Монголын долдугаар сарын 1-нд юу болохыг гадаадынхан мэдэж байсан уу?
Иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлөл энэ талаар сонгуультай холбоотой хурал зөвлөгөөн дээр нэг бус удаа ярьж байлаа. Ардчилсан нам ч энэ хардлага сэрдлэгээс ангид байж чадаагүй. АНУ-ын сенатын гишүүнд захидал илгээж, мөнгөн тусламж хүссэн гэх дуулиан дэгдэж байсан билээ. Сонгуулийн шууд үргэлжлэл гэж зарим улс төрийн хүчний үзэж байгаа долдугаар сарын 1-ний үймээн самууныг хэн хаанаас санхүүжүүлсэн бэ гэдэг асуулт өнөөдрийг хүртэл хариултгүй байна. Ямар нэгэн санхүүжилт зохион байгуулалт байгаагүй, олон түмэн бухимдахдаа л жагсаж цугласан гэдэгт итгэж болно. Гэхдээ МАХН-ын байрны өмнө том том шуудайтай чулуу Туулын хөвөөнөөс өөрсдөө нисээд ирсэн гэдэгт эхлээд итгэх хэрэгтэй болж байгаа юм. Гадаадаас их хэмжээний мөнгө орж ирсэн, гадаадынхна гap хөл болсон нөхөд харийнхны мөнгөөр эх орон нэгтнүүдээ үймээн самуунд уруу татсан. Монголд ийм юм болохыг гадаадын улс орнуудад урьдчилаад мэдэж байсан гэх мэт мэдээллүүд хэвлэлээр олонтаа цацагдсан.
Долдугаар сарын 1-ний үймээн самуунд хэн хаанаас санхүүжилт хийсэн нь тодорхойгүй ч асар их мөнгө урсч, МАХН-ын цагаан байрны өмнө нүд ирмэхийн зуур чулуун овоо нүүн ирж, үймээн самуун дэгдэн, урьд өмнө гарч байгаагүй явдал болсон. Хэн хаанаас хэрхэн санхүүжүүлсэн болон өдөөн турхирсан, зохион байгуулсан гэх хүмүүсийн хэргийг холбогдох байгууллагууд шалгаж дуусаагүй л байна. Үймээн самуунаас хойш иргэд сонгууль будилаангүй, амгалан тайван болоосой хэмээн хүсэх болсон! Орон нутгийн сонгуульд ч иргэд үүнийг л хүсч байсан бол зарим нь үймээн самуун болох вий хэмээн болгоомжилж, нэг хэсгийнх нь идэвх суларч ирц хүрэхгүй сонгуульд дахихад хүрч байв. Азийн сан-гаас 2008 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн уур амьсгал, иргэдийн идэвх оролцоо, явц, 2009 оны тавдугаар сарын 24-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх иргэдийн санал асуулгад хийсэн судалгаагаар сонгууль амгалан тайван болоосой хэмээн сонгогчид 100 хувь хүсчээ.
Сонгууль шударга болох уу гэсэн асуултад 40 хувь нь итгэлтэй байна гэсэн бол 61 хувь нь сонгуультай холбоотой гомдлоо хаана гаргахаа мэдэхгүй, 66 хувь нь хөндлөнгийн ажиглагч байвал сонгууль илүү шударга болно хэмээн хариулжээ. Иргэдийн тайван амгалан болоосой гэж хүсч байгаа Сонгууль-2009-ийн буухиа эхэлж, Л.Гүндалайгаас эхлээд нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарлаж байна. Хэнийг төрийн тэргүүний суудалд залахаа мэдэх сонгогчид дахиад долдугаар сарын 1 шиг юм болох вий гэж болгоомжилж амгалан тайван шударга сонгуулийг хүсэж байхад бас өөр бодолтой, гүтгэлгийн шуурга дэгдээхээр зэхэж байгаа хэсэг бүлэг ч байгаа тухай дуулдаж байна. Эдийн засгийн хямрал, бэлэн мөнгөний хомсдол, иргэдийн амьжиргааны түвшин буурч байгааг буруугаар ашиглаж, ард түмнийг ард түмнийх нь эсрэг бүү турхираасай хэмээн найдъя.
Орон нутгийн сонгуулийн ирц тааруу байснаас болоод тэр үү ирэх сонгуулийн идэвх ямар байх бол гэдэг анхаарал татаж байгаа. Азийн сангийн хийсэн судалгаагаар, Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд идэвхтэй оролцох урьдчилсан тооцоо гарсан байна. Тухайлбал, Азийн сан-гийн судалгаанд хамрагдсан иргэдийн 84.1 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө гэснээс үзвэл иргэд идэвхтэй оролцох нь мэдрэгдэж байна. Төрийн тэргүүнээ сонгоход монголчууд төрийн сүлдэндээ залбирч хүндэтгэлтэй ханддаг, идэвхтэй ч оролцдог. Наадам болох гэж байгаа мэт дээл хувцсаа бэлдэн гоёчихоод санал өгч байгаа нь төр ёсоо дээдэлж байгаагийн илэрхийлэл болдгоороо онцлог. Одоо болох сонгуульд цөөн хүн нэр дэвшинэ. Улс төрд танигдаж, жинхэнэ хат суусан төлөв төвшин эрхмүүдээс шилж, шигшиж байж ард түмэн төрийн тэргүүнээ сонгоно. Хоёр сая хүнээс шигшигдэж, төрийн тэргүүнд нэр дэвшсэн тэд хов ярихгүй, хэн хэнээ элдвээр муучлахгүй, хураасан хөрөнгө чинээ, өмссөн зүүснээрээ уралдахгүй. Ард түмэн тэднийг хэлсэн үгээр нь биш гагцхүү хийсэн ажлаар нь, өнөөг хүртэл нийгэмд бүтээж ирсэн баялгаар нь, иргэд, ард түмний ахуй амьдралд хүргэсэн бодитой үзүүлэлтүүдээр л сонгодог. Тэр хүртэл хугацаа бий, эргэцүүлэх боломж ч нээлттэй юм.
Ч.Үл-Олдох
Дугаар 33/3105/