Засгийн газрын ээлжит хуралдаанаар юу хэлэлцэв
Хуулийн төслийг дэмжсэнгүй
УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Оюунхорол, Ц.Даваасүрэн нар Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Төсөлд стратегийн гол бүтээгдэхүүн болох махыг гурил, улаан буудай, бензин шатахууны нэгэн адил улсын нөөцөд авах тухай харилцааг тусгахаар заасан байна. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг махны нөөц хэлбэрээр байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, нийслэл, аймгийн төвүүдийн хүн амын хэрэгцээнд зориулан 15.0 мянган тонн мах худалдан авч, санд нөөц хэлбэрээр байршуулахаар тусгасан байна.
Хууль, тогтоолын төсөл батлагдсанаар малчдын орлого буурах эрсдэлээс хамгаалах, хот суурин газрын хүн амын махны хангамж, нийлүүлэлт тогтворжиж мах, махан бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үзүүлэлт сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Төслийг хэлэлцээд
– сангийн хөрөнгийг махны нөөц хэлбэрээр байршуулах нь хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байна
– мах нөөцлөх арга хэмжээг улсын төсөвт хөрөнгө суулгах замаар зохицуулах боломжтой гэж үзэж, дээрх саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
Журам баталлаа
Хуралдаанаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, оршин суух журам-ыг баталлаа.
Журамд Монгол Улсын иргэн чөлөөт бүсэд зорчих, оршин суухад шаардагдах баримт бичгийн жагсаалт, бүртгэлд оруулах мэдээлэл зэргийг хялбаршуулан тусгасан байна.
Бусад улсын жишгээс үзэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор чөлөөт бүсэд иргэдийг зохих хөнгөлөлттэй зорчуулах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг тул манай улсын хувьд уг бүсэд зорчих, оршин суух талаар төрөөс хөнгөлөлттэй нөхцөлийг баримтлах нь чөлөөт бүсийн мөн чанарт нийцнэ гэж үзэж байгаа юм. Тиймээс зөвхөн тус бүсэд хүчин төгөлдөр байх визтэй болгож, оршин суух зөвшөөрлийг хялбарчилсан журмаар олгож байхаар журамд тусгажээ.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн чөлөөт бүсээс гаднах Монгол Улсын нутаг дэвсгэрт заавал визтэй зорчих аж.
Төрийн өмчит компани байгуулна
Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий АтоМон төрийн өмчит компани байгуулах нь зүйтэй гэж үзэв.
Тус компани уран болон бусад цацраг идэвхт ашигт малтмалын геологийн судалгаа, хайгуул хийх, нөөцийг тогтоож, нэмэгдүүлэх, тэдгээрийг ашиглах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барьж байгуулах, үйл ажиллагааг удирдах, ураны хүдрийг олборлох, боловсруулах, баяжуулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэх, энхийн зориулалтаар ураны бүтээгдэхүүнийг экспортлох зэрэг үйл ажиллагаа явуулах юм.
Ой тэмдэглэх тогтоол гаргав
Холбогдох журам, Нийслэлийн ИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн саналыг үндэслэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 370 жилийн ойг 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэх Засгийн газрын Тогтоол гаргахаар шийдвэрлэв.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Их Монгол уулын өвөр бэлд орших Ширээт цагаан нуурын хөвөөнд 1639 оны туулай жил байгуулагдсан Шар бөсийн хот өргөө-г Улаанбаатар хотын үүсэл хэмээн тогтоожээ.
Улмаар 1993 онд 355, 1999 онд 360, 2004 онд 365 жилийн ойг Засгийн газрын тогтоолоор тэмдэглэж байсан байна.
Цагаан сарын баярт төрөөс зардал гаргахгүй
Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Долгорын танилцуулгыг сонсоод
– Дэлхий нийтээр санхүү, эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед Цагаан сарын баярыг эртний уламжлал ёсоор ахмад настнаа хүндэтгэж, хүүхэд нялхсаа баярлуулах хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалах
– Цагаан сарын баярыг архигүй, цагаан идээ түлхүү хэрэглэн тэмдэглэдэг уламжлалаа сэргээх, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон өөрсдийн хийж бүтээсэн зүйлээр бэлэг өгөх
– Төрийн болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын хэмжээнд баярыг давхардал, чирэгдэлгүй, төрөөс зардал гаргахгүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын нөөцөөс өвч, тэжээл олгоно
Мал өвөлжилтийн байдал хүндэрсэн Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар сумдад тухайн аймаг дахь улсын нөөцийн салбараас 100 тонн өвс, 20 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан худалдаж, түүний орлого болон Засгийн газраас олгох үнийн зөрүүгийн санхүүжилтээр 2009 онд нөхөн бүрдүүлэхийг Шадар сайд М.Энхболдод даалгав.
Тус аймгийн зарим сумдын нутгаар нэгдүгээр сарын 20-22-нд хүчтэй цасан шуурга болж, цасны зузаан 25-40 см-т хүрч, дээр дурдсан сумдын малчин өрхийн 70 гаруй хувь нь мал, хашаа хороогоо цасанд даруулсан, тэжээлээ ашиглаж дууссан, мал бэлчээрлэх боломжгүй болсон байдалтай байгаа юм.
Гадаад байгаа Монголчуудын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулав
Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, салбар хоорондын уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэг бүхий Гадаадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Зөвлөлийн дарга нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх бөгөөд Зөвлөл ажлын албатай, орон тооны хязгаар нь 6 хүртэл байх юм.
Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, холбогдох бусад хуулийн заалтыг үндэслэн Намцагийн Батсуурийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны, Жадамбын Бат-Эрдэнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны, Түдэвхүүгийн Гантулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны, Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны, Дамдингийн Цогтбаатарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.
Яамдын үйл ажиллагааны чиг үүрэг, нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэхүү томилгоог хийж байгаа юм.
Мөн сайд нарын тохиролцоо, өөрсдийнх нь зөвшөөрлийг үндэслэн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурийг БОАЖЯ-ны, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 1 жилийн хугацаатайгаар сэлгэн ажиллуулахаар болов.
ТОВЧХОН
• УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
• Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ хоорондын гэрээ-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
• Засгийн газрын үйл ажиллагааны 2009 оны 1 дүгээр сарын товч мэдээлэлтэй танилцлаа.