УИХ-ын гишүүн Д.Зоригт Банкууд зээл өгөх нь хамгийн чухал. Инфляц дараагийн асуудал
-Эдийн засаг, Төсвийн байнгын хороо хамтарсан хурлаараа энэ төлөвлөгөөг авч хэлэлцсэн. Бидэнд зайлшгүй шаардлагатай зүйл мөн. Улс орнууд хямралын үеийн төлөвлөгөө боловсруулж, зарим нь хувилбараа хэд дахин өөрчиллөө. Манай улс өнөөдрийг хүртэл ямар ч төлөвлөгөө гэхээр зүйлгүй явсаар ирлээ. Одоо аж ахуй, бизнес эрхлэгч бүгд л Засгийн газар, УИХ-аа харж, хямралын үед яаж ажиллах хариулт нэхэж байна. Бид оройтсон нь үнэн л дээ. Уг нь арав, арваннэгдүгээр сард төлөвлөгөө батлаад хэрэгжүүлэх ёстой байсан юм.
-Энэ төлөвлөгөөг гишүүд болон зарим эдийн засагч багагүй шүүмжилж байна?
-Хоёр байнгын хорооны хурлаар хэлэлцэхэд гишүүд илүү нарийвчилсан, дэлгэрэнгүй төлөвлөгөө шаардаж байна лээ. УИХ Засгийн газарт дотоод, гадаадаас мөнгө босгож гол чиглэлүүддээ зарцуулахад нь батлаад өгчих хэрэгтэй. Үүний дараа Засгийн газар нарийвчилсан төлөвлөгөөг нь гаргана. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд багагүй хэмжээний мөнгө төлөвлөсөн байна. Аль аймагт хэчнээн төгрөг төсөвлөхөө УИХ-д биш Засгийн газар дээр яриад, аймаг, орон нутгийнхаа удирдлагатай тохирон хэрэгжүүлэх боломжтой шүү дээ. УИХ энэ төлөвлөгөөг цаг алдалгүй батлах ёстой. Энэ долоо хоногт төлөвлөгөөг хэлэлцэх үеэр би батлуулахын төлөө ажиллана.
-Та 2008 оны УИХ-ын сонгуулиар үйлдвэржилтийг дэмжиж Монголд олон үйлдвэр барих талаар ярьсан, танай нам мөрийн хөтөлбөртөө ч дэвшүүлж, Өвөрхангайчуудын итгэлийг хүлээсэн. Одоо энэ мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж байна уу?
-Ирэх дөрвөн жилийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахад улс орны үйлдвэржилтийн чиглэлээр маш том ажил тусгагдсан. Ирэх дөрвөн жил 30 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт Монголд өрнөнө гэж хүртэл тусгасан. Хэрэгжүүлэхэд бэрхшээл байна уу гэвэл байна. Энэ хямралыг бид урьдчилж харж, тооцоогүйгээс хүндрэл бэрхшээл учрах нь тодорхой. Хямралын хүнд нөхцөлд зайлшгүй үйлдвэржилтийн асуудлыг хэлэлцэх ёстой. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн эх үүсвэрийн оролцоотойгоор үйлдвэржилтийн зорилтыг хийх л ёстой. Ингэсэн цагт хямралыг арай бага хохиролтой даван туулах боломж бүрдэнэ.
-Гадаадаас авах гэж байгаа зээл их өндөр хүүтэй гэж дуулсан. Зээлийн хүүгээ төлөхийн хажуугаар үйлдвэр барьж амжих уу?
-Эрт, орой хэзээ нэгэн цагт хийх л ажил. Өнөөдөр манай улсын эдийн засгийн бүтэц нь экспортлогч биш импортлогч орон байна шүү дээ. Наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ импортлоод байхад нөгөө байгаа жаахан валют бүр л дундарна, Тиймээс экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуй нэгжүүдээ, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдээ дэмжих хэрэгтэй байна. Өнөөдөр манай улс 100-г чаддаггүй юм гэхэд 30-40 үйлдвэр барьчихсан байхад том ололт. Дэлхийд мөнгөгүй улс олон байна. Ялангуяа, хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ хүртэл гадаадаас нэг их наяд ам .доллар зээлэх төлөвлөгөөтэй байна. Англи, Франц, Герман бүгд л тийм хүнд байдалтай байгаа. Тэгэхээр гадаадаас зээл тусламж авах нь зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Гадаадаас мөнгө босгочихлоо гэхэд урьдынх шигээ элдэв халамжид мөнгөө цацаад өгчихөж бас болохгүй. Гол нь үйлдвэрлэлийн салбартаа л зарцуулъя.
– Өмнө нь аж үйлдвэрийн парк байгуулах тухай яригдаад хэрэгжсэн ч юмгүй таг болсон. Таны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бас ийм хувь заяа хүлээж байгаа юм биш биз?
-Би тэгж бодохгүй байна. Ард түмний хүслээр, УИХ-ын гишүүдээр дамжуулан шийдвэрүүд нь гарч байгаа. Үйлдвэржилтийн төлөвлөгөөг ганц би биш олон арван гишүүн дэмжиж байгаа. Тиймээс энэ дөрвөн жилд үйлд-вэржилтийн ажилд ахиц гарах хөрс нь бүрдсэн.
-Төвбанкны шинэ ерөнхийлөгчид Та хэр найдлага тавьж байна даа?
-Маш том найдвар тавьж байна. Томилогдох үеэрээ УИХ-ын чуулганд Банкуудаа, бодит сектороо дэмжинэ гэж хэлж байсныг нь санаж байна. Л.Пүрэвдорж ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрэх байх. Тэр хүн санхүү, эдийн засгийн салбарт олон жил ажилласан. Бид ч УИХ-ын зүгээс дэмжинэ.
-Л.Пүрэвдорж ерөнхийлөгч Боломж байвал банкуудаа дэмжиж, мөнгөний нийлүүлэлтийг нэмнэ гэж би хэлсэн. Одоо эргээд харахад тийм боломж байхгүй юм байна гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан?
-Би тэгж бодохгүй байгаа. Бэрхшээл мэдээж бий. Мөнгийг ихээр гаргавал эргээд инфляцийг өсгөх аюултай. Хоёрдугаарт, төгрөгийн ханшийг бүр тавиад туучих аюултай. Гэтэл эдийн засагт мөнгө хэрэгтэй байдаг. Тиймээс энэ бүхний зохистой харьцааг олох ёстой. Алган дундажийг тогтооход Монголд гадаад валютын хөрөнгө оруулалт их хэрэгтэй байна. Ингэсэн цагт мөнгөний нийлүүлэлтийг хийж болно.
-Ам.доллар 1610 төгрөгт хүрэхэд ч Төв банкны ерөнхийлөгч мэдэгдэл хийгээгүй. Гадаадын Төвбанкны ерөн¬хийлөгч нар зах зээлд гарч байгаа өөрчлөлтүүдийн цаад нөлөөг байнга мэдээлж байна?
-Төвбанк ойрын үед байр сууриа илэрхийлэх байх. Яагаад тэр хүртэл мэдэгдэл хийгээгүйг мэдэхгүй. Ер нь Төв банк бодит мэдээллийг төр, олон нийтэд хүргэж байх ёстой. Хүндрэл бэрхшээл байгаа бол хэлдэг байх учиртай. Долларын ханшийн тухайд надад боддог зүйл бий. Ам.долларын ханш 1100-1200 төгрөг орчимд бараг найман жилийн турш тогтлоо шүү дээ. Ханш тогтвортой байх нь мэдээж сайн. Энэ найман жил мөрдөгдсөн ханшийг би тийм оновчтой гэж боддоггүй. Импортыг дэмжсэн, экспортыг боомилсон гээд хэлчихэд буруудахгүй. Ард түмэн үйлдвэрлэх биш гадаадаас бэлэн юм худалдаж аваад байхыг нь урамшуулсан хэрэг гэж боддог. Ийм ханшийг удаан мөрдвөл тухайн орон өөрсдөө бүтээдэггүй, зүгээр л худалдан авагч болж хувирна.
-Өнөөдрийнх шиг нэг доллар 1580 төгрөгтэй тэнцэж байгаа нь зохистой биш биз дээ?
-Бага зэрэг сул байхыг хэлж байгаа болохоос өнөөдрийнх шиг ханшийн огцом өсөлтийг яриагүй байна.
-Төв банкнаас арилжааны банкууддаа барьсан бодлогыг Та юу гэж дүгнэх бол?
-Сүүлийн хоёр жилд Монголбанкны явуулсан бодлогод би шүүмжлэлтэй ханддаг. Өнгөрсөн хугацаанд мөнгөний хатуу бодлого барьсан нь Монголд цагаа олоогүй, алдаа болсон. Уршгаар нь мөнгөний нийлүүлэлт багассан, арилжааны банкууд зээл өгөхөө больсон. Банк гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж чадахаа болиход энэ бодлого ихээр нөлөөлсөн. Үйлдвэрлэл, худалдан авах чадвар хумигдлаа. Манай орныг бусад улстай харьцуулахад их өвөрмөц шүү дээ. Өндөр хөгжилтэй орнууд дэд бүтэц, ард түмнээ орон сууцаар хангах мэтчилэн хийх ёстойгоо бүгдийг хийчихсэн. Гэтэл Монголд энэ бүхэн байхгүй. Бидэнд хийж бүтээх зүйл их байхад мөнгөний нийлүүлэлтийг огцом хумих нь оновчгүй байна.
-Таны хэлж байгаатай Л.Пүрэвдорж ерөнхийлөгчийн хэлсэн үг зөрөлдөөд байна. Мөнгөний хатуу бодлого барихгүй бол инфляц өснө гэж Төвбанкны тэргүүн сонинд өгсөн ярилцлагадаа ярьсан шүү дээ?
– УИХ-аас баталсан 2009 онд баримтлах Төрийн мөнгөний бодлогын хүрээнд л Монголбанкны ерөнхийлөгч ажиллах ёстой. Эдийн засгийн өсөлтийг дэмжинэ, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангахыг УИХ Монголбанкинд үүрэг болгосон. Л.Пүрэвдорж ерөнхийлөгч үүний эсрэг ажиллаж таарахгүй. Түүний эсрэг ажиллах саналтай байгаа бол УИХ-д танилцуулж зөвшөөрлөө авах хэрэгтэй. Харин ч А.Батсүх ерөнхийлөгчийн үеийн мөнгөний нийлүүлэлтийг хумьсан, үйлдвэрлэлийг хумьсан бодлогын алдааг засч, залруулж чадна гэж итгээд Л.Пүрэвдорж сонгогдсон шүү дээ. УИХ ч чадна гэж бодоод түүнийг томилсон, чадах эсэхийг нь одоо харж л байя.
-Таны хувьд эдийн засгийн өсөлт, инфляцийг барих хоёрын аль нь чухал вэ?
-Инфляц өнөөдөр хоёр бүр гуравдугаар зэргийн асуудал болсон. Эдийн засаг, бодит секторыг дэмжих нь хамгийн чухал.
-Ер нь банкууд маань яагаад ийм хүнд байдалд орчихов оо. Хувийн банктай, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс улс төр, УИХ-д орсон нь нөлөөлсөн юм биш биз?
-Бид өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр УИХ-д орж ирсэн. Тэр үед ч банкууд зээлээ олгохгүй, хүндрэлтэй болчихсон байсан л даа. Миний хувьд таны хэлээд байгаад үгүй гэж хариулмаар байна. Банкинд ажиллаж байсан хүмүүс парламентад сонгогдсоноороо банктай холбоотой гарсан хуулиудад саналаа өгөөгүй. Би санал хэлдэг ч шийдвэрлэх үед нь оролцдоггүй. Банкны хадгаламжид төрөөс баталгаа гаргахад ч оролцоогүй. Банкуудад мөнгө байршуулах тухайд ч би кноп дараагүй. Банкны системд арваад жил ажилласан хүний хувьд харахад манай банкуудаа дэмжих чиглэлээр авч байгаа арга хэмжээ их удаан, цаг алдаж шийдвэр нь гардаг. Цаашид ийм маягаар удаан явбал тун хэцүү байдалд орох болов уу гэсэн болгоомжлол байна.
-Шийдвэр удаад байгаагийн шалтгаан нь юу юм бол?
-Банкинд мөнгө байршуулах гэхээр хэдэн банкны захиралд л өгөх гэж байгаа юм шиг хардлага сэрдлэг яваад байдаг. Хардах эрх хэнд ч нээлттэй. Би буруу гэхгүй л дээ. Эрсдэлийн сангаас банкуудад мөнгө байршуулна гэж удаан яриад, хуулиа гаргасан ч нэг нь ч хэрэгжсэнгүй. Хэрэгжээгүй учраас нэг ч банк мөнгө аваагүй.
-Банкуудын хадгаламжид баталгаа гаргаж өгсөн нь цагаа олсон хэрэг гэдэг. Манай банкны систем дэх нийт хадгаламж 1,3 их наяд төгрөг. Ийм хэмжээний мөнгө манай Засгийн газарт бий гэж үү?
-Зөвхөн мөнгө байгаад баталгаа гаргана гэсэн үг биш шүү дээ. Манай улс их хэмжээний баялагтай. Тэр нь баталгаа мөн үү гэвэл мөн. Тэр бүхнээр л үүнийг тооцож байгаа шүү дээ.
-Гадаадаас зээл тусламж авахаас гадна дотооддоо хэмнэе гээд байгаа. Халамжийг эмзэг бүлгийнхэнд л чиглүүлэх хэрэгтэй гэж ОУВС зөвлөсөн?
-Авах нэг нь авдаг л байх. Би нэг ч удаа авч үзээгүй. Ер нь эцэг эхчүүдийн 5-10 хувь нь авдаггүй юм билээ. 2000 онд 230-аад мянган хүн халамжийн тэтгэлэг авдаг байсан бол энэ онд давхардсан тоогоор хоёр сая долоон зуун мянга гаруй хүн халамж авахаар байна. Өөрөөр хэлбэл, Монголын хүн бүр халамж хүртэж байна. Энэ бол бидний алдаа байсан. Үүнийг засч, залруулах хэрэгтэй байна. Халамжийг эмзэг бүлгийнхэнд буюу эздэд нь л хүргэх хэрэгтэй байна.
-Хүүхдийн мөнгийг УИХ-ын гишүүд авдаг юм уу. Ер нь энэ мөнгөнөөс тэд татгалзаж чадах болов уу?
-Авах нэг нь авдаг л байх. Би нэг ч удаа авч үзээгүй. Ер нь эцэг эхчүүдийн 5-10 хувь нь авдаггүй юм билээ.
Ж.Цогзолмаа
Дугаар 34/3106/