XXI зууны суутнуудыг Монголоос хайж байна
Судалгааны багийнхан манай улсын эрдэмтэн, доктор, багш нартай уулзаж санал бодлоо солилцжээ. Тэд олон сая, тэрбумаар тоологдох хүн амтай улс орнуудаас оюуны өндөр чадвартай 1-2 хүүхдийг тодруулсан бол Монголд 20 орчим байх магадлалтай гэж үзсэн байна. Эрдэмтэд улс орнуудаас шилж, сонгож авсан оюуны өндөр чадвартай хүүхдүүдээ тусгай сургалтын хөтөлбөрт хамруулж, өндөр хэмжээнд бэлтгээд энэ зууны суут оюун ухаантныг төрүүлэх юм.
АУГАА СУУТАН ТЭРБУМД НЭГ ТӨРДӨГ
Хүний оюун ухааныг хэмжих тусгай категори бий. Жирийн хүний дундаж IQ 100 байдаг. Харин сод ухаантных 160-180, суут хүнийх 180-200, аугаа их суутан 200-аас дээш IQ-тай байдаг ажээ. Энэ дэлхий дээр одоо амьдарч байгаа зургаан тэрбум болон өмнө нь амьдарч байсан хүмүүс нийлээд 100 орчим тэрбум гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ. Тэрбум хүн тутамд нэг аугаа их суут хүн төрдөг гэсэн судалгаа бий. Тиймээс хүн төрөлхтний түүхэнд 100 орчим аугаа их суут хүн амьдарч байжээ. Эдний дундаас хамгийн өндөр IQ-тай хүнээр 210 нэгжээр Германы эрдэмтэн Гёте тэргүүлдэг бол Чингис хаан 204 нэгжээр 40-д ордог. Гэтэл монголчуудын хүн амын тоо урд өмнө амьдарч байсан хүмүүсээ нийлүүлээд ч тэрбумд хүрэхгүй. Их л бодож 100 сая хүн амтай байсан гэж үзэхэд бидний дундаас нэг аугаа суут хүн төрсөн нь учиртай.
УХААНТ ХҮНИЙ ӨЛГИЙ НУТАГ
Дэлхийн түүх, шинжлэх ухааны судалгаагаар гурван сая орчим жилийн өмнө хүн анх Африкт бий болсон гэж үздэг. Метр орчим өндөртэй, жижигхэн тархитай тэр хүн хойд нутгаар дамжиж, Сахарын элсэн цөлийн наагуур, Гималайн нурууны баруун хойд талаар, хойд өргөргийн 45-55 градусын хооронд нүүдэллэн иржээ. Энд байх хугацаандаа тэр хүн хөгжлийн эвалюцад орж толгой нь томрон, дух нь урагшаа түрж, ухаант хүн болоод буцаад нүүсэн гэдэг. Тиймээс төв Азийн хойд өргөргийн эрс тэс уур амьсгал, дөрвөн улиралтай энэ нутгийг ухаант хүний өлгий гэж нэрлэжээ. Хүний оюун ухаан хөгжих эх ундарга гэж үздэг энэ бүсэд Монголын газар нутаг багтдаг. Тиймээс монголчууд хаана ч дасан зохицох чадвартай, оюун ухааны чадвар өндөртэй байдаг аж.
ТАРХИНЫ ХЭМЖЭЭ БА ОЮУН УХААНЫ ЭЕРЭГ ХАМААРАЛ
Тархины олон улсын судалгаагаар хамгийн том тархитай бие даасан үндэстнээр Монголчууд тогтоогджээ. Мөн Якут, Буриадууд болон туйлынхан ордог аж. Хүйтэн уур амьсгалыг даван туулахын тулд хүний тархи томордог байна. Эрдэмтэд тархины хэмжээ, IQ хоёр хоорондоо 08 гэсэн эерэг хамааралтай болохыг нээжээ. Монгол хүн оюун ухаантай байх суурь өгөгдөхүүнд толгой том байх нь нөлөөлдөг юм байна. Мон¬голчууд том толгойтой хүүхдийг юм сурах хүүхэд гэж ярьдаг байсан нь оргүй биш аж. Шар арьстан, тэр дундаа зүүн хойд Азийн шар арьстнууд оюуны чадавхи хамгийн өндөртэй нь тогтоогджээ. Мөн Кавказ болон Еврейчүүд ч удаалдаг байна. Дэлхий дээр Чингис хаантай адил Y хромсомтой 16 сая хүн байна гэсэн судалгаа байдаг. 1930-аад оны үед Герман эрдэмтдийн хийсэн судалгаагаар эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тархины хэмжээ 200 граммын зөрүүтэй байжээ. Харин энэ ялгаа одоогийн байдлаар 100 гр болон өөрчлөгдсөн байна. Энэ маягаараа эмэгтэй хүний тархины хөгжил хурдацтай явагдвал 2050 он гэхэд эрэгтэй хүнийхтэй адил болно гэжээ. Сүүлийн үед эмэгтэйчүүд хүчирхэг болсны учрыг ч тархины хөгжилтэй холбон тайлбарлаж байна.
Оюуны чадварын IQ төвийн тэргүүн, профессор Ц.Дэмбэрэл ХҮҮХДИЙН IQ-Г ААВ, ЭЭЖИЙНХ НЬ ОЮУН УХААНЫ ДУНДЖААР ТОГТООНО
-Монголчуудын оюуны чадвар ямар түвшинд байна вэ?
-Умард Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лүнн, Финландын улс төр судлалын профессор Тату Ванханен нарын хамтарсан судалгааны IQ ба үндэстний баялаг бүтээл анх 2002 ондхэвлэгдэн гарсан. Энэхүү судалгаагаар Монгол хүний оюуны чадавхи 98 нэгжтэй тогтоогдож, дэлхийн 188 улсорны 21-д орсон байна. Харин 2006 оны судалгаагаар есдүгээрт оржээ. Таван жилийн хугацаанд ийм хурдацтай урагшилсан орон байхгүйг эрдэмтэд тэмдэглэжээ. Монгол бол төрөлхийн өндөр IQ-тай хүмүүс. Харамсалтай нь улс төрийн систем нь энэ хүмүүсээ боомилоод байсан. Дэлхийд монголын үе ирж байна. Тэд оюун ухаандаа анхаарч, ажиллаж эхэлснээс гадна одоо л өөрийгөө олж байна. Энэ маягаараа дэлхийн оюун ухааны оройд тун удахгүй гарлаа. Энэ хүмүүсийн сул тал нь бүтээлч бус байдаг гэж биднийг дүгнэсэн байна.
-Хүний оюун ухаан Хэрхэн удамшдаг юм бол?
-Оюун ухааны хэдэн хувь нь өвлөгддөг, хэд нь хөгждөг гэдэг дээр эрдэмтэд одоог хүртэл маргасаар байна. Гэхдээ тэд маргаанаа зогсоож оюун ухааны төрмөл, таримлын харьцааг 50/ 50 дээр тогтохоор болжээ. Хүүхдийн IQ-г аав, ээжийнх нь оюун ухааны дунджаар тогтоодог. Тухайлбал, аавынх нь оюун ухааны үзүүлэлт 70, ээжийнх нь 80-тай гэж бодоход хүүхдийнх нь дундаж IQ 75 болж удамшдаг. Удамшиж ирсэн IQ-гaa хүн амьдралын явцад хөгжүүлэх ёстой. Манайд 1000 төрөлт тутамд төрөлхийн өндөр оюун ухаантай 3, төрөлхийн усан тэнэг 3-4, 994 хүүхэд эрүүл, саруул төрдөг. Тиймээс хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж чадвал суут ухаантан, үгүй бол усан тэнэг болно. Хүүхэд бол мэдээлэл чихдэг сав биш асаадаг бамбар юм. Хүүхдээ хөгжүүлэхийн тулд эцэг эхчүүд зуны сургалт, семинарт хамруулж, оюун ухааныг нь сорьсон бодлого бодуулж, тоглоомоор тоглуулж байвал сайн. Хүүхдийг аль болох байгальтай ойр байлгах нь оюун ухаанд маш их тустай нь батлагдсан.
-Монголчуудын оюуны чадамж өндөр болохыг эрдэмтэд олон талаас нь тайлбарлан баталсан. Харин бид хөгжүүлэх талаар юу хийж байна вэ?
-Монголоос бусад бүх оронд тусгай бодлогоор элит сургууль, цэцэрлэг байгуулсан байдаг. Эдгээр нь ямар нэг яаманд бүртгэлгүй, хаалттай, тусгай бодлогоор, улсынхаа хэмжээнд cop хүүхдүүдээ сонгон авч сургадаг. Билэг авьяасыг дэмжих хуультай. Ухаантай хүүхдүүдээ цааш нь яаж хөгжүүлэх талаарх арга нь маш нууц байна. Гэтэл манайд дөнгөж хуулийг нь боловсруулж байна. Харамсалтай нь төрийн бүтэц муу. Хариуцлага хүлээх, нууц хадгалах чадваргүй төртэй байхад ийм бодлого явахгүй л дээ. Бид эхлээд хүн амынхаа оюуны хөгжлийг оношлох хэрэгтэй. Энэ ямар хүн бэ, ямар төрөлд илүү амжилт гаргах вэ гэдгийг нь тогтоосноор тухайн хүүхдийг зөв бэлдэж чиглүүлнэ. Ийм олон улсын стандартад нийцсэн багажууд оруулж ирж байна. Хүмүүс хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаардаг болсноор сүүлийн жилүүдэд хүүхдийн IQ улам сайжирч байна.
Оюун ухааны өлгий нутагт амьдран суугаа нүүдэлчин монголчууд руу дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Оюун ухааны өлгий нутагт амьдардаг, том тархитай, дундаж өндөртэй, шар арьстай, Чингэс хааны Y хромсомотой, хөх толбот монголчуудаас XXI зууны аугаа суутан төрөх боломжтойг олон улсын эрдэмтдийн гаргасан судалгаанууд харуулж байна. Үр хүүхдийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж, суут хүмүүсийн эгнээнд оруулахын тулд эцэг эхчүүд бид анхаарлаа хандуулж чадвал дэлхийн суутнууд Монголоос төрөх магадлал өндөр байна.
Х.Монголхатан
Дугаар 24/3106/