Нялх амрагтай олны танил хатагтай нар

Тэд ганц охинтой бөгөөд амьдралын эрхээр хоёр тийш болсноос хойш жүжигчин бүсгүй ганц бие эмэгтэй хүний жаргал зовлонг ханатлаа үүрсэн гэдэг. Тиймдээ ч нэгэнтээ өнгөрсөн амьдралынхаа тухай олон жил ганцаардлын хэцүүг биеэрээ мэдэрч, дээр нь бусдын нууц амраг болж багагүй хугацааг хөшигний ард үдсэнээ ярьж байсан удаатай. Ийнхүү ганцаар явсан алаг нүдэн өнгөрсөн жилээс X Түц хамтлагийнхаа жүжигчин Бархүүтэй нэр холбогдох болсон бөгөөд төдөлгүй нэг гэрт орцгоосон юм. Бархүү гавьяатаас 14 насаар дүү гэдэг.

Хүүхэд байхаасаа л буудлагын спортоор хичээллэсэн Отрядын Гүндэгмаа БТДС-ийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Хар нялхаасаа л спортын амтыг мэдэрсэн гавьяат олон ч удаа эх орныхоо нэрийг дэлхийд дуурсаж, төрийн дууллаа эгшиглүүлж явсан адтай бүсгүй. Арван жилийн сургуулиа дөнгөж төгсөөд л ээж болсон гавьяатын анхны амьдрал бүтэлгүйтлээр төгссөн. Удалгүй өөрийн дасгалжуулагч болох Ч. Ундралбаттай тоонот гэрт толгой холбох болсон ч мөн л тэд хоёр тийш болсон. Нэг хэсэгтээ л олныг шуугиулсан энэ мэдээ сонины хуудас алгасахаа больсон юм. Үнэндээ Ундралбатын хардалт тэднийг мөр мөрөө хөөхөд хүргэсэн гэдэг юм билээ. 1978 оны 5-р сарын 28-нд төрсөн гавьяат маань энэ салалтаас нэг их удалгүй гавьяат тамирчин X. Цагаанбаатартай амьдрах болсоор даруй гурван жил өнгөрчээ. Үндэсний шигшээ багийн тамирчин Цагаанбаатар нь Увс нутгийн хүү. Аварга биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн тэрээр Гүндэгмаагаас зургаан нас дүү ажээ. Өнгөрсөн намар хуримаа хийхээр зэхэж байсан хосуудын зартай хурим одоогоор чимээгүй л байна.

МУГЖ, НҮБ-ын хүүхдийн сангийн элч дуучин Ариунаа, түүний нөхөр Буяа хоёрын хайр дурлал тухайн үедээ л шуугиан тариад авсан. Болгарын хөгжмийн сургуулийг дүүргэсэн дуучин бүсгүй амьдралынхаа ханиар гэр бүлтэй хүнийг сонгосон нь хэвлэлийн баатар болгож орхисон юм. Гэсэн ч хайр бүхнийг ялдаг хойно тэд удалгүй нэг гэрт орсон. Хөл хүндтэй эхнэртээ шиэ байраар сюрприз барьж ёс төртэйхэн бэр буулгаж байсан Буяа тэр үед нэг хүүтэй байсан юм. Тиймдээ дуучин хатагтай бяцхан хүүгийн ээжийг орлох гэж бишгүйд ээ тэвдэж байсан гэдэг. Түүнээс хойш өдгөө арав гаруй жил өнгөрсөн байх агаад Ариунаа гавьяат ч хүнии өөрийн хоёр хүүгийн халамжит ээж болжээ. Ямагт л Ариунаагийн нөхөр хэмээн цоллуулдаг Буяндоржийг гавьяат маань хайраа л гэж дууддаг. Тэд зургаан насны зөрүүтэй.

Загварын ертөнцөд өөрийн нэрээ тамгалж чадсан топ модель Болормаагийн хүүхэд нас 3-р хорооллын дэнж дээр өнгөрсөн. Угийн өндөр нарийхан охин байсан тэрээр сагсан бөмбөгөнд тун ч хорхойтой нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч УБИС-ийн биеийн тамирын ангид элсэн орсон ч нэг удалгүй сургуулиасаа гарсан ажээ. Энэ ч учиртай. Залуу бүсгүйн хувьд загварын ертөнц сэтгэлийг нь татсан бөгөөд энэ нь түүний ирээдүйн амжилтын эхлэл байсан юм.Тэрээр оюутан байхдаа Цолмон гэж залуутай ханилж үрийн зулай үнэрлээд авсан ч тэд нэг нэгнийхээ тал болж чадаагүй. Магадгүй загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон шинэ моделийг тойрсон шуугиан түүний дурлалт хархүүд тээртэй санагдсан ч байж мэдэх юм. Азийн топ модель болтлоо хөдөлмөрлөж чадсан энэ бүсгүй Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн школыг хүртэл бий болгож чадсан нэгэн. Түүний эдгээр амжилтыг дагаад хэл ам ч тасарсангүй. Үнэндээ түүний шинэхэн амраг хэн байх бол гэсэн сониуч таамаг их удаан олны нүд харааг хурцалж байлаа. Олон жил ганцаар явсан Болороо хатагтайн дурлалт ханхүүгээр Чех Монголын эрлийз залуу тодорч олныг шуугиулаад авсан нь саяхан. Toп моделиос долоон насаар дүү загвар өмсөгч Баярсайхан тэр хоёр хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. Гэсэн ч загварын ертөнцийн шинэхэн хосуудын дурлал тэгсхийгээд өндөрлөсөн бөгөөд энэ тухай зарим нь Баярсайхан Болормаад гар хүрснээс болсон хэмээн үнэн худал нь үл мэдэгдэх таамаг одоо ч явдаг. Болормаагийн нялх амраг Баярсайхан Америкт ажиллаж амьдрах болсноор тэдний харьцаа төгсгөл болсон.

УАДБЧ-ийн гоцлол дуучин Гэрэлмааг гэрийн сайн эзэгтэй хэмээн хамт олон нь үнэлдэг юм билээ. Гэртээ ирсэн зочдоо гарынхаа хоолоор дайлах дуртай дуучин бүсгүйн анхны хань МУГЖ Цэрэндарьзавын хүү Мандах байлаа. Найруулагч мэргэжилтэй гавьяатын хүү Дуучин бүсгүй хоёрын дурлал их л хурдан өрнөсөн ажээ. Бараг анхны харцаар л дурласан тэд танилцаад долоо хоногийн дотор л нэг гэрт орсон гэдэг юм билээ. Хоёр сайхан хүүхдийн ээж аав болсон ч мөн л амьдралын эрхээр хоёр тийш болцгоосон. Хоёр хүүхдээ нөхөртөө орхиод нуруугаа харуулан гэрээсээ гарсан дуучин бүсгүй өөрөөсөө олон насаар дүү дуучин залуугийн цайг чанаж өрхийг татах болсон юм.Тиймдээ ч түүний хувийн амьдралыг тойрсон хов жив байнга л дагалдаж ирсэн бөгөөд дуучин бүсгүй хэзээ ч үүнд тайлбар хийж байгаагүй.

Амьдралаа би чамд хайртай гэх дууг сонсогчдын сэтгэл зүрхэнд хүртэл амилуулж чадсан МУГЖ Бүрнээбаяр багаасаа дуулах дуртай хүүхэд байсан гэдэг. Наяад оны эхээр хилийн цэргийн ансамбльд дагалдан дуучнаар орж урлагийн замд орсон нэгэн. Урлагийн бас цэргийн чанга хатуу дэг жаягийг тэсэн гарна гэдэг эмэгтэй хүнд амаргүй даваа. Жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг үл анзааран зүтгэсэн зүтгэл түүнийг МУГЖ болгосон гэдэг. Гурван хүүхдийн ээж гавьяат маань хоёр дахь удаа амьдрал зохиохдоо өөрөөсөө 20 нас дүү залууг сонгосон нь бас л олны хәл амны бай болж байсан юм. Бүр хүүхдүүд нь хүртэл нүд нь орой дээрээ гарах шахаж байсан гэдэг. Олон саад бэрхшээлийг туулан нэг гэрт орсон тэд найман жил шахам хамтдаа амьдарсан. Бор дарсанд хэт дурлах болсон нөхрөө залуу хүн өөрийнхөөрөө амьдарч үзэг хэмээн бодоод тусдаа амьдарч байгаагаа ярьж байсан удаатай.

X Түц хамтлагийн царайлаг бүсгүй Нарансолонгыг Харьд одсон бүсгүйн заяа киногоор нь олон хүн мэддэг. Хошин урлагийн тайзнаа чамлахааргүй олон жил болж байгаа жүжигчин бүсгүй нэг охинтой. Анхны амьдрал нь бүтэлгүйтэн салсан тэрээр бас л ганц бие бүсгүйн жаргал зовлонг өөрийн биеэр мэдэрсэн билээ. Өнгөрсөн жилээс хамтлагийнхаа жүжигчин Тэмүүжинтэй нэр холбогдох болсон тэдний дурлал бас л насны зөрүүтэй. Boom town хамтлагийн бүжигчин Тэмкаг хүмүүс үндэсний TҮ-гээр гарсан Сарны нулимс олон ангит киноны Батука гэхээр андахгүй ээ. Тэд одоогоор нэг гэрт ороогүй бөгөөд Нарансолонго охинд нь сайн аав болно гэхэд эргэлзэж байгаа гэнэ лээ.

Дугаар 03, 04 /293, 294/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button