Гол дүрд тоглохыг мөнхөд хүсэгч

Үүнийг орой бүр телевизээр эрхэм гишүүний чухал царайлан ярих сурталчилгаа гэрчлэх.

Гэхдээ түүний энэ гэнэтийн шийдвэрт цочирдоогүй нь олон. Учир нь мань эр улс төрийн тайзнаа иймэрхүү эмгэнэлт инээдмийн шоуг үе үе дэгэлчихдэг. Үүнийг түү¬ний улс төрийн ертөнцөд хөл тавьсан цагаас л үлдээсэн мөрүүд нь гэрчлэх.

2004 оны парламентад тэрбээр бие дааж нэр дэвшин сонгогдож, энэ замаар түшээгийн суудалд сууж болдгийг улстөрчдөд мэдрүүлсэнтэй маргах хүн үгүй биз. Бас сөрөг хүчингүй парла-ментад тэрбээр ганц дайчин ганцаарддаггүйг харуулсныг нь үгүйсгэх хүн үгүй. Тэр үед Л.Гүндалай гишүүн л УИХ-ын хавар, намрын чуулганы нээлт бүрт эсэргүүцлийн бичиг барин, олонхийн өөдөөс үг сөрсөн нь түмний хүрээллийг бий болгож байсан.

Гэвч мань эр тэрхүү ард түмний хүрээллээс өнөөдрийн улаан шоучин байхыг амтыг мэдэрсэн бололтой. Яг л балын амтад дурласан эрвээхэй шиг, бусдын анхаарлын дунд байхгүй л бол амьдарч эс чадахаа байв.

Тиймдээ ч бие даагчдын загалмайлсан эцэг нь хэмээн өөрийгөө өргөмжилдөг эрхэм түшээгийн хувьд улс төрийн шоу хийж алдар нэр, албан тушаал, ашиг хонжоо олдог замыг эргэлт буцалтгүйгээр сонгосон бололтой.

Өнөөдөр энэ нь түүний амьдралын хэв маяг болж дээ. Иргэдийн төлөөлөгчид УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцах гэж хэсэгхэн зуур танхимд суух төдийг ч Л.Гүндалай гишүүн алдахгүй. Энэ үед гэнэт үг хэл нь хурц болоод ирэх. Түүнчлэн чуулган, байнгын хорооны хуралдаанаар олны анхаарал татсан асуудал хэлэлцэж байгаа бол тэрбээр телевизийн зураглаачдад захиж байгаад ч болтугай үг хэлж байгаагаа авахуулна. Гайхалтай нь хөшгөө татаж байгаад нүүрэн дээр нь тусах нарны гэрлийг хааж камераар тод сайхан гарахаа ч сайн мэддэг. Үүнийг улстөрчийн мэдрэмж гэх үү эсвэл….

Нөгөөтэйгүүр, яг л тайзнаасаа буухаас айхдаа ямар ч үнэ цэнээр хамаагүй гол дүр байхыг мөнхөд хүсч, өөрийгөө үргэлж бусдын ярианы сэдэв болгох дуртай одод шиг аашлагсдын нэг болжээ. Тиймдээ хэний ч санаанд оромгүй зүйлийг мань эр л сэдэх. Бас хэн ч эс зүрхлэх дүрийг тэрбээр л тоглох. Үгүй гэж үү. Өнгөрсөн сонгуулийн үеэр хөвч тайгын айлд хүртэл Ард түмний хүү нь хүрээд ирлээ, та нарт аа. Цаана чинь хүүг нь алах гэж байна гэсээр өрөвдөлт дүр эсгэн үхэр тэргээр очиж, өөрийгөө сурталчилж чадсан нь хэн билээ. Бас Эрүүл мэндийн сайд байхдаа ДОХ-ын эсрэг сурталчилгаа хийхдээ Бэлгэвч бэлгэвч, бас дахин бэлгэвч гэж лоозондож, гудамж талбайгаар залуусыг хуйлруулж дөнгөсөн нь хэн байлаа. Мэдээж түүнээс өөрөөр ингэж нас намбаа мартан шоудах хүн үгүй.

Мэдээж гол дүрд л тоглож байвал түүнд бусад зүйл чухал биш. Ямартаа л төрийн түшээ, Засгийн газрын гишүүн атлаа иргэдийг хөөргөн жагсаал удирдан Бороо гоулд руу дайрч эмх замбараагүй байдлыг үүсгэхэв дээ. Түүгээр ч зогсохгүй цэцэрлэгт хүрээлэн нурааж Шангрила зочид буудал барих нь хэмээн иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлж хятад барилгачдын ажлын байр луу дайрч, майхан сэлтийг нь нураасан гээд үндсэн ажлаа хийлгүй гудамжинд гүйсэн цаг түүнд бий. Энэ чанараараа аливаа асуудлыг улстөржүүлж, өөрт ашигтайгаар эргүүлэх эрдэмд гарамгай улстөрчдийн жагсаалтад тэрбээр үзүүр түрүүнд үлдэх л нөхөр.

Магадгүй эрхэм гишүүнд нүүдэлчин цус илүү шингэсэн бололтой. Тиймээс багийн, хамтын, гэсэн зүйл түүнд ер зохидоггүй. Үүний хамгийн тод жишээ нь өнгөрсөнд танхимынхаа сайд болох Б.Жаргалсайханыг унагаах саналыг чуулганд оруулж олны гайхшралыг төрүүлснийг нь дурдахад л хангалттай. Бас өнгөрсөнд Эх орон эвсэлд нэгдэж сонгуульд тоосоо өргөсөн ч өнөөх эвслийнхээ гэрийг буулгаад хана, туургаар нь салгахад эрхэм гишүүн гар бие оролцсон. Үүний учир нь өнөөх ганц хүний театрын жүжигчны зан хөдөлж, амбийцаа дарах, хамтын шийдвэр гаргах, олонхийн саналаар асуудал шийдэгдэх гээд партнёртой харилцах жүжгийг үл тэсвэрлэсэн явдал гэх.

Нөгөөтэйгүүр, Эвслийн засгийн газарт багтсанаар түүнд сайдын суудлын булан ч олдоогүй учир мань эрд туурга тусгаарлах шалтгаан нь болсон гэдэг. Тиймдээ ч жанжин Д.Сүхбаатарын талбайд сандал ширээ авчран тухалж байгаад 800 хүний гарын үсэг цуглуулж нам байгуулсан шийртэй эр. Ингэж Ард түмний нам байгуулснаар Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт багтаж, Эрүүл мэндийн сайдын суудлыг авсан. Гэхдээ сайдаар ажиллаж, нам толгойлохдоо л тэрбээр хамгийн оргил бүтээлүүдээ дэглэсэн юм. Өөрөөр хэлбэл, төрийн түшээ, сайдын санаанаас гарамгүй элдэв шоуг савангийн дуурь шиг үргэлжлүүлсэнсэн.

Эрхэм гишүүн ингэж цуврал шоугаа зохион байгуулах бүртээ ард түмний дунд үнэ цэнээ алдаж байгаагаа анзаарахгүй л байлаа. Өөрийгөө хянахаа байсан нь өнөөх шударга гэх имижээ алдсан явдал. Учир нь өнгөрсөнд төрийн мөнгөнд хүйтэн гараа шургуулсан, идсэн уусан гэх ярианы сүүдэр ч дайраагүй үе түүнд байсан. Үнэндээ но-гүй байдал нь ард түмний нэр барьж ярихад нь зохидог байлаа. Бас өрсөлдөгчдөд нь түүний нэр цэвэр байдал нь юугаар ч будаад харлуулж дөнгөхгүй нөхөр байв. Гэвч өнөөдөр захын гишүүн түүнийг төрөөс төрсөн тэрбумтны тоонд оруулах болж. Эрхэм гишүүний хэнээс ч үл айн үгээ хэлдэг аархал, омгорхол ч замхарчээ. Энэ нь өнөөх Эрүүл мэндийн сайд байхаад хийсэн буяных нь үйлийн үрээс улбаатай. Албан тушаалаа ашигласан гэх явдал Авлигатай тэмцэх газарт эрүү үүсгэгдэн шалгагдаж нэг худагтай газар руу явуулах дөхсөн. Эмнэлэгт хуваарилагдсан жийпийг фургон болгодог шидтэй нэгэн болсон нь түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг парламент дамжуулан хэлэлцүүлж байгаа.

Энэ мэтээр түүнийг хүрээлэх ард түмний хүрээлэл нь хумигдсаар… Учир нь ард түмний нэрийг барих түүний тэмцэл зөвхөн Л.Гүндалай гишүүний эрх ашигт л чиглэдгийг анзаарсан юм, монголчууд. Ямартаа л 2006 оны зун Хөвсгөл далайд зугаалж явсан түүнийг далайн шуурганаар алга болоход зарим нь дуулиан тарих ээлжит шоу нь гэж хүлээн авч байсан нь харамсмаар. Эрхэм гишүүний амь нас хутганы ир дээр байхад нийгмийн зарим хэсэг түүнд ингэж хандсан нь байсхийгээд эх адаггүй шоунуудыг зохион байгуулдагтай нь холбоотой.

Тиймдээ ч өнөөдөр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойно гэхэд асуудлыг албан ёсны байдлаар хүлээн авагчид цөөхөн байгаа гэх. Харин өнөөх ээлжит шоу нь биз гэгсэд олон байх шиг.

Мэдээжийн хэрэг УИХ-д суудалтай намуудаас 45 нас хүрсэн ямар ч гишүүн их сунгаанд тоос өргөхийг хүсэх эрхтэй. Энэ ч утгаараа өнгөрсөн долоо хоногт тэрбээр Миний бие 45 нас хүрсэн. Аугаа их Монголын ард түмэн Чингисийн Монгол Улсын сайн сайхан өөрчлөлт, шударга ёсыг тогтоохын төлөө ардчилсан, энэрэнгүй Ерөнхийлөгч байж, сонгуульд өрсөлдөн ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нэг бүрчлэн их хурлаараа авч хэлэлцэхийг хүсч байна… гэж хэлж намын удирдлагууддаа мэдэгдээд байгаа. Үнэндээ бол Ерөнхийлөгчийн сунгаанд АН-аас сойгдох хүлэг болж гарч ирнэ гэхэд итгэхэд бэрх. Учир нь АН-ынхан дуртай цагтаа намаа орхиж туурга тусгаарладаг, амь гуйхаараа аврал эрэхээрээ, хормойд нь шургалдаг нөхрийг Ерөнхийлөгчийн сунгаанд сойно гэдэг юу л бол. Тэгээд ч тус намд Л.Гүндалай гишүүнээс илүү ард түмний итгэлийг хүлээх, улстөрчид даан ч олон.

Юутай ч дэлхий нийтэд Барак Обама ямар Ерөнхийлөгч болохыг цаг хугацаа харуулах байх. Харин эрхэм гишүүний Ерөнхийлөгч байтугай түшээ байх ирэхийг нь ч харуулалгүй АТГ авч явах гээд байгаа. Эрхэм гишүүний бодит байдал мөрөөдөл хоёр даанч зөрүүтэй байна. Тэгэхээр Ерөнхийлөгч болохыг хүлээхээс илүү дараагийн шоу юу байхыг хүлээх нь арай л бодит байдалтай нийцэх байх.

Дугаар 026/952/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button