Д.Дорлигжав Алтанхуяг Эрдэнийн хэрэгт нөлөөлсөн гэдгийг би нотолж чадахгүй
Эсвэл үнэхээр улс төржүүлээд шийтгэчихсэн юм уу?
-Би таны асуултад намын гишүүн гэдэг утгаараа биш, хуульч хүний хувьд бодит байдлыг хэлэхийг хүсч байна. Нийгэм ч ийм хариултыг хүлээж байгаа байх. Эрдэнийн хэрэг бол захиалгатай хэрэг. Захиалгатай ялалгаа боллоо гэж үзэж байна. Хэний захиалга гэдэг нь бүү мэд. Надад таамаг байна л даа. Гэхдээ би хэлмээргүй байна.
-Хэлэхэд тийм аюултай юм уу?
-Нотолж чадахгүй байна.
-Таамаг төдий байдлаа хэлж болно шүү дээ?
-Таамаг дэвшүүлж, хэн нэгнийг буруутгахаас илүүтэй. Хамгийн том юм бол шүүх үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Үндсэн хуулинд шүүх мэлтгэлзэх зарчмаар хэргийг шийднэ гэсэн заалт бий. Шуүгчийн өмнө буруутгагдаж байгаа болон хохирогч тал хоёулаа нотлох баримтаа бариад, өмгөөлөгчөөрөө өмгөөлүүлэх эрхтэй. Шүүх гаргаж байгаа нотлох баримтыг харж хуулийн дагуу аль нэг талыг нь барихгүйгээр шийдвэрлэдэг байх ёстой. Гэтэл мэлтгэлзэж байгаа хоёр талын нэг болох улсын яллагч яллахаасаа татгалзаад байхад шүүх өөрийн санаачилгаар хүнийг яллах зарчим хаана ч байдаггүй. Үүнээс харахад шүүх захиалгаар шийдвэр гаргасан гэдэг нь нотлогдож байгаа юм. Үндсэн хуулиа зөрчсөн хоёр шүүгчийг шүүхийн ёс зүйн хороонд өгөх асуудлыг манай намынхан ярилцаж байгаа.
-Та шүүх хуралд нь суусан уу?
-Суугаагүй.
-Тэгээд шүүгч нарыг хууль зөрчсөн нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж яаж мэдэж байгаа юм бэ? Бүр тодруулбал нотолж байгаа юм бэ?
-Гэхдээ би болж байгаа үйл явдлын талаар цаг тухайд нь мэдээлэл авч сонсч байсан. Яг үнэндээ асуудал нь Эрдэнэ гэдэг хүндээ биш, хуулийн байгууллага хуулийг хэрхэн үнэгүйдүүлж байна вэ гэдэгт байгаа юм. Яагаад үнэн худлын дэнс байх ёстой шүүхийн байгууллага хэн нэгнийг яллахаар улайрч, авлигатай тэмцэх газар яллах бодлого баримтлав гэдэг сонин байгаа биз. Нүдээ аниад харахгүй байя ч гэсэн улс төрийн шалтгаантай гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Эрдэнэ болон түүний сонгуулийн хороонд ажиллаж байсан хүмүүсийг шийтгэхдээ хоёр гурван жилийн өмнө Эрдэнийн хийж байсан ажилтай нь холбогдуулж шийтгэлээ. Тийм л юм бол урьд нь шийтгэж байхгүй юугаа хийж байсан юм. Яагаад одоо шийтгэж байгаа юм. Тэгж яривал Эрдэнэ чинь сонгогдоод түр үнэмлэхээ авчихсан хүн. Тийм байхад нь яллана гэдэг бас л хууль зөрчиж байгаа хэрэг.
-Тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжээгүй ч хорьж цагдах нь хориотой байдаг гэж үү?
– Ер нь УИХ-ын гишүүнээр сонгогдоод түр үнэмлэхээ авчихсан л бол эрхээ эдэлнэ. Тангараг өргөөгүй ч гэсэн. Хуульч хүн цэвэр хуулийн итгэл үнэмшлээ харсан бол энэ хүнийг шийтгэх ямар ч бололцоогүй байсан. Тэгэхээр сонгуулийн асуудлыг шийдэж байгаа нь ч тэр, яллаж шийтгэж байгаа нь ч тэр бүх юм нь эхнээсээ л яллахад чиглэсэн байсан нь ажиглагдаж байгаа биз. Харин сонгуулийн үр дүнгээс болоод тэгж байна уу, эсвэл өөр зорилгоор тэгж байна уу гэдэг нь тодорхой бус байна.
-Тэгэхээр ямар ч тохиолдолд Эрдэнэ ял авах нь эхнээсээ тодорхой байсан гэх гээд байна уу?
-Тийм л байгаа биз дээ. Хаа хамаагүй юмаар яллаад. Шүүх хурлын промессыг сонсож байхад улсад хохирол учруулсан гэдэг тогтоогдоогүй. Хоёр байгууллагын хоорондох өр барагдуулах үйл ажиллагаа. Байгууллага өөрийнхөө авах ёстой авлага, хүнд өгөх ёстой өглөгийг нэг юмаар хаагаад өнгөрсөн байна. Хэн нэгнийг хохироогоогүй байхад яагаад яллаж байгаа юм. Ер нь манайд улс төрийн шалтгаанаар нэгийгээ хэрэгтэн болгох гэж оролддог, болгодог явдал сүүлийн арван жил газар аваад байна. Өмнө нь АН-ын гурван гишүүнийг шийтгэсэн. Дэлхийн аль ч хуулийн системд эхлээд тэр хүнийг ямар үндэслэлээр буруутгасан түүгээрээ л ялладаг, үгүй бол хэргийг нь хэрэгеэхгүй болгодог. Түүнээс биш манайхан шиг хүнийг яллахын тулд хэдэн жилийн өмнөх юмыг нь хайгаад ухаж төнхчөөд байдаг улс орон манайхаас өөр байхгүй. Улс төрийн зорилгоор нэгнийгээ яллаж, өөртөө давуу байдлыг бий болгодог энэ байдал даамжирвал төрд зүтгэх хүн олдохгүй шүү.
-Эрдэнэ болон түүний сонгуульд ажилласан хүмүүсийг шийтгэсэн нь АН сонгууль будлиантуулдаг гэсэн мессежийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийгэмд зориудаар өгч байна гэж үзэгcэд цөөнгүй байна. Учир нь тэднийг анх сонгууль будлиантуулсан гэж буруутгаж байсан шүү дээ?
-Энэ хэргийг маш олон талаас нь харж тайлбарлаж болно. Өөрийн чинь хэлеэн таамгийг би ортой гэж үзэж байна. Тиймээс л манай намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, улс төрийн дүгнэлт хийсэн. Яг үнэндээ манай намынхан нэг л их сайхан, өгөөмөр сэтгэлтэй улсууд. Сонгууль будлиантчихлаа, биднийг эальдчихлаа. За тэгэхдээ яахав улс орноо бодъё, хамтарч засгийн газраа байгуулъя гэтэл улаан цайм нэгийг нь барьж аваад шоронд хийчихлээ ш дээ. Тэгэхээр нь тийм үү, тэр нөхөр буруутай байсан юм байлгүй гээд ахиад өнгөрөөх хэрэг үү. Нэг ийм жишээ байдаг л даа. 37 оны хэлмэгдэлтийн үед ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга Калинин гэдэг хүний эхнэрийг нь Сталин эсэргүү нэрээр барьж аваад хорьчихож. Мань хүн тэр үед дуугүй л, амиа хичээгээд өнгөрсөн байдаг юм. Эхнэр нь тэнд үйл тамаа эдэлж байхад шүү дээ. Бид тэрэн шиг журмын нөхрөө улс төрийн зорилгоор яллачихаад байхад дуугүй байгаад байж болохгүй биз дээ.
-АН-ынхан Засгийн газраар барьцаалж, Эрдэнийг суллуулах гэж байна гэсэн хардлага гараад байгаа?
-АН тийм шийдвэр гаргаагүй. Болж буй хэрэг явдалд улс төрийн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл улс төрийн зорилгоор ялаллаа, үндсэн хууль зөрчигдлөө гэдгийг зохих байгууллагуудад нь хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс биш, Засгийн газраар барьцаалж, Эрдэнийг суллуулах талаар нэг ч үг унагаагүй. Та нар юм л бол ингэж хий хардаж байдгаа болимоор юм.
-Хурал нэлээд ширүүн уур амьегалтай болж, намынхаа даргыг буруутгагсад цөөнгүй байсан гэсэн шүү дээ?
-Хэн тэгж байгаа юм. Эрдэнэ, Алтанхуяг нар хамтарсан засгийн газраас болоод жаахан таарамж муутай байгаа дуулдсан. Тэгэхээр муудалцсан байх гэж бодоод түүнийгээ ярьчихдаг юмуу хаашаа юм.
-Бодох биш, бодит байдал тийм байсан юм биш үү? Тэр ч бүү хәл Эрдэнийг ял авахад Алтанхуяг түлхэц болсон гэдгийг танай намынхан өөрсдөө ярьж байна лээ шүү дээ?
-Алтанхуяг нөлөөлсөн гэдгийг хэн батлах юм. Ямар ч нотолгоогүйгээр хүнийг буруутгаж болохгүй биз дээ. Би тэр хүний хажууд зогсоод харж байсан биш, оролцоотой, буруутай гэдгийг нь яаж мэдэх юм. Чамайг буруутай гэхээр би дагаад буруутай гэх үү. Миний нотолж чадах юм бол энэ хэрэгт хуулийн байгууллага буруутай. Гадны нөлөөнд автсан. Өөр би юуг ч баталж чадахгүй. Энэ хэргийг хоёр хүний маргаан, хов жив болголгүй цаад хор уршгийг нь бодолцож хандахгүй бол замхарна шүү.
-Намынх нь гишүүнийг барьж хорьчихоод байхад дарга нь амаа үдүүлеэн юм шиг дуугүй л байлаа шүү дээ?
-Яагаад тэгснийг нь Алтанхуягаас өөрөөс нь асуу.
-Тэгвэл Нямхүү сайдын гарын үсэгтэй тодорхойлолтын тухайд юу хэлэх вэ? Миний хэлэх гээд байгаа зүйл бол танай намын дотоод зөрчил Эрдэнийн хэргээр сад тавилаа. Дороо гүйдлээ олохгүй бол, дээр суудлаа олохгүй гэсэн үг бий шүү дээ?
-Эвтэй найртай байх тухайд өөртэй чинь санал нэг байна. Гэхдээ үнэхээр тэгж бодож байгаа юм бол, нэгнийг нь муулуулах гээд хатгаад байх хэрэггүй шүү дээ. Сэтгүүлчид та нар ч гэсэн монголчуудын эв нэгдэлд санаа тавих ёстой. Хэнд хэрэгтэй юм, биенийгээ гоочилж муулах. Нямхүүгийн тэр бичигтэй бичиггүй яллах л байсан. Би үүнд эргэлзэхгүй байна. Яахав дараа нь арьсаа хамгаалах шалтаг л байсан байхгүй юу.
-Хамтарсан Засгийн газрын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Зөвтгөх үндэс ч бий, зөвтгөхгүй байх үндэс ч бий. Жишээлбэл Сонгуулиа будлиантуулчихаад, бөөн хэрүүл маргаан болж байхад хамтарсан Засгийн газар байгуулж нэг хөнжилд орлоо хэмээн буруутгах хүмүүс цөөнгүй бий. Энэ бол нэг талаасаа зөв. Яахав 7 сарын 1-ний үйл явдлын буруутан тогтоогдохгүй замхарна гэсэн айдас байдаг байх л даа. Гэхдээ нөгөө талаас нь аваад үзэх юм бол сонгуулийн үр дүнгээс хамаарч Засгийн газрын бүтэц тодорхойлогддог. Гэтэл энэ удаагийн сонгууль будлиантсан учраас бидний хэн нь ч давуу эрхтэй биш, тэгэхээр хамтрах нь зүйтэй гэсэн байр суурийг буруутгах аргагүй юм. Аливаад туйлширч болохгүй л дээ. Харин 7 сарын 1-ний үйл явдалд АН зайлшгүй улс төрийн том дүгнэлт хийх ёстой. Төрөөс шийдвэр гаргуулах ёстой. Би хүлээж л байна.
-Сонгуулийн будлианы талаар одоо ч гэсэн яригдсаар байна. Та ч гэсэн ярилаа. Сүүлийн хагас жилийн дотор хоёр ч удаагийн сонгуульд өрсөлдлөө. Тэр ч утгаараа илүүтэй мэдэреэн байх?
-Яг надтай холбоод, миний тухай бол би ярихгүй. Би өөрийнхөө талаар яримаагүй байна. Хүсвэл цаг нь болохоор ярилцаж болох юм. Сонгуульд будлиан байдаг уу гэвэл байдаг. МАХН хорооны засаг даргаас эхлээд төрийн бүтцийг тэр чигээр нь өөртөө ажиллуулдаг. Ямар ч сонгуулийн үед төрийн машин механизмыг ажиллуулдаг, хүнийг айлгадаг ичээдэг, барьцаалдаг, хахууль өгдөг гээд байж болох бүх хувилбарыг ашигладаг. Хүмүүст сонгуульд итгэл үнэмшлээрээ хандах боломж олгодоггүй.
МАХН-ынхан бэлэг өгөөд байхад танайх яачихсан юм гээд сонгогчид улаан цайм урдаас нэхэж байна шүү дээ. Зарим нэг нь арга буюу нөгөө аргад нь автаж байна ш дээ. Би тийм жишээг мэднэ. Ер нь сонгууль будлиантаж байгааг хүмүүс бүгд мэднэ. Гэхдээ хувийнхаа эрх ашгаас илүүтэй улс орныхоо эрх ашгийг бодох цаг болсон. Хэдий болтол ингэж явах гэсэн юм бэ. Төр улсаа жаахан бодмоор байна. Аливаа сонгуульд бага зэрэг будлиан байдаг юм бол тэр нь хэмжээнээсээ хэтэрчихээд байна. Худлаа төр байгуулж тоглодог. жирийн иргэдээ хууль бус зүйлд уруу татаж байна шүү дээ. Улс төрийн энэ явуургүй байдлаас болоод улс орон маань үнэхээр туйлдаж гүйцлээ ш дээ. Эрх барьж байгаа намууд, шийдвэр гаргаж байгаа улс төрчид зориг гаргах цаг болсон. Байдал энэ чигээрээ үргэлжилбэл Монгол Улс байх уу үгүй гэдэг асуудал яригдана шүү.
Танд баярлалаа, дараа илүү нээлттэй ярилцана гэдэгт итгэлтэй байна.
Дугаар 03, 04 /293, 294/