БНСУ гадаадаас ажиллах хүч авахаа түр зогсоов

Гадаадад манай улсын 120 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа. Тэдний дийлэнх нь БНСУ, АНУ, БНЧУ-д бий. Гэтэл эдгээр улсуудад эдийн засгийн хямрал хүндээр тусч гадаадын байтугай өөрийн орны иргэдэд нь ажил олдохгүй байгаа аж. Энэ талаар ч Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдээлэл ирүүллээ. Тухайлбал, БНСУ-д энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 32.206 монгол иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 16.806 нь хөдөлмөрийн гэрээгээр 10.194 нь хараар ажиллаж байна.

Тус улсад ажлын байр хомсдон гадаадаас ажиллах хүч авах тухай 2004 оны хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан мөн өнгөрсөн оны квотыг ашиглаж дуусгах зорилгоор БНСУ-ын Засгийн газар энэ оноос гадаадаас ажиллах хүч шинээр нэмж оруулахыг түр зогсоогоод байна.

/ 2008 онд зөвшөөрөл олгосон цөөн тооны ажилчдыг авч байгаа/ Үүний улмаас солонгосоос ажлын байрных нь захиалга 2008 онд ирсэн ч манай улсын 700 гаруй иргэн явж чадахгүй хойшлогджээ. Бүр тэр ажлын байр нь хадгалагдах эсэх нь ч тодорхойгүй байна. Тус улсын Хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээгээр шинээр ажилчид оруулах эрх нээгдсэн ч гэсэн гадаад орнуудад өгөгдөх энэ оны квот өмнөх оныхоос 20-30 хувь буурах төлөвтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл 2009 онд явах ёстой манай 5000 орчим хүн 1000-1.500 хүнээр багасахад хүрэх нь гэсэн үг юм.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрүүд дампуурч байгаагаас өнгөрсөн оны 10-12 дугаар сард гадаадын 8000 орчим, түүний дотор манай улсын 1000-аад гэрээт байсаар л… Хэдийгээр ийм нөхцөлд солонгосын хөдөлмөрийн бирж ажил олгох ёстой боловч хэрэг дээрээ ажил олдохгүй байгаа аж. Иргэд энэ асуудлаар ажиллах хүч илгээх төвийн Сөүл дэх төлөөлөгчийн газарт сүүлийн хэдэн cap ихээр ханджээ.

Гэрээт ажилчдын сарын дундаж цалин 900 ам.доллар байсан ч үйлдвэрийн газруудын нэлээд нь ажлын таван өдөрт шилжсэнээр дотоод, гадаадын ажилчдын хөдөлмөрийн сарын хөлс 836.000 вон /620 доллар/ болтлоо буурчээ. Энэ нь монгол руу шилжих валютын хэмжээг багасахад нөлөөлж буйгийн зэрэгцээ воны ханш чангарахыг иргэд хүлээж мөнгө гуйвуулахаа азнаж байна.

Манай иргэдийн мөнгөн гуйвуулгыг хамгийн их гүйцэтгэдэг Korea Exchange Ваnк-ны судалгаагаар, 2008 онд Монгол руу илгээх ажилчдын нийт мөнгөн гуйвуулга 40 хувиар багасчээ. 2008 оны сүүлийн зургаан сарын хугацаанд 2253 хүн нутаг буцжээ. Энэ байдалд хямрал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Ийнхүү БНСУ-д ажиллаж байгаа иргэдийн маань бодит байдал ийм байгаа бол БНЧУ-д бүр ч хүнд байна. Үүний нэгэн жишээг Франц улсын өдөр тутмын LE MONDE сонины 2008 оны хоёрдугаар сарын 8/9-ны өдрийн дугаарт Чех улс дахь монгол иргэдийн тухай Ажилгүй болсон азийнхан Чех Улсад учраа олохгүй бужигнаж байна нэртэй нийтлэлээс харж болох юм. Уг нийтлэлийг дор товчилон хүргэе.

Бүгд Найрамдах Чех Улсын баруун хэсэгт орших Пилзен хотод гадаадынханд зориулсан байрны өрөөнд 33 настай монгол эр Мөнхжаргал учраа олохгүй шаналж байна. Эхнэрийн хамт тэрбээр 2008 оны наймдугаар сард энэ оронд иржээ. Тэжээлийн үнэ өсснөөс алдагдалд орох болсон тул өөрийн эрхэлж байсан тахианы аж ахуйгаа зараад ийш ирсэн аж. Тэрбээр нэгдүгээр сарын дундаас эхлэн ажилгүй болсон бөгөөд оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь удалгүй дуусах аж.

Хэрэв тэрбээр гуч хоногийн дотор ажил олж чадахгүй бол, визийн хүчинтэй хугацаа дуусч, энэ орноос явахаас өөр аргагүй болно. Гэсэн ч түүнд эндээс явах мөнгө ч үгүй, хүсэл ч үгүй хэмээжээ. Мөн монгол, вьетнам ажилчдыг эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулахаар Дотоод хэргийн яам Засгийн газартаа удалгүй санал болгох аж.

Хямралын улмаас ажилгүй болсон эдгээр азийнхныг хөдөлмөр зуучлах товчооныхон хөлсөлж буй тул тэдэнд тэтгэмж авах бололцоо байхгүй гэнэ. Хэрэв эх орондоо хүсэлтээрээ буцах тохиолдолд 500 евро тэдэнд олгоно. Харин зөвшөөрлийн хугацаа нь дууссан, эх орондоо буцах хүсэлгүй хэсгийг нь ямар ч тэтгэмжгүйгээр буцаах аж. Бүгд Найрамдах Чех Улсад азаа туршихаар ирсэн 13 мянган нутаг нэгтнүүдийнхээ нэгэн адил Мөнхжаргал визийн хугацаагаа сунгах, энд ирж ажиллахаар гарахдаа зарцуулсан мөнгөө нөхөж олохын тулд уйгагүйгээр ажил эрэлхийлсээр. Би ажил эрхлэх зөвшөөрөл авах, визээ хурдан гаргуулахын тулд 1000 евро төлсөн, галт тэргээр зорчиход дахин 600 евро зарлагадсан хэмээн ярьж байна. 1000 евро-гийн цалинтай ажилд оруулна гэсэн сайхан зард татагдсан тэрбээр хууртагдсанаа тун ч удалгүй мэджээ.

Ажиллах ёстой оёдлын үйлдвэр биднийг ирмэгц та нарын хэрэгцээ үгүй болсон гэж хэлсэн хэмээн Мөнхжаргал тайлбарлав. Хэдэн хоногийн дараа зуучлагч монгол нь өөр нэгэн компанид тэднийг ажилд оруулжээ. Бид цагт 80 крон гурван евро олох ёстой байсан ч хэрэг дээрээ бид 35 крон авч байлаа. Нэгдүгээр сарын 16-ны өдөр эзэн маань хийлгэх ажилгүй болсноо бидэнд хэлсэн Тэднийг албан ёсоор хариуцаж байсан хөдөлмөр зуучлах товчоо нь тэднийг Пилзен хотын галт тэрэгний буудал дээр зөнд нь орхижээ. Мөнхжаргалд тохиолдсон энэ явдал Чехийн үйлдвэрүүдийн хүнд нөхцөлд ажиллаж буй мянга мянган Монгол, Вьетнам, Молдав, Болгар, Украйнчуудад тохиож байна.

Чехийн эдийн засагт хүнд цохилт өгсөн хямрал эхэлмэгц олон мянган гадны ажилчид ажлаасаа халагджээ. Хүмүүнлэгийн байгууллагын тусламжтайгаар Европын ажилчид эх нутагтаа буцаж байгаа. Хэдийгээр хүссэн ч Монголчууд, Вьетнамчууд эх орондоо буцах аргагүй болжээ хэмээн тус нийтлэлд бичжээ.

Д.Туяа

Дугаар 026/952/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button