Жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат Түвшинбаярт шагнал амласан газрууд шагналаа өгөхгүй, утсаа салгаад ярихгүй байгаа

олимпид багаараа 5-р байр эзэлсэн тус холбооныхонд ярих зүйл их байсан юм.

-Олимпийн аварга Түвшинбаяр Америкт мэс засал хийлгээд ирсэн. Холбооныхон нь уулзаж мжсан уу?

-Тэгэлгүй яахав. Хагалгаа нь амжилттай сайн болсон. Баруун өвдөгний ар талын зөөлөн эд буюу шөрмөс тасарсан. Гурван шулуун шөрмөс байдаг тэрний хоёр нь тасраад, нэг нь сэмэрсэн байсан юм. Тэгээд зөөлөн эд нь хоорондоо хавиралдаад яс нь идээлээд хүндрэх шатандаа орчихсон. Анхнаасаа дурангийн хагалгаа хийлгэх ёстой байсан боловч нэлээн хүнд болох шинжтэй болохоор нь шууд хагалгаанд орж 10 гаруй см-ийн хагалгаа хийж, шөрмөс холбосон байгаа. Энэ бэртлийг 2006 оны намар авсан. Тэрнээс хойш ойр ойрхон тордох маягийн эмчилгээ хийлгэж, барилдахдаа өвдгөндөө хамгаалалттай бэлтгэл хийдэг байсан юм. Тэр нь явцын дунд хүндэрч эмч хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн ч олимп хүртэл тэсэхээр шийдсэн. Хагалгаанд орох юм бол дор хаяж 6 cap уралдаан тэмцээнд орохгүй. Тэгэхээр олимпод ордгоороо ороод азаа туршиж үзье гэсэн. Энэ нь тамирчин хүнд маш эрсдэлтэй шийдвэр байсан ч дараа нь зөв шийдвэр байсныг бид харсан шүү дээ.

-Ийм хүнд бэртэлтэй хэрнээ олимпийн аварга болно гэдэг бахархмаар юм. Яаж хөлөө хөндөлгүйгээр барилдсан юм бол гэдэг сонин юм?

-Бэртлийн хувьд эмч нар хүртэл гайхсан. Эхлээд үзчихээд энэ хүн яаж явж байсан юм бэ гэж асуухаар нь манай сургалт хариуцсан захирал доктор Пагва наад хүн чинь барилддаг хүн шүү дээ гэсэн чинь юун барилдах, ийм бэртэлтэй хүн явж ч чадахгүй гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь барилдаад олимпийн аварга болсон хүн шүү дээ гэсэн чинь Америкийн эмч нар бүгд ангайсан гэж байгаа. Олимпийн барилдааны бичлэгийг нь дахин харах юм бол баруун хөлөө үргэлж хойш нь тавьсан байгаа. Өөрийнхөө хөдөлгөөнийг хязгаарласан тактикийг сонгож барилдсан. Үндсэндээ нэг хәл дээрээ барилдсан гэж болно. Бас мөр нь тодорхой хэмжээний бэртэлтэй байсан. Ямар ч үед бууж өгөлгүй барилдана гэсэн сэтгэлийн хүчээр ялсан. Их спорт гэдэг хүний бие махбодыг эрэмдэг болгодог эд.

-Хагалгаанд ороход нь тэнд амьдардаг монголчууд тусалсан тухай яригдаж байсан. Олимпийн аваргаа хагалгаа хийлгэх зардалгүй явсан гэхэд үнэмшмээргүй санагдаад?

– Өргөмжилт консулаар дамжуулж Америк эмч нартай холбогдож, хагалгаа эмчилгээ хийлгэсэн байгаа. Тэд бүгд л Монголын олимпийн аваргыг дэмжье гэсэн сэтгэлтэйгээр тусалсан. Мөн тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань хүртэл тусалсан. Гэртээ байлгах ч юмуу, нэг өдөр хоолонд оруулах зэргээр тус болж байсан. Танай сониноор дамжуулаад тэр хүмүүст талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Аварга болсны дараа маш их шагнал урамшуулал авсан гэж хүмүүс ойлгож байгаа. Гэвч амласан болгон нь шагналаа өгөхгүй байгаа. Түвшинбаяр маань олимпийн аварга болсон тулдаа хагалгаа нь үнэгүй хийгдлээ. Түүнээс биш 300- аад мянган долларын зардал гаргана гэдэг амар биш. Өнөөгийн нөхцөлд 300 мянган доллар гэдэг том мөнгө шүү дээ. Би Түвшинбаярт чи олимпийн аварга болоогүй бол нэг хөлгүй тахир дутуу тамирчин үлдэх байлаа гэж хэлсэн. Үнэхээр аварга болсон тулдаа азтай, дахиж барилдах 100 хувийн баталгааг нь гаргаж өгсөн. Үеийн үеийн тамирчдаас таяг тулаад хоцорсон,тахир дутуу болоод үлдсэн хүн ч байгаа.

-Ямар ямар газрууд амласнаа өгөхгүй байгаа вэ?

-Тэрийг хэлээд хэрэггүй биз дээ. Аварга хүн өөрөө мөнгө гуйгаад явах нь ичгүүртэй, ёс зүйд нийцэхгүй. Тиймээс Холбооны зүгээс өдөр болгон шагнал урамшууллыг нь хөөцөлдөж байгаа. Зарим газар эргэж ярина гэчихээд утсаа салгаад ярихгүй байна. Миний хувьд өгнө гэсэн бол өгсөн шиг өгөх ёстой гэж бодож байна. Ам алдвал барьж болдоггүй гэж үг байдаг. Хүнд худлаа хэлэх хэцүү баймаар юм. Олон нийтийн телевизээр сэтгэл хөдөлгөсөн том том юм амлаж байсан. Хэрвээ тэр хүмүүс энэ ярилцлагыг уншвал холбогдоорой. Зарим нь цаг хугацаа нь тулаад ч юмуу хоорондоо холбогдоогүй хүмүүс байгаа байх л даа, тэрийг үгүйсгэхгүй. Жудо бөхийн холбоо руу хандаарай, арга хэмжээ зохион байгуулж нэр төртэйгээр аваргадаа шагнал урамшууллыг нь өгье, бид бэлэн байна.

-Хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ, рашаан усанд явах уу?

-Аав ээж нь хөдөөнөөс ирээд гэрийнхэнтэйгээ цуг байгаа. Цагаан сараа нутгийнхаа ард түмэн, ойр дотныхоо хүмүүстэй өнгөрөөнө. Дараа нь АНУ руу нөхөн сэргээх эмчилгээнд явна. Нөхөн сэргээх эмчилгээ дасгалаар болон биеийн бодисын солилцоог сайжруулах, мөн хүний биед хэрэгтэй витаминжуулалт, уураг гэх мэт эмчийн нарийн хяналтан дор 45 хоног эмчилгээ хийлгэх юм. Дараа нь аажмаар жудогийн бэлтгэлдээ орно гэсэн үг.

-Олимпийн медальтнуудаар нэр төр олох гэсэн хүмүүс олон байсан. Энэ нь багш дасгалжуулагчид, ойр тойрныхонд нь таалагдахгүй байх шиг

-Хүмүүс янз янзаар хүлээж авсан. Зарим нь сайхан хүлээж авсан, зарим нь энэ дээр нь ашиглаад өөрсдийнхөө нэр төрийг баталгаажуулж авъя гэсэн бодлоор уулзсан л даа. Гэхдээ монголын ард түмний дийлэнх нь сайхан бодлоор хүлээж авсан гэж бодож байна. Хүн болгоны сэтгэл дотор нэг гал байдаг. Тэрийг асааж , аз жаргалыг хүмүүст аваачиж бэлэглэсэн. Үүнийг Түвшинбаяр, Монголын жудо бөхийн холбоо хийж чадсан. Мөн хамтарч ажилладаг олон байгууллага байна. БТСУХ,Олимпийн хороо, ивээн тэтгэсэн маш олон хүн байна. Хүн болгон бие биетэйгээ холбоотой шүү дээ. Тэр тусмаа спортын хүмүүс.

-Х.Баттулга ерөнхийлөгч тамирчдад массаж хүртэл хийж өгдөг байсан

-Саяхан Жудо бөхийн холбоо тайлан хурлаа хийсэн. Энэ хурлын талаар яриагаа үргэлжлүүлье?

-Өнгөрөгч сарын 24-нд болсон тайлан хуралдааны нээлтэндээ хэвлэл мэдээллийнхэн, бусад спортын төрөл болон жудо бөх сонирхогчид, багш дасгалжуулагч, тамирчид, ивээн тэтгэгчдийг оролцуулсан. Энэ хуралд 2007-2008 оны ерөнхий тайланг тавьж, алдаа дутагдал, ололт амжилтаа ярилцсан байгаа. Хурлаас харж байхад бидэнд ололт, амжилттай зүйл их байна. Тиймээс жудо бөхийг хөгжлийн дахиад шинэ тавцанд гаргаж ирье гэсэн төлөвлөгөө боловсруулж байлаа. Өөрөөр хэлбэл бүтэцдээ өөрчлөлт оруулж хөдөө орон нутаг руу илүү анхаарч, хөдөө орон нутагтаа удирдлагын харилцааны хариуцлагатай тогтолцоог бий болгох юм бол цаашаа хөгжих боломж байна. Жишээлбэл Аймаг болгон жудо бөхийн өөрийн гэсэн ерөнхийлөгчтэй, өөрийн клубтэй, клуб дээрээ ажилладаг багш дасгалжуулагчтай байвал хүчтэй том холбоо болно гэж бодож байгаа. Ингэснээрээ одоогийн тогтолцооноос илүү хүчтэй, илүү далайцтай ажил хийх боломж нээгдэж байна. Үүнийг дэмжиж байгаа олон аймаг, бизнесмен, улс төрч, ивээн тэтгэгч нар байгаа. Улс төрч, бизнесменүүд хүртэл Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч болъё гэж саналаа ирүүлж байгаа.

-Холбооны дотоод үйл ажиллагааг дүгнэж мэдэхгүй ч олимпийн анхны аварга төрсен нь та бүхний ажил сайн байсны бэлээхэн гэрч гэж бодож байна?

-Бидний гол амжилт яах аргагүй Бээжингийн олимп байлаа. Өөрөөр хэлбэл бүх бодлого төлөвлөгөө маань энэ олимпийн амжилт дээр тулгуурласан үе шаттай нарийвчилсан төлөвлөгөө байлаа. Европ тивийн нээлттэй тэмцээнээр манай эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа мөнгөн медаль, Дэлхийн цомын том том тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль нэлээн олныг авсан. Мөн Азийн аварга, Азийн тоглолтоос олон медаль авсан байгаа. Орчин үед олимпод медаль авахаас гадна тэнд оролцоно гэдэг нэр хүндийн асуудал болсон байгаа. Олимпод оролцож чадаагүй олон орон байгаа. Гэтэл зөвхөн жудо бөхөөр 11 хүн оролцох эрх авна гэдэг дэлхийн хэмжээнд том амжилт. Бидний урд Япон, Солонгосын баг бүтэн жинд, Гүрж, Оросын багууд 13 хүнтэй орсон байгаа. Олимпийн нийт дүнгээр жудо бөхийн төрөлд багаараа 5-р байранд орсон. Энэ бол монголын түүхэнд байгаагүй амжилт. Хамгийн гол нь энэ амжилтыг байгуулахын тулд зөвхөн тамирчин, багшийн биш, хүн болгоны хүчин чармайлт орсон гэдгийг тайлангийн хурлаар хэлсэн байгаа.

-Тэгвэл алдаа дутагдал нь юу байсан бол?

-Жудогийн биш улсууд тодорхой хэмжээгээр бодлогод оролцдог. Биеийн тамир спортын улсын хороо гэж нэг байгууллага байгаа. Жудо бөхийн гол ивээн тэтгэгч энэ байгууллагын санхүүжилтыг улсаас бүрэн дааж гаргадаг. Гэхдээ жудог мэдэхгүй дарга нарт тайлбар тавихад урдаас дүрэм журам яриад хэцүү байдаг. Жудо бөхийн холбооны хувьд багш, дасгалжуулагч, холбооны ерөнхийлөгч, удирдах гишүүд бүгдээрээ , татами дээр байсан хүмүүс. Тиймээс жудог мэддэггүй хүмүүс удирдахаар хүндрэл учраад явчихдаг. Энэ хүндрэлийг үгүй болгохын тулд тэд нарт жудог мэддэг болгох, таниулах хэрэгтэй. Зарим удирдлагууд ойлгож сайхнаар хүлээж авсан л даа. Тэр тусмаа Үндэсний шигшээ багийн захирал Энхбаатар багш. Үндэсний шигшээ багийг ахалж байсан тэр хүний ач гавьяаг хэлэх хэрэгтэй.

-Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг холбооны сайн, муу бүхий л ажлыг үурдэг. Тэр утгаараа сайшаал магтаал, алдаа шүүмж нь ч тэр хүн дээр буудаг байх?

-2006 оны 9 сард болсон ээлжит хурлаар УИХ-ын гишүүн Баттулга холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгээд надаас энэ ажлыг хийж чадах уу, Олимпийн аваргыг төрүүлж чадна биз дээ. Хэрвээ чадахгүй бол шууд ажлаа өгнө шүү гэсэн. Ажилд шинээр орж байсан учраас шууд зөвшөөрсөн. Холбооны ерөнхийлөгчдөө ингэж ажиллавал зүгээр юм байна гэж дүгнэлт төлөвлөгөөгөө үзүүлэхэд надад тэр боломжийг нь өгч Чи юу хүссэнээ хий, гэхдээ буруу юм битгий хийгээрэй гэсэн. Одоо эргээд харж байхад холбооны ерөнхийлөгч асар их итгэл өгсөн байна. Дүгнэлтээ гаргаад, төлөвлөгөөгөө Болдбаатар багш бид хоёр нэлээн хэд хоног сууж гаргасан. Гаргасны дараа төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж нэлээн сандарсан. Хоёр жилийн хугацаанд олимпийн аварга төрүүлнэ, олимпоос медаль авна гэж яриад ажил болгоно гэдэг амар зүйл биш. Зарим үед уралдаан тэмцээний зардал мөнгөнөөс авахуулаад хүндрэлүүд их байсан. Гэсэн ч бид монголд анх удаа олимпийн аварга төрүүлж чадсан.

-Холбооны ерөнхийлөгчөөр жудогийн спортын жаргал зовлонг мэддэг, дээр нь мөнгөтэй хүн ажилладаг нь ажилд тус дөхөмтэй байдаг болов уу?

-Холбооны ерөнхийлөгч гэдэг бол олон улсын статусаар ч тэр Монгол улсыг төлөөлж байгаа хүн. Зөв цагтаа энэ хүн холбоонд ирсэн гэж бодож байгаа. Энэ хүн өөрөө гавьяат тамирчин, дэлхийн аварга байсан. Спортод зөв үед нь зөв хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байдаг. Спорт гэдэг тэр чигээрээ зарлага шүү дээ. Түүнээс гадна ерөнхийлөгч маань олимпийн бэлтгэлийн үеэр хуруу хумсаа хугалаад, бүх тамирчидтайгаа бэлтгэл хийн тулж ажилладаг, массаж хүртэл хийж өгдөг байсан. Гадны жудогийн холбооны том албан тушаалтнууд ирчихээд Танай монголын ерөнхийлөгч ямар сонин хүн бэ, тамирчдадаа массаж хийгээд явж байх юм гээд гайхаж байсан. Баттулга ерөнхийлөгч энгийн харьцаатай хүн л дээ. Цаг зав багатай учраас уулзаж байгаа цаг мөч болгон үнэтэй. Өөрөөр хэлбэл тэр хүний зөвлөгөө, хэлж байгаа үүрэг даалгаврыг бичиж аваад хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Яагаад гэвэл нэг талдаа зөөлөн боловч хатуу хүн. Ялангуяа ажил үүргийн хуваарь дээр цаг хугацааг бүх юмаар хэмжинэ. Биелүүлсэн тохиолдолд дараагийн даалгавар өгдөг. Тэр даалгавар болгоныг хийгээд явахаар урамтай байдаг. Тэр хүнийг нэг удаа ч гэсэн инээлгэх юмсан гэж боддог.

-Олимпод Цагаанбаатар, Нямхүү нарын гавьяат тамирчид юм дуулгана гэж бодож тааварлаж байснаас Түвшинбаярын хувьд битүү морь байсан гэхэд болно. Гавьяат тамирчид медальд хүрээгүйн шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

-Түвшинбаярын хувьд бусад тамирчидтай харьцуулах юм бол сайн оноотой явж байсан. Дэлхийн рейтинг буюу чансаагаар жагсаахад Түвшинбаяр эхний аравт багтаж байсан. Хамгийн рейтинг өндөртэй нь Эрдэнэт-Од зургаад, Цэрэнханд, Нямхүү, Цагаанбаатар гээд эхний 16-д орсон тамирчин нэлээн хэд байсан. Түвшинбаяр дэлхийн супер цомоос мөнгөн медаль, өмнөх жил нь хоёр ч хүрэл медаль аваад дажгүй амжилт үзүүлсэн. Гэхдээ олимпод түрүүлэх хэмжээнд хүрэхийн тулд судалгаа, барилдааны тактик, багш дасгалжуулагчийн сургалт зөвлөгөө гээд нэлээн олон зүйл нөлөөлнө шүү дээ. Дээр нь хувь хүний хариуцлага юун дээр хянах уу, юун дээр нөөх вэ, ямар үед барилдаанаа хийх вэ гэдэг дээр Түвшинбаяр хосгүй тамирчин. Тэр тусмаа нэг хөл бэртэлтэй барилдаад олимпийн аварга болно гэдэг.

Цагаанбаатарын хувьд олимпийн хүрэл медальтай агуу тамирчин. Нямхүү азийн тоглолт, дэлхийн цомоос медаль авч байсан бас л сайн тамирчин. Харьцуулахад тэр хоёр аль аль нь алдаа гаргасан. Цагаанбаатарын хувьд жин их хассан, дээр нь хавиргандаа бэртэлтэй байсан. Бэртэлтэй тамирчин тэмцээнд орно гэдэг бол ялах магадлал бага гэсэн үг. Харин ч Цагаанбаатар жингээ хасаад орсон нь том амжилт гэж үзэж байна. Нямхүүгийн хувьд асар хэцүү давааг давж ирсэн. Өвдөгний бэртэлтэй, мөр нь мултардаг. Тийм бэртэлтэй байж татами дээр гарч ирээд сайн барилдаж 5-р байранд орсон. Энэ бол хосгүй амжилт. Яагаад гэвэл тэр хүн өөрөө өөрийгөө ялж чадсан. Олимпод шилдэг 32 эрэгтэй тамирчин барилдсан. Тэр 32-т жагсаад дээшээ 5-р байранд орно гэдэг бол жудо бөхийн хувьд том амжилт шүү дээ. Манайд тамирчдын амжилтыг голцуу медалиар дүгнэдэг. Медаль авсан бол сайн, аваагүй бол хэн ч биш муу тамирчин гэж. Харин чадахаараа үзсэн, ур чадвар сайтай байсан, хүмүүсийг баясгаж чадлаа, нэр төрөө хамгаалж чадлаа гэдэг талаас нь илүү харах ёстой гэж боддог.

Дугаар 03, 04 /293, 294/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button