Эрчим хүчнийхний тархи угаалт хэрээс хэтэрлээ

Эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртсөн байгууллага манайхаас өөр байхгүй. Хэрэв шинэчилсэн тарифыг баталж өгөхгүй бол улс орон даяараа харанхуй болно хэмээн өрөвдүүлэх, сүрдүүлэхийг хосолсон мэдээллийг байнга хийнэ. Гэвч ийм хүндхэн үед тэднийг өрөвдөх, май гээд халаасаа тэмтрэх хүн олдсонгүй.

Харин ч хариуцлагагүй, менежмент, зохицуулалтын алдаатай ажиллаж өнөөгийн алдагдалд хүрснийгээ гавьяа байгуулчихсан аятай ярьж суухаас ичдэггүй юм байх даа. Ядуурч байгаа ард түмнээ тавалж байгаа юм шиг одоо тарифаа нэмэгдүүлэх гээд байхдаа яадаг байна гэсэн хүн олон. Зарим нэг нь үнэхээр хэцүүдээд байгаа юм бол лаагаа бариад сууя. Өмнө нь болоод байсан. Одоо ч болохгүй гэх газар алга гэх.

Тэгэхээр цахилгаан дулааны үнэ тариф нэмэх санал ард түмний сэтгэлд төдийлөн таалагдахгүй байгаа нь илт. Ийм байхад эрчим хүчнийхэн тархи угаалтаа хийсээр л. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэсэн үг бий. Тархи угаалтынхаа эрчийг сулруулалгүй үргэлжүүлээд байвал хэзээ нэг өдөр шийдэж өгч л таараа гэж бодсон бололтой. Дулааны цахилгаан станцууд, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс өгөөд мэдээллээр тэд төсвөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй. Томоохон аж ахуйн нэгжүүдийн өр зузаарсаар өнөөдөр 29 тэрбум төгрөгт хүрсэн гэх. Энэ үгнүүдийг нь сонсохоор өмнөөс нь нүүр улайх юм. Хэдийгээр жил бүр төсвөөс татаас авдаггүй ч гэлээ энэ салбар руу гадны томоохон зээл тусламжууд урсан ордог. Гэтэл бор зүрхээрээ явж байна гэж хэлж болохгүй. Авсан мөнгөө зөв зохицуулаад, шинэчлэлт, хэмнэлт хийгээд ажиллаж чадаагүй бол хариуцлагаа хүлээгээд халагдах өргөдлөө өгмөөр юм.

Мөн элдэв хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг томоохон аж ахуйн нэгжүүдээс авлагаа авбал алдагдлынхаа нэлээд хувийг нөхчих боломж харагдаад байдаг. Тэр аж ахуйн нэгжүүдийн тогийг тасалж байгаад ч болтугай авлагаа авах хэрэгтэй. Жирийн хэрэглэгчдийг хоёр cap мөнгөө төлөөгүй гээд тогийг нь тасалдаг юм билээ.

Тэр төмөр нүүрээ том гэдэг аж ахуйн нэгжүүддээ яагаад гаргаж чаддаггүй юм. Эсвэл цаана нь байх нөлөө бүхий хүмүүсээс нь айгаад ноолоход амраар нь жирийн иргэдийнхээ халаасыг суйлах гээ юу. Үнэхээр тийм бодолтой байгаа бол үүнийг бүдүүлэг дээрэм гэхээс өөр юу гэх билээ. Төр хэмнэлтийн аян өрнүүлэн ажлын байраа нягтруулж байгаа. Энэ аяныг өнөөдөр эрчим хүчний салбарт өрнүүлж дэл сул албан тушаал, хариуцлагагүй нөхдийг төрхөмд нь буцаавал яасан юм бэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button