Хямралын Цагаан сар

байгаа энэ үед эдгээр үзэсгэлэн худалдаа үр өгөөжөө өгч байгаа эсэхийг сонирхохын зэрэгцээ идээ будаагаа хотынхонд амтлуулахаар ирээд буй малчин ардын амьдрал ахуйд нь хямрал хэрхэн нөлөөлж байгаа талаар тэдэнтэй ярилцсан юм.

Баянхонгорынхон сэтгэл дүүрэн байна

Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа сүү цагаан идээ, эмийн ургамал, мах гээд төрөл бүрийн барааны үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-нөөс буюу даваа гаригаас МҮЭСТО-д хоёр хоногийн хугацаатай болж өчигдөр өндөрлөсөн. Үзэсгэлэн нээлтээ хийсэн өдрөөсөө л олны хөл хөдөлгөөнд дарагджээ. Худалдааг өндөрлөхөөс урьдаж малчидтай ярилцахад бүгд л Энэ удаагийн үзэсгэлэн сайхан болж өнгөрлөө. Өнгөрсөн жилээс олон хүн ирлээ хэмээн баяр хөөртэйгээр хэлж байсан юм. Хачирхалтай нь үнэ ханшийн хувьд тийм ч хямд биш, зах зээлийн үнээс 300-1000 төгрөгөөр нэмүү байсан.

Гэвч иргэд, тэр дундаа настан буурлууд малчдын авчирсан цагаан идээ, айраг, хоормогийг булаацалдах шахаад л аваад дуусгачих юм билээ. Өлзийт сумын малчин М.Зориг Би 4.5 тонн цагаан идээтэй ирсэн. Одоо хэдхэн килограмм аарц л үлдлээ гэж нүүр дүүрэн инээмсгэлэлтэйгээр хэлж байсан. Баянговь сумын өндөр настан А.Хоролдулам Би анх удаа ирж байгаа. Нийслэлчүүд биднийг их сайхнаар хүлээн авч байгаа болохоор сэтгэл үнэхээр өндөр байна. Дараа жил дахиад заавал ирнэ ээ гээд мөн л хөөрч баярлан ярьсан.

Газар тариалангийн бүтээгдэхүүн борлуулж байсан Бууцагаан сумын иргэн Р.Янжиндулам Хуурсан арвай, арвайн гурил хоёр маань эхний өдрийн 14 цаг гэхэд дуусчихсан шүү гэв. Энэ бүхнээс харахад хямрал хэдий нүүрлэсэн ч иргэд Cap шинийн бэлтгэлээ базаагаад тун чиг завгүй байна.Үзэсгэлэн ч хэн хэндээ үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөв .

Малчдын амьдрал хүнд хүнд

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Р.Дулам

Түүхий эд, ноолуур, махны үнэ буурчихсан болохоор хэцүү л байна даа. Бид ч яахав, тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө болгочихоод л байна. Харин хэдэн малын буянаар амь зуудаг малчдад л хэцүү байх шиг гэв.

Өлзийт сумын иргэн М.Зориг Малчид боломж бололцоотой бол тэр бүр малаа нядлах гээд байдаггүй. Харин сүүлийн үед амьдрал хэцүүдээд байгаа болохоор малаа мах болгон зарах нь ихэссэн. Үүнээс болж махны үнэ буурсан ч байж магадгүй. Ер нь л хөдөөд амьдрал хүндхэн байгаа хэмээн халаглалаа.

Өлзийт суманд өвөлжилт хэцүү байсан болохоор хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл авсан эсэхийг түүнээс асуухад Авсан.

Манай суманд 50 тонн тэжээл ирсэн. Зарим малчин муу тэжээл байна л гээд байсан. Ямар ч тэжээл 1,2 жил болохоор тоосонцортой болдог юм. Тэрнээс биш муу тэжээл биш л дээ гэв.

Архангайнхныг тоох хүн байна уу

Бүрд худалдааны төв дээр аль долоо хоногийн өмнө эхэлсэн уг үзэсгэлэн худалдааны байдал Баянхонгорынхоос эрс, тэс өөр байсан юм. Хэдхэн цагаан халаад өмссөн малчид төмөр лангууны ард дундаа ганц хоёрхон жин тавьчихаад хаалга онгойх бүрд өлийн харж, үйлчлүүлэгч горьдоно. Архангайн цагаан идээ амт шимтгүй болохоор ийм байна гэж үү, амсахад адил л юм. Уул нь ХХААХҮЯ-наас аймгууд идэвхи санаачлага гаргавал бүх талаас нь тусалж дэмжинэ гэж байсансан. Тэдний туслалцаа Архангайнханд лав ирээгүй бололтой. Тээврийн зардал, түрээсийн зардлаа малчид хувиасаа гаргаж хотод ирэхэд нь зохион байгуулагчид нь Бүрд мэтийн хүний хөлөөс хол худалдааны төв л олж өгчээ. Анх Ялалтын талбай дээр үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байсан ч Мэргэжлийн хяналтын Оюунчимэг гэж хүн загнаж, зандраад зөвшөөрөөгүй хэмээн малчид ярьж байлаа. Гэтэл удахгүй Ялалтын талбай дээр үзэсгэлэн гарах сураг гараад байгаа. Хэнд нь зөвшөөрөөд, хэнд нь цааргалаад байдаг юм бол доо. Юутай ч энэ хоёр үзэсгэлэн эрс тэс байсан юм.

Архангай аймагт амьдрал ямар байгаа талаар Өндөр-Улаан сумын малчин М. Байгалмаа Хэцүү байгаа. Байдал энэ хэвээрээ цаг хугацаа өнгөрөөд байвал яана даа гэхээс л айдас төрж байна гэж тунчиг зовинонгуй ярьсан. Мөн тэрээр Ченжүүд малчдыг өмссөн зүүснээр дээрэлхээд зогсохгүй хямдхан үнээр цагаан идээ авчихаад хайлуулж дэвтээгээд гурил хольчихдог. Тэд ийм муу аргаар бидний нэр хүндийг гутааж байна. Хүмүүс ааруул авах гэж орж ирээд амсч үзээгүй байж гурилтай холиогүй биз гэж асуудаг. Бид хэзээ ч тэгж буяндаа бузар хийхгүй. Тийм муухай юм бодож ч чадахгүй гэлээ.

Цагаан cap экспо-2009

Мэдээлэл технологийн паркт болж буй экспо-д манай улсын үндэсний үйлдвэрлэгчид нэгэн дор цугларчээ. Бамбууш, Өгөөж, Буяны хишиг зэрэг олон аж ахуйн нэгж хэвийн боовоо үзэсгэлэнд танилцуулж бай¬сан бол Говь ХК ноолууран эдлэлээ 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалж, Спирт бал бурам архиа үйлдвэрийн үнээр борлуулж, Есөн од компани төрөл бүрийн шоколадаа мөн л үйлдвэрийн үнээр иргэдийн гар дээр тавьж байлаа.

Жил бүр зохион байгуулагддаг экспо дээр урьдын л адил бум бужигнаж байсан юм. Албан газар, айл гэр , улс оронд мэдрэгдээд байсан нөгөө хямрал энд лав алга.

Г.Сайнаа

Дугаар 028/607/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button