Харанга-ын Х.Лхагвасүрэнгийн аав Хатанбаатар Хөл муутай хөгшин хүн чинь хүүгээ эргэж тойрч чадахгүй юм

мэдэрч буй хүмүүс олон байгаа байх аа. Ямартаа ч хууль нь гууль мэт болсон энэ цагийн Монголын нийгэм ховорхон заяах чадалтай дуучин Харанга-ын Лхагваад цээрлэл үзүүлж, тэр зэмээ эдэлж суугаа. Бид түүний аав Ард түмний гавъяат Хатанбаатар гуайтай уулзаж яриа дэлгэсэн юм. Хатанбаатар гуай бага залуугаасаа урлагт зүтгэсэн. Андууд хамтлагаараа Монголын урлагт өнгө чимэг нэмж явсан эрхэм билээ. Хэдийгээр тэрээр Х.Лхагвасүрэнгээ багад нь ээжээс нь салсан ч, хожим нь хүүгээ гараас нь хөтлөн урлагийн замд хөл тавилцсан эцэг хүн юмаа.

-Андууд хамтлагийн Хатанбаатар гэхээр хүмүүс таныг андахгүй. Та ер нь хэдийнээс урлагтай зам мөрөө холбосон хүн бэ?

-Ах нь Төмөр замын техникумд байхдаа тэндээ дуулдаг, нарийн бүрээ үлээдэг байлаа. Тэгээд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орж байлаа. Харин БХЯ-нд очоод л Андууд хамтлаг маань байгуулагдсан юм. Тэнд Баатар, Энхтүвшин бид гурав тоглодог байсан. Одоо манай Андууд хамтлаг 30 жил болж байна. Сая ах нь Андууд хамтлагийн дарга байсан Дашжаргал хурандаатайгаа таараад Андууд-аараа нэг тоглолт хийвэл яасан юм гэсэн чинь Тэгнэ ээ л гэж байна лээ шүү. Ах нь Ард түмний гавьяат авлаа. Тийм болохоор одоо нэг харуулаад тоглолт хийчихвэл зүгээр юм л гэж бодоод байна. Ямар ч байсан Баатар, Энхтүвшин эд нартайгаа ярьж байж л тоглохгүй бол, би яаж ганцаараа тоглохов. Уул нь бүгдээрээ нийлж байгаад Андууд хамтлаг ингэж гоё тоглож байсан юм шүү гэдгийг үзүүлмээр байна. Циркийн даргаар Дорж байхдаа Хатанбаатар аа чи намайг байгаа дээр Баатар та хоёр тоглолтоо хий л дээ л гээд байсан. Харин манай Баатар ер надтай уулзахгүй юм.

-Ард түмний гавьяат цолыг авсан хэдий ч Төр засгаас гавьяатыг нь авах ёстой хүний нэгийг таныг гэдэг. Та чинь одоо энэ Чапи эд нарын тоглоод байгаа элэглэлийг олонд хүргэсэн хүн шүү дээ?

-Ард түмний гавьяат цол маань дагалдаж өгдөг шагнал байдаггүй. Уг нь Ард түмний гавьяат хэдхэн л хүн бий. Энэ хэдхэн хүндээ гавьяатын жилд өгдөг урамшуулалтай нь болгочихвол. Одоо тэгээд бидний хэдэн 60, 70 хүрч байгаа улсууд чинь хичнээн ч жил явах вэ дээ. Манай хөгшин Одгэрэл, Саранцэцэг эд нарт хэлсэн чинь Энэ талаар хөөцөлдөж байгаа ч бүтэхгүй л байна гэсэн байна лээ. Би уржнан Алтан гадас авахдаа ТВ-9-өөр тоглолтонд ороод вагоны хаалган дээр Ээждээ-гээ дуулсан. Тийм сайхан тоглолтонд ороход гоё л юм байна лээ. Ер нь манай Баатар бол илбээ, би дуурайж элэглэж дуулахаа хариуцаад явдаг, Энхтүвшин Латифыг дуурайдаг байсан. Би Түмэндэмбэрэл гуайг, Хайдав гуайгаа, Зангад гуайгаа бүгдийг нь л дуурайна. 18 аймагаа тойрч тоглодог байсан. Хүмүүс ч сайхан хүлээж авна. Ямартаа л нэг авгай миний дуулахыг сонсчихоод Хөөх, Түмэндэмбэрэл гуайтай ямар аймаар адилхан дуулдаг юм бэ гэж дуу алдаж байсан. За тэгээд Хайдав, Зангад, Оросоо, Тунгалагтай яг адилхан дуулна л даа. Янжиндулам,Төмөрбаатар энэ тэрийг дуурайна шүү дээ. Янжиндулам манайхаар ирдэг байсан. Тэгээд л Хатанбаатар ахаа дуу хулгай хийхээ болиорой гэнэ. Бас Хатанбаатар ах шигээ ч би дуулж чадаагүй дээ гэдэг байсан шүү. Одоо тэгээд сайхан залуучууд дуурайж л байна. Гэхдээ бас санаанд хүрэхгүй ээ. Чапи уг нь дуурайхыг оролдож байна. Гэхдээ нэг л үнэнч биш. Одоо манай Булган бас хүн дуурайдаг дуулдаг. Гайгүй дуулдаг. Гэхдээ жаахан засах юм байна. Таарвал нэг зөвлөх юмсан гэж бодоод байгаа шүү. Нэг удаа Чапи таарсан. Тэгсэн нөгөөдөх чинь яг тоглолт эхлэх гэж байхад Надаас айгаад. Өө за Хатанбаатар гуай ирчихэж би явлаа гээд тоглолтоо тэрчигт нь хаяад явсан байсан. Ийм том хүнтэй би тоглоод яахав гээд явчихсан байсан.

-Таны хүү Х.Лхагвасүрэн ард түмний хайртай дуучин. Харамсалтай нь өнөөдөр ял эдлээд сууж байна. Хүүг тань хар тамхины хэрэгт буруутган ял оноосон. Мэдээж эцэг л хүн юм чинь нулимсаа нуугаад л суугаа байлгүй?

-Хар тамхинаас л болсон л доо. Гэхдээ миний хүүд арай хатуу ял өглөө гэж боддог. Тэр байтугай хүн алчихсан хүн хүртэл зүгээр бараг гарч байхад хүүд минь ийм олон жилийн ял оноосонд гайхдаг. Хүний аминд хүрээгүй. Хулгай хийгээгүй шүү дээ. Тийм байхад арай хэтэрхий л яллачихлаа. Ер нь бол суллах байхаа л гэж боддог. Харанга-ынхан маань үүний төлөө явах байх гэдэгт найдаж байгаа. Чулуунбат Бид Лхагваадаа тусалж байна аа л гэж байсан Тэгээд намайг Та одоо хөл гар муу хүн тийшээ гүйгээд яахав. Бид нар болгоноо. Та хөл гараа л эмчлүүлж бай санаа зоволтгүй гэсэн.

-Уучлаарай. Таныг хүүгээ зургаан настай байхад нь хаяад явсан гэж ярьдаг байсан?

-Хүү маань нэг ирчихээд Таны буруу биш гэдгийг ойлгосон шүү гэж байсан. Лхагвасүрэнгийн дор хоёр хүү байгаа шүү дээ. Тэгж нэг ирэхдээ хоёр дүүгээ дагуулаад ирсэн. Би бугуйн дахь цагаа тайлж отгон хүүдээ өгөөд үнсээд явуулж байсан. Ах нь боддог юм. Над дээр байнга ирэх нь юу юм. Ядаж хүүхдүүд минь цагаан сараар ирээд золгодог байгаасай гэж боддог. Анх Лхагвасүрэн маань сонин хэвлэлд Манай аав намайг 6-тайд дүү нарыг бүр багад хаяад явсан гэж ярьсан байсан л даа. Харин сүүлдээ үнэнийг ойлгосон байсан. Сүүлд хоёр дүүтэйгээ ирчихээд дэргэд нь хэлж байсан. Би анх аавын буруу юм гэж боддог байсан. Аавын буруу биш юм байна лээ дээ гэж хэлээд намайг үнсэж байсан, хүү минь. Тэгээд хөөрхий Одоо цагаан сараар аав дээрээ ирж байна аа гэж байсан. Тэгсэн энэ асуудалд ороод шинэ жилээр орчихсон доо.

-Хүү тань багадаа ямар хүүхэд байсан бэ. Мэдээж урлаг руу татагдсаныг нь бодохоор таны юм байсан байх?

-Багадаа их л хөөрхөн дуулдаг хүү байсан. Би Лхагваагаа өөрөө хөгжимд оруулсан хүн шүү дээ. Ээж нь Лхагвааг над дээр дагуулж ирээд Энэ чинь тэнээд байна аа. Ямар нэгэн ажилд оруулдаг юм уу. Чи нэг болгоодох гэж ирсэн. Би тэгээд Улаан Хуарангийн Цэргийн ангийн хөгжимд өөрөө аваачиж оруулж байсан юм. Урлагт хөл тавьсан замнал нь тэндээс эхэлсэн. Би Лхагвааг дагуулж очоод Чулуунбат, Энхманлай хоёрт хэлсэн л дээ. За манай хүүхэд ирлээ. Дуулна шүү гээд захиж хэлж байсан. Одоо би Лхагвааг асуух гээд хоёр дүү рүү нь ярих гэхээр утсаа авахгүй юм. Манай Лхагваа чинь надаар овоглодог. Харин хоёр бага хүү ээжээрээ овоглодог юм. Би чинь хүүхдүүдээ зүгээр хаячихсан хүн биш шүү дээ. Дуурайхын хувьд бол за ер нь аавыгаа л дуурайсан байх. Алиа хошин шог яриа нь хүртэл намайг дуурайсан юм билээ. Би чинь гэнэт дүрсхийгээд л эргэж харахын хооронд зүгээр болчихдог хүн. Айлын том хүүхэд болохоор эцгийнхээ генийг дуурайсан байх аа.

-Та хүүгээ эргэж тойрч чадаж байх юм уу?

-Уулзаж, эргэж чадаагүй байна. Чулуунбатад Намайг аваад яваач. Би хүү дээрээ очъё гэсэн чинь Таны бие муу байгаа юм чинь. Одоохондро яах вэ дээ гэсэн. Тэгээд л байж байна даа. Хөгшрөөд хөл гар муудчихаар санаснаараа орж, гарч чадахгүй л ядраад байх юм даа. Хүүг минь сургамж болгож байна гээд арай л хатуу яллачихсан. Одсүрэн зурагтаар Лхагваагийн өрөөсөн нүд нь харахаа байчихлаа гэж ярьж байна лээ. Ах нь дэмий л нулимс унагаж сууна.

– Нэг нүд нь ер харахаа больсон тухай өөрөө ярьсан байсан. Цэрэгт байхдаа л гэмтэл авч байсан юм аа даа?

-Ах нь тэр гэмтлийг нь яг юу болсныг сайн мэдэхгүй юм аа. Хажуудаа байгаа хүнийг ч нэг нүд нь харахгүй байна гэж хамтлагийнх нь найзууд ярьж байна лээ. Ямар ч байсан ах нь хөгшинтэйгээ хамт 3 cap гаргаад тийшээ очно. Цагаан cap дөнгөж өнгөрөөгөөд очно оо. Ах нь бас өмнө нь Хөх хотод тоглолт хийж байгаад унаад хөлөө гэмтээчихсэн хүн. Өмнөх эхнэр маань ч нэг их санаа тавихгүй байж байгаад шохойдуулж ч чадаагүй муруйгаад эдгэчихсэн. Одоо явж суухад амаргүй л дээ. Тийм болоод санаа байвч сачий хүрэхгүй, хүйтэн нойтонд гарч чадахгүй байх юм. Ганцаараа бол гадуур явахдаа муу. Өвчин намдаах эм ууна.

-Та ер нь хүүхдүүдийнхээ ээжээс яагаад салсан юм бэ. Магадгүй урлагийн тэгээд залуу хүмүүст асуудал цөөнгүй л байсан байх?

-Өө болж бүтээгүй л хоёр тийшээ болсон амьдрал шүү дээ. Хүү нар маань аавдаа гомдох учиргүй л юм. Гэхдээ яахав ээ. Хүү маань аав минь миний төлөө яалаа, яаж урлагтай холбож өглөө Харанга-д би яаж яваад орсон билээ гээд энэ өвгөнийг бодох л хэрэгтэй шүү дээ.

-Ингэхэд хүүгийнхээ дуунуудаас алинд нь амь бэ?

-Хүүгийнхээ дуунуудад дуртай. Толин хул-ыг сонсох их сайхан байдаг юм.

-Cap шиг хол нутаг-ийг дуулсаар байгаад болохгүй газар орчихлоо ч гэх юм хүмүүс. Ер нь л өдий хүртэл амьдрал нь тогтож өгдөггүй?

-Сүүлд Түвд бүсгүйтэй нийлэх гэж байсан юм шүү дээ. Хол нутгийн хүнтэй нийлсэн болохоор л тэгж дуулсан байхдаа. Ямар сайндаа Миний аав 3 дахь ханьтайгаа тогтсон юм. Би гурав дахь ханьтайгаа тогтоно гэж надад ирээд ярьж байсан юм. Ээж нь ч гэсэн нэг сонин дээр Дөч хүрч байгаа хүүгийн минь амьдрал нэг л тогтохгүй байна гэж хэлсэн байсан. Амьдралд салж нийлэх юм байлгүй л яахав. Би Лхагвасүрэнгийн ээжээс салаад нэг хүнтэй нийлсэн. Болоогүй хоёр тийш болсон. Харин энэ гэр бүлийнхээ хүнтэй буянаар таарсан гэж дотроо бодож явдаг юм.

-Урлагийн хүн сайн ханьтай, ар талтай байх нь хамгийн чухал. Нээрээ ч таныг хэдэн ч удаа амьдрал зохиосныг мэдэх юм. Харин явж явж сайн хүнтэй таарсан юмаа даа?

-Алдаж онохгүй амьдрал гэж байхгүй. Би насны эцэст сайн ханьтай таарсан хүн. Миний хань намайг өдий зэрэгтэй авч яваа. Бид амьдраад 10 жил болж байна даа. Миний хань чинь 9 сартайдаа Монгол айлд өргөгдсөн Монгол болчихсон хүн. Манай хүн дуулдаг байсан. Өвөрхангайн театрт ч дуучнаар байсан хүн байгаа юм. Радиогийн алтан фондод манай хүний дуунууд байдаг юм. Надтай нийлсэн хойно Ганбаатар бид хэдийг дагаад хүртэл дуулаад явдаг байлаа. Манай хүн чинь их гоё дуулдаг. Дэнжийн ногоо, Монгол морь гээд л хатуу хатуу дуу дуулна. Ямар сайндаа Баатар манай хүн бид хэд Батсүмбэрийн асрамжийн газар очиж тоглолт хийгээд дуулсан чинь, тэндхийн хөгшчүүл Орос хүн байж Монгол дууг яасан гоё дуулдаг юм гэж байсан. Тэнд байсан хөгшчүүлийг бүгдийг нь уйлуулчихсан даа.

-Та энэ ханьтайгаа нийлэхээсээ өмнө их л ядарч явжээ дээ?

-Өө ах нь ядарч явсан. Авгай минь намайг хаяад хүн дагаад явчихсан. Би жүжигчин Баатарцогтын хамт кино үйлдвэрийн тэнд зуны байшин хөлсөлж амьдарч байсан. 1 өрөө байрыг өмнөх авгай маань хүнд түрээслүүлчихээд яваад өгсөн байсан л даа.

-Та бас өөрөө дуу бичдэг шүү дээ. Одоо ер нь хэчнээн болж байна?

-Ах нь одоо бие муу болчихоор гадагшаа дотогшоо яваад улс амьтантай уулзаад хөөцөлдөөд яваад байж чадахгүй юм. Одоо Cap шинийн баяр гэж дуу зохиочихоод, хүнд өгчих гээд л байж байна. Ах нь хөгжмийг нь бичсэн 20-иод дуу байна аа. Би ханьдаа зориулж Буянаар учирсан амраг гэж дуу бичсэн. Тэр дууг маань

Цэргийн ансамблын дуучин Батсүх дуулъя гэж байгаа. Сургуульдаа гэж дууг дуучин Өлзий-Орших дуулна аа гэж байгаа. Сая тоглолт нь болсон шүү дээ. Тэгээд Хатанбаатар ахаа та надад эртхэн өгөхгүй. Яасан орой авчирч өгдөг юм бэ. Дуулна аа гэж байна лээ. Одоо бие тэнхээ гайгүй дээ. Ах нь харвасан шүү дээ. Гэхдээ одоо гайгүй. Энэ ханийнхаа ачаар л явж байна шүү дээ. Дутах гачигдах юм алга. Болж өгвөл энэ 20-н дуугаа олонд хүргэчих юмсан. Болдог бол Улсын гавьяатыг нь авчих юмсан гэж боддог л доо. Болормаа даргыг хотын захиргаанд байхад бүх материалаа бүрдүүлж өгсөн. Тэгсэн чинь Болормаа дарга Алтан гадас өгөөд Дараа би таньд өөр шагнал өгнө өө гэж байсан юм.

-Нээрээ танай хөгшин та хоёр ахмадын холбооны Баасантай нэгдэж нийлсэн яваа харагдсан шүү?

-Тийм бид чинь Ардчилсан намынх шүү дээ. Баасангийн ахмадын холбоонд бүртгэлтэй. Манай хүн бүр 90 онд их сургуульд ажиллаж байхдаа С.Зориг, Р.Гончигдорж эднийг дагаад Ардчилсан намд орж байсан юм байна лээ. Тэгээд намайг Ардчилсан намд оруулчихсан юм.

Э.БОЛОРХАЖИД

ДУГААР 05

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button