Статистик хар дүнтэй гарлаа

хямрал нөлөөлж бүхий л салбарыг сөхрүүлж байгаа нь энэ.

Татварын орлого 44.4 хувийн алдагдалтай гарчээ

Статистик мэдээгээр уясын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 83,8 тэрбум гарснаас нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл нь 112,5 тэрбум төгрөг байна. Харин нийт тэнцэл 28,7 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа аж. Түүнчлэн татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 44,4 хувиар бага гарч. Үүнээс гадаад худалдааны татварын орлого 16,2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэнэ.

Төгрөг гологдон валютын халгаламж өсөв

Татварын орчин ядруухан байгаа энэ үед мөнгөний нийлүүлэлт бүр ч хэцүүдэж. Учир нь, мөнгөний нийлүүлэлт 2260 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхаас 58,9 тэрбум төгрөгөөр уруудсан аж. Зөвхөн гүйлгээнд байгаа бэлэн мөнгө гэхэд л 346,6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 60,6 тэрбум төгрөгөөр буурсан гэнэ. Үүнийг хямралаас улбаалан манай бизнесийн орчны хүрээ хумигдан иргэдийн гap дээр их хэмжээний мөнгө төвлөрч байгааг харуулж буй хэрэг хэмээн албаны хүмүүс үзээд байгаа юм. Түүнчлэн төгрөгийн үнэлэмж буурснаас иргэд, байгууллагын төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,5 тэрбумаар буурсан гэнэ. Төгрөгт итгэхээ больсон энэ үзлээс болж гүйлгээний гол хэрэгсэл, Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр ноён ам.доллар шалгарч, зах зээлд хаанболоод байгаа. Үүний илрэл нь ч иргэд мөнгөө ам.доллар болгон банкинд хадгалах болж. Тухайлбал, гадаад валютын хадгаламж гэхэд 493,6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн арванхоёрдугаар сарынхаас 53,4 тэрбумаар өссөн үзүүлэлтэй гарч. Тиймээс ам.долларын ханшийг хэн ингэж өсгөж байгаа шалтгааныг ченж үү, арилжааны банкууд уу гэдгийг тогтоох үзлэг хийнэ хэмээн тус хорооныхон мэдээлж байлаа.

Улаанбаатарт л бараа үйлчилгээний үнэ тэнгэрт хаджээ

Хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сарынхаас найман хувиар өсч. Боловсролын үйлчилгээ, шуудан, холбоо бүлгийн дүнгээрээ тогтвортой байгаа бол орон сууц, ус цахилгаан, түлшний бүлгийн үнэ уруудсан үзүүлэлт гарсан гэнэ.

Бүсээ чангалж байгаа энэ үед хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буурч байгаа нь сайшаалтай ч харилцан адилгүй үнэтэй байгаа аж. Тухайлбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх сартай харьцуулахад Увс, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт 0,5-1,6 хувь буурсан бол нийслэл болон бусад аймагт 0,1-3,8 хувиар өссөн гэнэ.

Орон сууцны үнэ 5,7 хувиар буурчээ

Хэчнээн мөрөөдөөд ч авч чадахгүй нь хэмээн санааширдаг байсан орон сууцны үнэ буурч байгаа. Зарим эх сурвалжийн мэдээгээр нэг айлын орон сууц багадаа 2500 ам.доллараар буурч байна гэж мэдээлж байгаа. Тэгвэл тус хорооноос хийсэн судалгаагаар орон сууцны үнэ 5,7 хувиар буугаад байгаа гэнэ. Цаашдаа ч буухыг үгүйсгэхгүй хэмээн мэргэжилтнүүд хэлж байлаа. Гэхдээ ямар ч гэсэн тоолоод өгчих мөнгө нь байгаа бол нийслэлийн зургаан дүүрэгт ашиглалтад орсон болон баригдаж байгаа орон сууцны үнэ хямдраад эхэллээ.

Автомашины импорт буурсан ч үнэ нь өссөн гэнэ

Харин экспортын хэмжээ болон үнийн дүн буурч байна хэмээн манай эдийн засагчид сэтгэлээр унаж байгаа ч өнгөрсөн сард гадаад худалдааны бараа эргэлт 298 сая ам.доллар гарчээ. Үүнээс экспорт 170,4 сая, импорт 127,6 сая ам.доллар байгаагаас тэнцэл нь 42,7 сая ам.долларын ашигтай гарч. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхаас 106,2 сая ам.доллараар илүү байгаа гэнэ. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан ч нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс экспорт 21,3 хувь, импорт 40,6 хувиар тус тус буурсан байна. Зөвхөн экспортод голлох жин үзүүлэх зэсийн баяжмалын экспорт гэхэд л үнийн дүнгээрээ 55,3 хувиар буурсан аж.

Харин нэг сайхан мэдээ нь боловсруулаагүй алтны үнэ өнгөрсөн сард нэг кг нь дунджаар 26,8 мянган ам.доллар байсан нь экспортын хэмжээ бага ч атугай нэмэгдэхэд нөлөөлж. Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс бур ч 87,1 сая ам.доллараас буурч. Үүнд, автобензин 16,1 мянга, гурил 17,1 мянган тонноор буурсан гэнэ. Тансаг хэрэглээнд багтаж байгаа автомашины импорт 6000 ширхгээр буурсан ч үнийн дүнгээрээ 246,2 мянган ам.доллараар өссөн гэнэ. Учир нь, ам.доллараар төлбөрийг гүйцэтгэж байгаагаас тэр.

Архи, пивоны үйлдвэрлэл өсч, гурил, чихрийнх буурав

Аж үйлдвэрийн салбарт цахилгаан машин хэрэгсэл, нүүрс, газрын тос, металлын хүдэр олборлолт зэрэг арван дэд салбарын үйлдвэрлэл өмнөх сарынхаас 3,9-61,8 хувиар буурсан бол машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэлийн үйлдвэрлэл 95,7 хувь буурсан гарчээ. Гэхдээ өдөр тутмын хэрэглээ мах, сүү, хиам, архи пиво, цэвэр ус, жүүс талх, гоймонгийн биет хэмжээ өсч газрын тос, хайлуур, алт, гурил, тараг, чихэр, дарсны үйлдвэрлэл буурсан гэнэ. Энэ салбар өнгөрсөн сард 156,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна.

67 мянган ямаа хорогджээ

Улсын хэмжээгээр хийсэн тооллогын дүнгээр 42 сая тоо толгой малтай боллоо хэмээн зарлаж байсан ч зүй бусаар хорогдсоор байна. Тухайлбал, өнгөрсөн сард 120,4 мянга нь том мал зүй бусаар хорогдсны 67,3 мянга нь ямаа, 41,4 мянга нь хонь, 7,7 мянга нь үхэр, 3,9 мянган адуу, 0,1 мянган тэмээ гэнэ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийт дүнгээрээ 70,7 мянгаар илүү байгаа аж. Харин нийт хорогдлын 80,8 хувь нь Завхан, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийнх.

Төмөр зам, агаарын тээвэр хоёрын зорчигчдын тоо нь цөөрсөөр

Тээврийн үйлчилгээний салбарт ч хямрал нүүрлэн зорчигчдын тоо буурч, ачаа эргэлт ховордсон гэнэ. Зөвхөн төмөр зам гэхэд л 1044,3 мянган тн ачаа, давхардсан тоогоор 247,2 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа нь 21,3 зорчигчийн тоо 28,8 хувиар буурсан байна. Орлогын хурд нь саараад байгаа төмөр замынхан 11,1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеийнхээс 6,2 тэрбум төгрөгөөр буурч. Агаарын тээвэр ч ялгаагүй зорчигчдынхоо тоог алдсаар байна. Тухайлбал, олон улсад тээвэрлэсэн зорчигчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1,9 мянган хүнээр, дотоодод тээвэрлэсэн зорчигчдын тоо 3000 мянган хүнээр тус тус буурсан гэнэ. Үүнийг даган орлого нь ч гэсэн буурч 4,7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 459,9 сая төгрөгөөр багасчээ.

Ажилгүйчүүдийн тоо 1,7 мянган хүнээр өслөө

Аймаг, нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1,7 мянган хүнээр нэмэгдсэн гэнэ. Гэхдээ энэ тоонд цомхотголоор ажлаасаа халагдсан хүмүүс ороогүй байгаа гэнэ. Хэрвээ аймаг, нийслэлийнхээ хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн бол энэ тоонд багтах гэнэ. Өнөөгийн байдлаар улсын хэмжээгээр 18,2 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлснээс нийт ажилгүйчүүдийн 57,9 хувийг эзэлж байгаа гэнэ. Оны эхний сард 1,8 мянган хүн ажилд орсны төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад 17,2 хувь нь, компани, хоршоо, бусад байгуулагад 82,8 хувь нь ажилд орсон гэжээ. Цаашдаа ажилгүйчүүдийн тоо өсөх хандлагатай байгаа учраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээл олгож байгаа аж.

Т.Баяр

Дугаар 028/607/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button