Манай улс жилд 30 мянган иргэнээ хэвлийд нь цаазалж байна

Глобалчлал буюу даяаршлын үед улс үндэстэн бүр нэгэн үзэл бодол дор нэгдэж байгаа өнөө цагт цаазаар авах ял оноох нь маргаантай асуудлын нэг байсаар байна. Нэн ялангуяа хүний эрхийг эрхэмлэн дээдлэх ёстой ардчиллын энэ үед цаазаар авах ял оноох нь тухайн хүний үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчиж, гутаан доромжилж байгаа хэлбэр хэмээн хуульч, судлаачид дүгнэх болсон. Монгол улсын тухайд Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ялыг онооно хэмээн Эрүүгийн хуулийн есдүгээр бүлгийн 53.1-д заасан байдаг бөгөөд энэ ялыг буудаж гүйцэтгэдэг. Сүүлийн үед цаазын ял оноохоор гэмт хэрэг багасч байна гэж хуульчид үзэж байгаа ч үнэн чанартаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга тийм ч бодитой болж чадаагүй гэж дүгнэгсэд цөөнгүй. Жилд хичнээн хүн цаазаар авах ял сонсож буй тухай болон хаана нутаглуулдаг нь улсын нууцад хамаардаг. Гэтэл манай улс жил бүр 30 мянган иргэнээ хэвлийд нь хороож байгаагаа мэддэг боловуу. Угаасаа хүний амийг хороох нь байж болшгүй гаж хандлага шүү дээ.

Гэтэл сүүлийн үед, үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн болоод ч тэр үү энэ байдал бараг л энгийн үзэгдэл мэт болж. Нэн ялангуяа архидан соггтуурсны улмаас үүссэн замбараагүй бэлгийн харьцааны балгаар хүсээгүй жирэмслэлт тоймоо алдаж түүнийг далимдуулан мөнгө олох гэсэн эмч нэртэй алуурчид борооны дараах мөөг шиг олширсоор. Тав алхаад л чамин нэртэй эмэгтэйчүүдийн эмнэлэг. Тухайн эмнэлэгт хандагсдын дийлэнх нь үр хөндүүлэх гэсэн оюутан охид. Эрүүл мэндийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 36.1 -д Үр хөндөх ажилбарыг зөвхөн шаардлага хангасан эмнэлгийн нөхцөлд, эрх авсан мэргэжлийн эмч гүйцэтгэнэ гэж заажээ. Мөн тус хуулийн хоёрдугаар бүлгийн 12.1-т Зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, боловсон хүчин бүхий, өмчийн аль ч хэлбэрийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байна. Хуулийн дээрх хоёр заалтаас манай улс үр хөндөх асуудал дээр ул суурьтай ханддаггүй нь илхэн харагдаж байгаа төдийгүй дээрх хоёр шаардлагыг хангасан л бол хүний амь насыг хороох нь хуулийн хүрээнд хийж байгаа асуудал болж хувираад байгаа юм.

Мөнгөтэй л бол ямар ч бичиг баримт, диплом, гэрчилгээ, зөвшөөрлийг авах боломжтой болжээ. Үүнийг далимдуулан их эмч гэсэн сэтэртэй, байшингийн нүх сүвийг ашиглан эмнэлгийн ор тавьсан эмэгтэйчүүдийн эмнэлэгэнцрүүд олширсоор байна. Нэгдүгээр төрөхийн байранд гэхэд л эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг 10 гаруй бий. Үр хөндүүлэхээр очсон нэгний иргэний үнэмлэх гэх мэт бичиг баримтыг шалгахгүй, гэрийнх нь хаяг, адаглаад л нэр усаа зөв хэлэх эсэхэд нь хяналт тавьдаггүй, мөнгө л олж байвал барав гэсэн ойлголттой эмч нар дэндүү олон болж. Хэвлий дэх үрийг нь хороосныхоо хариуд төлөөс болгон авсан мөнгөө үйлчлүүлэгчийнхээ нүдэн дээр хуваан авч байгаа тэдэнд хүн чанар гэж байдаггүй бололтой. Манайхан 1 -Зсартай урагт үр хөндүүлэх нь энгийн зүйл гэж боддог. 1-3 сартай ургийг хүн бус харин нөжирсөн цус гэх ойлголтыг шинжлэх ухаан 100 жилийн өмнө халж энэ бол хүн юмаа гэж нотолсон.

Илүү тодорхой болгохын тулд жишээ дуръдя. Үр хөврөлийн хөгжил аймшигтай хэрнээ гайхалтай. Гурван долоон хоногтой буюу 21 хоногтой үр хөврөл нь 0.5 см хэмжээтэй бөгөөд энэ үед тухайн хүүхдийн цусны эс, зүрх бий болно. Мөн тархи, нугас мэдрэлийн сүлжээний үндэс бий болж, нүд, бөөр, элэг бүрдэж эхэлдэг байна. Харин 5.5 долоон хоногт хэмжээгээрээ үзэм шиг жаахан ч зүрхний цохилт нь том хүнийхээс төдий л ялгагдахгүй. Нэг cap 10 хоногтоо тархи нь амилж 1.3 см өндөртэй болох ба энэ үед бяцхан хүүхэд шиг харагддаг. Тархи нь том хүний тархитай адил бусад эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулж, мэдрэлийн сүлжээ болон хоол боловсруулах эрхтэн сайн хөгжсөн байна. Хэрэв биед нь хүрвэл зайлсхийж бултана. Хоёр сартай ураг 3 см хэмжээтэй, биеийн бүх бүтэц бүрэлдэж дууссан учир эрхтнүүдээ хөгжүүлж, хэмжээгээрээ өсөх л үлддэг. Энэ үед хүүхэд чөлөөтэй хөдөлж, усан дотроо сэлдэг. Гурван сартай ураг 60 гр жинтэй хэрнээ гараа атгаж, эрхий хуруугаа хөхөн, хөмсөг зангидаж, амаа нээж чадна.

Мөн амтлахуй нь хөгжиж, чих нь сонсголтой болсон байдаг бөгөөд эхийнхээ дуу хоолойг сонсоод таньдаг. Дөрвөн сартай ураг 21 см өндөртэй болж мөч, арьс, булчин нь бүр мөсөн хөгжсөн байх агаад гадны дуу чимээг төвөггүй сонсох чадвартай болж энэ үеэс зөвхөн жин нэмж хэмжээгээрээ томорч эхэлдэг байна. Үүнээс үзэхэд бидний нөжирсөн цус хэмээн үл ойшоодог тэр гурван сартай ураг аль хэдийн та бидний адил хүн болсон нь мэдрэгдэж байгаа биз. Хүн нэмэхээр хүнс нэмэгддэг гэж монголчууд бэлэгшээдэг. Гэтэл хуулиараа хүлээн зөвшөөрөөд, өсөн нэмэгдэх гэж ядаж байгаа цөөхөн хэдэн монголчуудаа бид өөрсдийн гараар устгасаар байх гэж үү. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар хувийн болоод улсын эмнэлгүүдэд жилд 30 мянган үр хөндөлт хийдэг нь тогтоогджээ. Энэ бол зөвхөн цаасан дээр харагдаж байгаа тоон үзүүлэлт. Гэтэл үүний цаана судалгаанд хамрагдаагүй нууцаар үйл ажиллагаа явуулдаг хичнээн хувийн эмнэлэг байгаа бол. Дээрх тоо 1-2 дахин нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй.

Үр хөндөлт хийдэг хувийн эмнэлгүүд сүүлдээ бүр даварч оюутны дотуур байранд орогнох болж. МУБИС-ийн Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх салбарын оюутны дотуур байрны өрөөнд эмэгтэйчүүдийн эмнэлэг байрладаг. Бас болоогүй, сургуулийнхаа оюутнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ гэсэн зарлалыг тод томруунаар хаджээ. Энэ нь угтаа үр хөндөлт хамгийн их хийлгэдэг оюутнуудад үйлчилгээ нь ойртсоны тод жишээ. Ялангуяа оюутны хотхон байрласан газар эмэгтэйчүүдийн эмнэлэг багширна. Үүнээс хичнээн орлоготой гэдэг нь харагдаж байгаа юм. Соц нийгмийн үед эрүүл мэндийн хувьд хүүхэд төрүүлэх чадваргүй болсон эмэгтэйг хурлаар оруулан байж үр хөндүүлэх зөвшөөрөл олгодог байсан гэдэг. Өнөө цагт олон нийтийн хурлаар оруулахгүй юм аа гэхэд эмэгтэйчүүдийн эмнэлэгт тавих хяналт шалгалтаа чангатгаж, бидний ирээдүй болсон охид, хөвгүүдэд багаас нь бэлгийн зөв хүмүүжлийг олгох ажлыг салбар хариуцсан яамд нь сайтар хийх шаардлагатай болоод байна.

Д. Оюунжаргал

Дугаар 06 /502/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button