Хямралын талаархи сайн мэдээнүүд

Хэмнэлт л биднийг аврах юм шиг ярьж байна. Гэр бүлийн хүрээнд хэмнэлт сайн эмчилгээ боловч, улс орны хувьд энэ нь ямар ч боломжгүй зүйл гэдгийг эрдэмтэд ярьсаар…

Гаднаас зээлээд ч хамаагүй, дотоод нөөц боломжоо ашиглан мөнгө босгох эрэлд эдийн засагчид мордлоо. Шатахууны үнэ буурч байгаа сайн мэдээ байгаа ч нэгэнт өссөн барааны өсөлтийг буулгаж дийлэхгүй байна. Бүхий л салбарт энэ чичиргээ мэдрэгдэж байна. Үүний нэг нь барилгын салбар. Барилгын салбар хүнд байдалд байна. Хавраас өмнө хариуцсан яам нь банкны зээлийг олгож, аврах цагариг шиднэ гэдэг чихэнд чимэгтэй мэдээ дуулдаж эхэлсэн. Банкууд зээл олгож эхэлнэ гэдэг барилгын салбарын хувьд авралын од болжээ.

Худалдаж буй байрны 50 хувь нь банкны зээлээр зарагддаг байсныг барилгын компанийн удирдлагууд одоо л хүлээн зөвшөөрч байх шиг. Баригдсан байр нь зарагдахаа больж, элдэв шагнал, сугалаа амлан сүүлчийн хүчээ шавхан реклам цацаж эхэллээ. Бусдын адил барилгын зах зээл дээр бэлэн мөнгө улам л ховордож байна. Гүйлгээнд хэвийн эргэлдэж байсан мөнгө найдвартай үл хөдлөх хөрөнгө болон хувирчээ. Бэлэн мөнгө үл хөдлөх болж, монгол төгрөг ногоон доллар болон хэзээ нар үзэхээ мэдэхгүй хав дараастай хэвтэх нь чоно үүрэндээ өлзийтэй гэх шиг.

Нэгэн барилгын компанийн захирал ийн ярилаа. Циркийн ойролцоо барилга барьж байгаа юм. Байр нь зарагдахаа больжээ. Хүмүүс сонирхон асууж байгаа боловч, долоо хоногтоо хэд хэдэн гэрээ хийдэг байсан нь одоо үлгэр домог мэт болжээ. Реклам цацахаас өөр арга алга хэмээн шүүрс алдаж байна. Уг нь байршил сайтай, бараг л хотын төвдөө орох газар л даа. Гэтэл хямралын дуулианаар энэ хавийн газрууд хэдийгээр хотын төвдөө орох боловч, дараа нь үнээ барих хэмжээний ашигтай үл хөдлөх хөрөнгө болж чадахгүй болжээ.

Өөр нэгэн барилгын компанийн захирал ийн ярьж байна. Хавраас барилгын ажил нь эхэлнэ гэнэ. Манай барилгууд байрлал сайтай тул зарагдахгүй байна гэсэн асуудалгүй хэмээн их өөдрөг зүйл ярьж байна. Хаа сайгүй хүнд байгаа юм биш үү? хэмээн яриа өдвөл Байрлалаасаа хамаарч орших уу, эс орших уу? гэдэг мөнхийн асуулт тавигдаж байгаа гэнэ.

Нөхрийн барилгууд Зайсанд баригдаж эхлэх аж. Манай бийлэгжүү зиндааныхан Зайсанд төвхнөдөг болсон. Зайсанд хаустай бол зуслантай байх ямар ч хэрэггүй гэсэн ойлголт хэвшжээ. Байршил, нүүрсний утаанд өртөж байгаа эсэх, байгальтай ойр байгаа эсэх зэрэг нь барилгын үнэнд шууд нөлөөлж байна. Тиймээс Зайсанд баригдаж байгаа барилгын үнэ хэзээ ч буурахгүй гэсэн Пиар нисэж эхэлжээ. Төв цэнгэлдэхийн ойролцоо баригдаж байгаа нэгэн барилгын нэг орцыг ченжүүд саяхан бүхэлд нь хямдхан худалдаж авчээ. Хямралын дараанаас үнэ нь унахгүй хэмээн тооцож байгаа аж.

Энд нөгөө л Байршил, байршил, бас дахин байршил гэсэн хууль үйлчилж эхэлжээ. Тодруулж хэлбэл, байршил сайтай газарт манай нийгмийн 20 орчим хувийг эзэлдэг мөнгөтэй гэх хүмүүс хөрөнгө оруулж эхэлжээ. Байрны хэрэгцээ асар их байгаа ч, үнэ нь унаж байгаа нь ченжүүдэд алтан боломжийг авчирч байгаа нь энэ аж. Найрамдалд газартай баячуудын хувьд байдал тийм ч сайхан байдаггүй бололтой. Найрамдалд хаустай нэгэн эрхэм орой ажлаасаа гэр лүүгээ явах гэж замын түгжээнд бүтэн хоёр цагийг зарцуулдаг байна.

Өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд эртлэн босдог гээд хотоос хол байхын зовлон их байдаг бололтой. Зайсанд газар үнэтэй болжээ гэж рекламдах гэсэнгүй, байдал ийм л байна. Саяхан бизнесмэн гурван залуу мөнгөө нийлүүлж, Гранд плаза-гаас байршил сайтай талбай худалдаж авчээ. Үлдсэн жаахан мөнгөөрөө Сингапур зэрэг улсаас бараа татан авчирч хямрал дуустал тэснэ гэж тооцож байгаа гэнэ. Хямралын үе дуусахад энэхүү худалдан авсан талбайн үнэ тэнгэрт хадна, өөрсдөө ажиллуулдаггүй юмаа гэхэд түрээслүүлнэ, үнээ алдахгүй хэмээн ярьж байна гэнэ.

Хямралын эхэнд хамгийн түрүүнд банк, үнэт цаас, хувьцаа, даатгалын компаниуд өртсөн. Даалууны эффект буюу даалууг босгож өрөөд нэгийг нь унагахад ар араасаа биеэ дэрлээд нурдаг шиг зүйл боллоо.

Үйл ажиллагаа нь доголдохоор томоохон компаниудын ашиг ч багасч, хувьцаа эзэмшигчдэд өгөх ногдол ашиг нь багассан. Улмаар хувьцаанд нь итгэж худалдан авах хүмүүсийн эрэлт буурснаар хувьцааны ханш унаж байгаа. Иймд хүмүүс Зайсанд барилга худалдан авах юм уу, Гранд плаза мэтийн зам дагуух орчин үеийн супер үйлчилгээний төвөөс талбай худалдан авч байна. Хямрал болдгоороо болоод өнгөрөхөд, үнээ үл алдах үл хөдлөх хөрөнгөд манайхан хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.

дугаар 026/952/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button