрын алба хэдэн жилийн өмнө эрхэм гишүүн газар олгохдоо хайнга хандаж, нийтээр эзэмших зам талбайг түүнд давхар бэлэглэчихсэн-ээ гэнэт мэдэж, буцаах тухай яриа хөөрөө эхлүүлжээ. Гэсэн ч Гутлын үйлдвэр УИХ-ын гишүүний мэдлийнх гэдгээрээ далайлган Газрын хуулийн дагуу эзэмших гэрчилгээ авч, төлбөрийг нь төлж ирсэн учраас өгөхгүй хэмээн гүрийж, хаяа хаяагаа дэрлэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг Монлабел, Блэк Морган зэрэг арав гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг саатуулан хохироосоор байна.
Дугаар 05