Ээж нь хүүдээ өрөөсөн бөөрөө өгч амьдрал бэлэглэв
Тус эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийнхан хоёр жил шахам энэ ажлыг гардан гүйцэтгэсэн болохоор туршлагатай, чадвартай болжээ. 40 гаруй насны эмэгтэй өөрийн төрсөн хүүдээ өрөөсөн бөөрөө өгч амьдрал бэлэглэв. Энэ нь Донорын тухай хуулиар зохицуулагддаг аж. Тэрнээс хэн нэг нь Би эрүүл бөөрөө тэдэн төгрөгөөр зарна гэсэн наймаа байдаггүйг мэргэжилтнүүд онцоллоо. Өмнө нь 12 сая төгрөгтэй хүн л бөөр шилжүүлэн суулгах мэс заслын босгыг давдаг байсан. Өчигдрөөс эхлэн өвчтөнүүдээс 3.8 сая төгрөг гаргуулан үлдсэн зардлыг төрөөс даан хагалгаа хийж эхэлсэн нь эмч, өвчтөн болон тэдний ар гэрийнхний нуруун дээр байсан хүнд ачааг хөнгөлөв. Тиймээс энэ жил бөөр шилжүүлэн суулгуулах хүсэлтэй иргэдийн тоо эрс өсчээ.
Бөөрний дутагдалд орж эрүүл эрхтэн суулгуулж буй залуу 20 гаруй насных юм билээ. Хүү болон ээжийн бөөрний эдийн тохироо хоорондоо их сайн таарсан гэж эмч нар нь ярьсан юм. Өвчтөнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нар өгөхөөр яарсангүй. Өглөө 7.00 цагаас эхэлсэн хагалгаа таван цаг үргэлжилсэн гэж Улсын төв клиникийн дарга Н.Оюунцэцэг ярилаа. Энэ удаагийн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь улсаас санхүүгийн дэмжлэг авсан анхны хагалгаа гэдгээрээ онцлог байлаа. Монгол эмч нарын баг бөөр шилжүүлэн суулгах хагалгааг өмнө нь 27 удаа хийсний 25 удаагийнхийг нь гадны мэргэжилтэнгүй, үндсэн багаараа хийжээ. 28 дахь удаагийн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанаас эхлээд тухайн өвчтөний эмчилгээ, хагалгааны зардлын тодорхой хувийг улсаас олгож эхэлсэн нь энэ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа эрхтэн шилжүүлэн суулгуулж буй иргэдийн эмчилгээ, хагалгааны зарим зардлыг Засгийн газраар гаргуулах асуудлыг яаралтай хэлэлцүүлж батлуулсан. Эрүүл мэндийн яам салбарын зовлонгоо нарийн мэдэж асуудалд шийдвэртэй хандаж буйн илрэл нь энэ. Ингэснээр тус эмнэлгийн төсөв дээр нэмж 240 орчим сая төгрөгийн санхүүжилт өгч бөөрний хурц дутагдалтай өвчтөн, донор, эмч мэргэжилтнүүдийг нэгэн адил баярлуулжээ.
Эднийх удахгүй ийм төрлийн хоёр ч хагалгаа хийхээр төлөвлөжээ. Ах нь дүүдээ, эгч нь мөн дүүдээ өрөөсөн бөөрөө бэлэглэх-ээр эмч нарын хяналтад орж, нарийн шинжилгээнүүдээ өгч бэлтгэлээ хангаад байна. Бөөр шилжүүлэн суулгах талаар Улсын төв клиникийн дарга Н.Оюунцэцэгээс тодрууллаа.
-Хагалгаанд хэдэн эмч оров. Цаашдаа Засгийн газраас өгсөн дэмжлэгээр хэчнээн өвчтөнийг мэс засалд оруулах боломжтой вэ?
-Өнөөдрийн хагалгаанд зургаан эмч орлоо. Гэхдээ нэг бөөрийг нөгөөгөөр солиод л дуусчихдаг ажил биш. Энэ бол багийн ажил. 20 гаруй эмч, энэ чиглэлээр мэргэшсэн сувилагч нар хагалгааны өмнө болон дараа нь 24 цагаар ажилладаг. Өвчтөнүүдийн биеийн байдал хагалгаа хийгээд эрүүл хүн шиг болохгүй шүү дээ. Тиймээс шинэ эрхтнийг тухайн өвчтөний биед дасан зохицох хүртэл эмч нар нарийн хянаж, шаардлагатай бол улсаас дасан зохицуулах эмийг үнэгүй олгож байдаг. Өвчтөн хагалгаа хийлгээд тодорхой хугацааны дараа өөрөө бие засдаг болохоор нь эмнэлгээс гаргана. Өвчтөний зэрэгцээ бөөрөө өгч буй донорыг маш нарийн хянана. Тэр хүн эрүүл ч гэсэн нэг бөөрөө өгч байгаа болохоор бас анхаарах хэрэгтэй. Хоёр өвчтөнтэй байна гэсэн үг.
-Эрхтэнээ өгөх, авах хүмүүс бие биенээ хэрхэн олдог юм бэ?
-Хоёр арга бий. Амьдрах найдлагагүй болсон өвчтөн, эсвэл нас барсан хүний эрхтнийг тухайн өвчтөний хооронд эдийн тохироо бүрдэж байвал шилжүүлэн суулгаж болдог. Дараагийнх нь тухайн өвчтөний аав, ээж, ах дүү, ураг төрлийнх нь хүсэлтээр мөн л эдийн тохироо нь бүрдэж байвал бөөрийг шилжүүлэн суулгаж болдог. Өнөөдрийн хагалгаа ч яг ийм маягаар амжилттай хийгдлээ. Дараагийн хоёр хагалгаа мөн л эгч, ах нь дүүдээ амьдрал бэлэглэх-ээр болсон. Өвчтөнүүд маань доноруудаа олсон гэсэн үг. Нэг хүний бөөрийг ижилсүүлэх гэж 4-5 хүнийг шинжилгээнд оруулах нь ч бий. Ингэснээр эд нь нийцэж буй эсэхийг судлаж байгаа болохоор бас л хугацаа алддаг. Их нарийн байгаа биз. Эрүүл мэндийн яам, Засгийн газраас манай салбарын хүнд байдлыг харгалзан төсөв мөнгө олгож байгаад эмч бид их баяртай байгаа.
-Танай эмнэлэг элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхгүй байна гэсэн гомдол гардаг. Энэ талаар та ямар хариулт өгөх вэ?
-Элэг шилжүүлэн суулгана гэдэг өөрөө их хэцүү үйл явц. Маш их бэлтгэл, эмч нараас дадлага сайн хийхийг шаарддаг. Тиймээс манай эмч нар АНУ, Финлянд, Тайваньд мэргэжил дээшлүүлж, дадлагажиж байгаа. Өөрийн гадаад багш нараа урьж элэг шилжүүлэн суулгаж байж дараа нь үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.
-Диализийн аппарат өвчтөнүүддээ хүрэлцэж байна уу. Сонсоод байхад бөөрний дутагдалд орсон хүн их байдаг юм байна лээ?
-Одоогоор диализийн 13 аппаратанд 70 гаруй хүн орж байна. Өмнөхтэй харьцуулахад дэвшилт байгаа ч дээрх аппаратуудын ачаалал нь дэндсэн. Долоо хоногийн зургаан өдрийн турш завсаргүй ажиллуулдаг. Өдөр, шөнө, өглөө гэсэн гурван ээлжээр чөлөөгүй ажиллуулж байна. Тарилгын шингэн үйлдвэрлэдэг, олон улсын чанарын шаардлага хангасан манай улсын ганцхан үйлдвэр болох Айвико ХХК эмнэлэгт маань их элэгсэг ханддаг. Эднийх саяхан манай эмнэлэгт диализийн 30 гаруй аппарат хандивласан. Эхний ээлжинд 20 аппаратыг байрлуулах өрөө, талбайгаа засчихсан. 30 гаруй аппаратад нэлээн өвчтөн орж ачаалал ч харьцангуй багасах байх. Хятадаас хоёр инженер урьж хандивын диализийн аппаратыг суурилуулах, хэрхэн ажиллуулах зааварчилгааг өгсөөр байтал нэг сарын хугацаа өнгөрөх байх. Айвико компани энэ ажлын бүх зардал, мөнгийг нь ч гаргаж байгаа. Зарим өвчтөнүүд маань хангалттай эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа нь үнэн. Долоо хоногт гурван удаа диализийн аппаратад орох ёстой хүн ачаалал ихтэйгээс шалтгаалан хоёр удаа орох тохиолдол их байна. Тиймээс удахгүй 30 гаруй аппараттай болохоор өвчтөнүүдэд ч амар.
-Хүмүүс яагаад бөөрний хурц дутагдалд ороод байна вэ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг муу хийснээс ийм зүйл болоод байгаа юм биш үү?
-Манай эмнэлэг яг өвчтэй боллоо гэсэн хүмүүсийг эдгээж, эрүүлжүүлэх зорилготой. Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын бодлого алдагдсан нь үнэн. Буцаад л нөгөө зах зээл рүү буруугаа чихэх байх. 1990-ээд оноос өмнө диспансерийн хяналт гэж сайхан ажил байлаа. Өвчтэй хүнээ хянаж бүртгээд гурван cap тутамд дуудаж үздэг. Одоо тэр алга. 20 шахам жил эрүүл мэндийн бодлого алдагдаж зах зээлийн шуурганаар эмч нар мэс засалд бээлийгүй орж, өвчтөнүүддээ өгөх эмгүй хэцүү үе байлаа. Сургууль бүр эмчтэй байсан. Тиймээс хүүхдүүдийн шүдний цоорол, хоолойн архаг үрэвсэл газар авдаггүй л байв. Илэрлээ л бол тэр дор нь эмчилдэг байсан. Ингэж нарийн няхуур ажиллаагүйгээс болж шүд, хоолойн өвчинд бариулж даамжирснаас бөөрний хурц дутагдалд ордог. Хүмүүс эрүүл мэндээ зөнд нь хаяж, архаг дутагдалд орчихоод л бөөрөө солиулая гээд ирдэг. Гэтэл гадаадын өндөр хөгжсөн оронд 70,80 гарсан, насны доройтолд орсон хүмүүс бөөрний дутагдалд орж диализийн аппаратад ороод л хэвийн явж байдаг. Байнга л дороосоо даараад л яваад байдаг гээд бэрхшээл тоочвол өвчлөлийн шалтгаан олон янз. Манайх цаашид энэ олон аппаратаа ажиллуулж, жилдээ 30 орчим хүнийг мэс засалд оруулаад байвал дор хаяж таван жилийн дараа бөөрний өвчлөл буурна. Бөөр шилжүүлэн суулгахад тухайн хүн элэгний С вирустэй, эсвэл хоолойн архаг өвчин нь цусандаа орсон, даралт нь хэвийн үү гээд маш нарийн шинжилж байж донороо олдог. Энэ бүхнээс үзэхэд эрүүл хүн ховор болжээ. Эрүүл мэндийн салбарын бодлого хэсэгтээ алдагдсаны гай. Бас нийгмийн өөрчлөлт, хүрээлэн буй байгаль, амьдран буй орчны сөрөг нөлөөлөл их болжээ. Дээр үед бид чанартай хүнс хэрэглэдэг байсан. Агаар нь ч цэвэр, мал нь эрүүл, мах, сүү нь элдэв хольц, хоргүй сайхнаараа. Одоо бүх юм өөр. Манай салбарын бодлого цаашдаа энэ чигээрээ зөв гольдролоор явбал 15 жилийн дараа элэгний С вирусээс монголчууд ангижрах байх гэж найддаг.
Д.Мягмар
Дугаар 34/3106/