Yймээний жинхэнэ эзэд
Гарын салаагаар гээгдээд
Гарах гарз байснуу
Гашуун үнэн нь гэвэл
Сохор зоосны үнээр ч
Сольж чадалгүй өнгөрлөө
Хүний амийг ингэж
Хүйтэн цэвдгээр хөнөөсөн
Хөнөөлт тэр алуурчийг
Олны дунд явахад нь
Очоод алчихаж болохгүй
Гэгээн ариун зорилгод
Гэмт хэргээр хүрдэггүй
Эрүүдэн шүүх гэдгийг
Иргэн хүн хийдэггүй
Зарга мэдээ өгөхдөө
Засаг төрөө занаж
Цуг тэмцэх улсдаа
Цусны ёр дуудаж
Амийг амиар арилжлаа гэвч
Амь ямар босгох биш
Хүнийг хүнээр солилоо гэвч
Хүсэл ямар ханах биш
Гэм үймээнд татагдсан
Гэнэн залуу үрсээ
Гэтэлгэж өршөөлгөхийн тулд
Гэгээн ариуныг уриал
Нүгэл их хийдэг
Хүмүүс их бүгсэн
Таван давхар байшинг
Тараасан нь шатаасан нь дээр гэвэл
Тамын тогоонд нэмэрлэсэн
Татвар хураамж л болно доо
Уусан архиндаа халчихаад
Ухаангүй тэнэгээр дайрч
Уурын мунхагаар шатааж
Увайгүй дээрмээр чимэглэсэн
Шудрага ариун тэмцэл
Шулуухан хэлчихье байдаггүй
Тийм орчин дунд
Тэмцэл ч удаан үргэлжилдэггүй
Даанч дээ гэж халагласан
Дараа нь нулимс урсгасан
Зуурдын тэр тэмцэл
Зул олныг асаасан
Иргэн төр хөдөлгөөн
Эргэх орчил тэнцвэр
Ур муутайхан шүлгийн минь
Ухаан зорилго гэвэл
Ятган итгүүлэх увидаст
Яруу найргийн хүчээр
Нарсанд суугаа залуусын
Наранд гарах өдрийг
Наашлуулж туслах гэсийм
Ганцхан өнөөдрөө аргацаан
Гал унтрааж өнгөрөөлгүй
Хожим хойчийн явдлын
Хор нөлөөг арилгах гэсийм
Зөвийг ухуулах утгатай
Зөөлөн үг минь дууслаа
Хатуу үнэний халгайгаар
Хайр найргүй хорсгоё
Хөдөө хотоос цугларч
Хөл үймээн болсон
Хөлчүү цагаан залуусыг
Хөмхий зуун занаж
Цэнхэр дэлгэцийн цаанаас
Цэцэн цээжээ дэлсэж
Толгой дараалан буудахыг
Тоомжир үгүй хатгасан
Мунхаг тэнэг өвөг эмэг
Муу ёрын эцэг эх
Ад мөрийн ах эгч
Аюул таригч анд нөхөд
Та бүхний харгайгаар
Таван амь сүйдсэн
Тамын шоо сэтгэлээр
Тайван амьдрал алдарсан
Иргэн хүн гэдэг
Энэрэл хайр үгүй бол
Иргэ төлгө адил
Энх мөнхийг үзүүлдэг
Иргэний хөдөлгөөний нэрээр
Нам байгуулсан баатруудад
Наймдугаар оны алдаа
Нам байгуулсанд гэж хэлье
ИХ намаа бүртгүүлж
ИХ суудал горилсон
ИХ хүсэлтэй энэ цаг
Их л удалгүй улиран одно
Та бидний үхсэний дараа
Тавь, зуун жилийн хойно
Хомхой түшмэл төрийн санд
Хуруу дүрж хохироох бүрийд
Одоо бидний хамгаалж чадаагүй
Онгон байгаль алдагдах бүрийд
Буруу зөвийг хэлэх
Бууны өөдөөс алхах
Мөнхийн ариун тэмцэлд
Мөхлийн цэг тавьж
Утга учры нь алдуулдаг
Улс төртэй холбочихлоо
Арьс өнгөний үзэл
Атаатан улсын колончилолыг
Устгаж чадсан хүч
Иргэний хөдөлгөөн гэдэг
Засгийн эрхийг хүсдэггүй
Заргынхаа буянаар бэлждэггүй
Эгэл атлаа аугаа
Энэрэнгүй атлаа төгсгөлгүй
Тэвчээрийн шижрийг гялалзуулж
Итгэлийн гэрлээ цацруулдаг
Тийм аугаа ойлголтыг
Ийм утгагүй болголоо
Хацар хорсгох төдий
Халгай үгээ төгсгөе
Элэг зүрхний шарх шиг
Эмнэг үгээ урсгая
Ардын хувьсгал ялснаас хойш
Ардчилсан нийгэм тогтсоноос хойш
Засгийн эрхээ хувааж барьсан
Зартай нэртэй хоёр НАМ АА
Yймээнт жагсаал цуглааныг
Yнэхээр гардан зохиосон
Жирийн бус тэр явдлын
Жинхэнэ эзэд ТА НАР ШYY
Гэр хорооллын гудамжинд
Хөдөөгийн нэгэн суманд
Хүний эрхийн боловсролыг
Хүртээж хэн ч яваагүй
Хүний эрхийн конвенцод
Хүн төрөлхтний ойлголцолд
Боловсрол гэдэг хүмүүнлэг гэж
Бүхнээс тодорхой бичсэн байх юм
Хүмүүнлэгийн боловсрол олгоогүй
Хууль номоо сурталчлаагүй
Төмөр нүүртэй Төр минь
Гэнэн залуусын алдааг
Гэтэлгэж хайрла
Буруугаа ухаарч
Өршөөлөө үзүүлж хайрла
Ганц чулуу шидсэн
Yзэл бодлын тэсрэлт биш
Гай руу бусдыг турхирсан
Өчүүхэн суудал буруутай
Олны сонголтоор дэвшиж
Онцгой албанд очлоо
Олны хөдөлгөөнийг дэмжиж
Онцгой алдрыг одоо ол
Эмгэн цагдаа хоёр
Эрэгчин эмэгчинээ үздэг
Унь тооноо булаалдаж
Улс ардаа хөгжөөж байдаг
Сүрт их жанжин
Сүхбаатарын талбай дээр
Сүүлийн үеийн зураглал
Сүрхий жагсаал цуглаан дээр
Ард түмэн гэхээрээ
Алгаа хавсарч мөргөдөг
Ар нуруугаа харуулаад
Адгийн муухай инээдэг
Улс төрийн намуудын
Ухаан ихт дарга нар
Урд хойно оролцон
Уралцан идэлцэж өрсөлдөж
Цагаан цаасыг уламжлаад
Улаан өнгөөр бичих гэсэн
Цаасыг цаасыг эзэмшиж
Цэнхэр өнгөөр зурах гэсэн
Цагаан цаасыг булааж
Шар өнгөөр сараачих гэсэн
Цагаан цаасанд чадвал
Ногоон өнгө оруулах гэсэн
Цагаан цаас одоо
Та нарын гарт байна
Цаасан дээр асгарсан
Хүрэн цусыг хамтдаа арилга
Цааш амьдрал өрнөхийн учир
Хүн зоноо хүмүүнлэгээр боловсруул
Ардчилал гэж үглэлгүй
Ардчилалын төлөө тэмц
Иргэний нийгмээр хууралгүй
Иргэний нийгмээ байгуул
Эгэл олон түмэн
Энэнээс өөр хүсэлгүй
Ц. Эрдэнэсайхан
2008-12-06