Авъяасаа техникээр орлуулж, амьдаар дуулж чаддаггүй дуучдаа яах вэ
Эдийн засгийн хямрал гэж яриад байхад л тоглолт ар араасаа үргэлжлээд байгаа нь хачирхалтай. Гэхдээ манай дуучид үнэхээр амьд хоолойгоор дуулж байгаа болов уу. Энэ нь бас л эргэлзээтэй. Cap гаруйхны өмнө өвөрмонголчууд cap шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Баярын концертод нь манай ихэнх хамтлаг дуучид оролцсон байв. Өвөрмонголын дуучдын хажууд ч манай дуучид чадалтай юм аа гэж бодож суутал гавьяат жүжигчин Т.Ариунаа хэдэн хүүхдүүд тойруулан зогсоод Бүхнийг хүүхдийн төлөө за гэж хэлье гээд дуулж гарлаа. Хамгийн харамсалтай нь, ам барьж дуулж байсан юм. Энэ бол үнэхээр шившиг. Бичлэг нь цаана нь түрүүлж яваад манай дуучин наана нь амаа ангалзуулаад л. Энэ мэт жишээ тэр тоглолтод зөндөө байсан. Өмнө нь, дуучин Ч.Бат-Эрдэнэ Хонхны нулимс тоглолтдоо хоолой нь чичирч онигоо болж байсан удаатай. Мөн нэг удаа С.Сэрчмаа сонгуулийн сурталчилгааны нэгэн шоунд оролцохдоо Бүгдээрээ хамтдаа дуулцгаая гэж уриалах хооронд дуу нь эхэлчихсэн юмдаг. Энэ мэт жишээг дурдвал дуусашгүй. Ам барьж фэнүүдээ хуурдаг явдлаа дуучид хэзээ болих юм бол. Москвагийн мээр Юры Лужков Москва хотын нутаг дэвсгэрт тоглолт хийж буй хамтлаг дуучдыг бичлэг тавьж ам барихыг хориглоно гэсэн тогтоол баталсан.
Энэ тогтоолыг манай улс ч гэсэн 2005 онд баталж байсан удаатай. Гэтэл тэр даруйдаа л мөрдөгдөж байгаад одоо ч бүр мартагдаж дээ. Нөгөө Монголын хууль гурав хоног гэдэг л энэ байх. Бас болоогүй ээ. Хоёр сарын өмнө шинэ жилийн баяр болж өнгөрсөн. Өнөө хэдэн дуучид маань ёстой л нэг од болсон. Нэг байгууллагын шинэ жилийн баяраас нөгөө рүү нь яваад л дуулж гарсан. Гэхдээ бас л амьд хоолойгоороо биш. Сурсан зангаараа бичлэг тавьж дуулцгаасан байна билээ. Үүнийх нь хариуд байгууллагууд тэдний нэхсэн мөнгө болгоныг өгсөн гэдэг. Дэндүү амар хялбар аргаар мөнгө олсон байгаа биз. Тэгсэн хэрнээ нэг дуу дуулахад багаар бодоход л 600 мянга. Амьд хоолойгоороо дуулахыг шаардахад нь техник энэ тэр чинь шаардлага хангасангүй гээд хөнгөхөн аргалчихдаг адтай дуучид ч байх юм. Бодох нь ээ манай улсад дуучин болох амархан болчихож. Арга ч үгүй юм даа.
Санхүүгийн боломжтой л бол мөнгөөр зодоод солгой хоолойгоо техник технологийн ачаар засуулчихаж байгаа юм чинь. Тэгээд болсон болоогүй дуу дуулаад хүмүүсийг залхтал FM, телевизээр цацуулчихна. Нэг цомог гаргачихаад бие даасан тоглолтоо хийнэ. Тоглолтынхоо явцад бүжиглэх юм уу, хашгирч байх хооронд бичлэг нь эхэлчихдэг. Заримдаа бүр ичмээр шүү. Ингээд бодохоор бичлэг тавьж, амаа хөдөлгөхийг хориглосон хууль, заалт нь биеллээ олмоор байгаа юм. Хэрвээ энэ хууль заалтаа хэрэгжүүлээд эхэлбэл манай улсад хэдэн дуучин үлдэх бол. Тун инээдэмтэй тоо гарах байх даа. Ямартай ч, бичлэг тавьж дуулахыг хориглосон хуулиа мөрдөж жинхэнэ авьяастнууд төрүүлэх цаг нь болжээ. Ер нь, бичлэг тавьж амаа хөдөлгөчихөөд дагаад дуулаарай, хамтдаа дуулъя гэж уриалах нь хэр зохимжтой вэ. Одоо больё дуучдаа. Хэрвээ энэ маягаараа явбал дууны урлаг маань мөхөх нь.
Энэ талаар дуучин Д.Батсүх ярихдаа, Уг нь болж өгвөл ам барихгүй л байх хэрэгтэй. Гэхдээ бид дуулж чадахгүйдээ ам бариад байгаа юм биш. Монголд огт ам барихгүй байх боломжгүй шүү дээ. Заримдаа гарцаагүй ам барих үе гардаг. Жишээлбэл, сая шинэ жилээр энд тэнд очоод дуулахад техник, технологи нь шаардлага үнэхээр хангахгүй, микрофон нь сул. Иймэрхүү үед бичлэг тавиад, ам барихаас өөр аргагүйд хүрдэг. Хэрвээ хөгжим, аппаратур, микрофон, өсгөгч нь шаардлага хангавал чадлаараа дуулалгүй яах вэ. Бид чадна шүү дээ гэлээ.
А.Ану
Дугаар 028/607/