Монголын боксын ирээдүй итгэлтэй байна
Долоо дахь удаагаа болж буй уг тэмцээнд энэ жил 29 багийн 176 тамирчид нударга зөрүүлэв. Өсвөрийн тамирчдын идэвх, сонирхол эрс өссөн нь энэ тэмцээнээс илт харагдаж байв. Нэг жинд 20-30 боксчид өрсөлдөнө гэдэг бол том үзүүлэлт. Ирээдүйн одод болох шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах зорилготой уг тэмцээнийг Б.Олзод агсны гэр бүл үр хүүхдүүд нь жил бүр ивээн тэтгэж явуулж байгаад спортын хамт олон сэтгэл өөдрөг байдаг юм. Бээжин-2008 олимпийн дараа энэ спортыг сонирхогч хүүхдүүдийн тоо улам их өссөн. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд дөнгөж хоёр, гурван cap боксоор хичээллэсэн хүүхдүүд медаль зулгаагаад байна гэж бодоход манайхны спортын булчирхай маш сайн байгаагийн шинж. Энэ эрчээ алдахгүй явбал бидэнд өөр зөндөө амжилтын оргил байна. Тэмцээн амжилттай өндөрлөж багийн дүн гарахад хөдөө орон нутгийнхан тэргүүлэв.
Багийн дүнгээр Г.Ганхуяг дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн БТСХ-ны Улаан ирвэс клуб тэргүүлж, удаад нь Х.Хайнар, А.Гантулга дасгалжуулагчтай Баян-Өлгий, Алдар спорт хорооны багууд орлоо. Боксын тэмцээн болгоны үеэр шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн өсвөрийн УАШТ шилдгүүдээ тодруулж өргөмжлөл өгөв. Шилдэг боксчноор Шижир алт клубийн Г.Ган-Эрдэнэ шалгарсан бол Өсөх ирээдүйтэй тамирчнаар 54 кг-д хүч үзсэн Баян-Өлгий аймгийн А.Нурбек тодорлоо. Хамгийн хэл амтай хэцүү давааг давсан шүүгчдээс Т.Батгэрэл шилдэг хэмээх өргөмжлөлийг хүртэв. Ийнхүү дөрвөн өдөр СТО-ны боксын заалыг донсолгосон тэмцээн амжилттай болж өндөрлөв.
Л.НАРАНБАТ (Булган аймгийн спортын газрын дасгалжуулагч)
-Энэ жилийн тэмцээнд есөн тамирчинтай ирсэн. Амжилт бол санасанд хүрч чадсангүй. Ганцхан медальтай буцаж байна. 46 кг-д хүч үзсэн Б.Мөнгөншагай маань мөнгөн медаль хүртэж баг хамт олноо баярлууллаа. Уг нь өнгөрсөн жил манайхан багаараа дөрөвдүгээр байрт орж байсан юм. Энэ удаа амжилтаа ахиулж чадсангүй. Энэ жилийн тэмцээний зохион байгуулалт давгүй байна. Гэхдээ би сайн гэж хэлэхгүй. Шүүгчдийн ур чадвар, арга барил дутагдалтай байна. Хот, хөдөөгийн ялгаа гаргаад байна уу даа гэж бодогдлоо. Манай аймгийн БТСГ-ын даргаар улсын начин Д.Эрдэнэбилэг ажилладаг. Спортод, тэр тусмаа бокст маш сайхан дэмжлэг үзүүлдэг хүн. Бидний бүх зардлыг манай аймгийн спортын газар гаргаж өгсөн. Би бол Булганы унаган хүүхэд. Боксоор 1992-1998 оны хооронд хичээллэж байсан. Спортын мастер цолтой. Одоо өөрийн мэддэг чаддагаа шавь нартаа өвлүүлэхийг хичээж явна. Манайхан юм дуулгана аа.
Х.ХАЙНАР (Баян-Өлгий аймгийн дасгалжуулагч)
-Тэр хол нутгаас сэтгэл гарган ирж энэ жилийн тэмцээнд амжилттай оролцсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Болж л өгвөл нийслэлд болж байгаа тэмцээнд оролцохыг боддог. Энэ жил бид чамлахааргүй амжилт үзүүллээ. Хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багаараа хоёрдугаар байрт шалгарлаа. 54 кг-ын жинд хүч үзсэн А.Нурбек маань өсөх ирээдүйтэй тамирчны тусгай шагнал авсанд манайхан баяртай явна.
-Баян-Өлгийнхөн нийслэлд боксын тэмцээнд ирэх болгондоо нэг юм дуулгаад явчихдаг. Тийм болохоор зодооны урлаг танай нутагт дажгүй хөгжиж байгаа юм уу даа?
-Манайхан спортод их элэгтэй хүмүүс. Боксоор бол үе үеийн шилдгүүд орон нутагтаа бий. Бид өсвөр үеийн тамирчдаа сайн бэлтгэж байж ирээдүйн оддоо төрүүлэх учиртай. Манай Биеийн тамир, спортын газар нэг фургон машинтай. Түүгээрээ бид сая ирсэн. Хотод байх байр, хоолыг Мусафир гуай ивээн тэтгэсэнд баяртай явна.
-Хөдөөд спортын материал, хэрэгсэл тэр бүр хангалттай байдаггүй. Танайд энэ бэрхшээл бас л бий юу?
-Манайд боксын ринг бий. Аймгийн аварга шалгаруулах гэх мэт томоохон тэмцээний үеэр тэрийгээ гаргадаг. Сая өсвөрийн УАШТ-д оролцох хүүхдүүдээ аймгийн аваргаар шалгаруулж тодруулсан.
Г.ГАНХУЯГ Шинэ тамирчид маань сэтгэлд хүртэл өрсөлдлөө
2009 оны өсвөр боксчдын УАШТ-д багаараа тэргүүлсэн Сэлэнгэ аймгийн спорт газрын Улаан ирвэс клубийн дасгалжуулагчтай хэдхэн хором хөөрөлсдөн юм.
-Энэ жил танайхан бас л сайхан өрсөлдлөө?
-Багаараа гурав дахь удаагаа улсын аварга цол хүртлээ. Гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэндээ баяртай явна.
-Тамирчдын тань дотор бас хуучны хашрууд байх шиг харагдлаа?
-Өнгөрсөн жил уг тэмцээнд оролцож байсан хүүхдүүдээс 60 кг-д Д.Эрболд, 63 кг-д Т.Мөнхбаатар нар алтан ме-даль хүртсэн. Мөн энэ тэмцээнд анх удаа оролцож байгаа Д.Эрдэнэбаяр 44 кг-д аваргалж биднийг баярлууллаа. Ер нь бол 10 шинэ тамирчидтай тэмцээнд оролцлоо.
-Сэлэнгэ аймаг боксын өөрийн гэсэн школьтой. Энэ спорт маш эрчтэй хөгжиж байгаа юу?
-Үе үеийн шилдэг боксчид Сэлэнгээс төрсөн. Тэр уламжлал тасалдахгүй байгаад баярладаг. Одоо боксын спортыг сонирхогч хүүхдүүд маш их болж. Ялангуяа Бээжин-2008 олимпийн дараа секц, дугуйланд орохыг хүссэн хүүхдүүд олширсон. Харамсалтай нь материал хэрэгсэл бидэнд хангалтгүй байна.
Ч.Сүхбаатар
Дугаар 11/817/
ТАВАН ЦАГИРАГ