Эх хэл, түүх соёлоо үгүйсгэх нь туурга тусгаар улсын иргэнд байж боломгүй зүйл
МУИС-ийн багш, шинжлэх ухааны доктор профессор Шаравын Чоймаатай уулзаж ярилцлаа. Тэрбээр өдгөө 30 гаруй жил багшилж яваа ачтан билээ.
-Монгол хүн байхын учир таныхаар юуг хэлэх вэ?
-Би монгол хүн гэж цээжээ дэлдээд, хоосон хөөрөөд байхын нэр бишээ. Цаад зах нь сая жилийн тэртээ эртний өвөг дээдэс маань нутаглаж, хүн төрөлхтний өлгий хөрст газарт аж төрж ирсэн Монгол хүн хэмээх агуу үндэстний үр сад, хожим хойчис гэдгээ бие, хэл, сэтгэлээрээ мэдэрч, буурал түүхий мананд төөрч мөхөөгүй босоо заяат хувь тавилангаа зөвөөр ухаарах хэрэгтэй.
Мөн даяаршил хэмээх өнөө цагийн давалгаанд хөл алдалгүй монголоороо бахархаж явахын учир юм. Юун түрүүнд өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн орчилд Монголынхоо түүх, соёл, шашин шүтлэг, ёс заншил, хэл аялгуу,үсэг бичиг, судар шастираа эзэн шиг эзэмшиж, ирээдүйн эздийг ч бэлтгэж явах нь монгол хүн байхын эрхэм учир.
Ер нь хүн байх, монгол хүн байх, хүн төрөлхтний нэг нь байх гэдэг чинь бүхэлдээ л хүнд үүрэг хариуцлага юм шүү дээ. Монгол хүн байхын үүрэг хариуцлагыг ухаарч сэхээрсэн хүнд Монголоо алдмар гэдэг хараал арай хүрэхгүй. Хэрвээ Монгол хүн байхын утга учрыг мэддэг хүн өнөө маргаашийн ашиг хонжоонд эх ррноо худалдахгүй л дээ. Бүр наад захын ганц жишээ хэлэхэд, монголоо гэсэн бага ч атугай сэтгэлтэй хүн бол хортой спиртээр архи нэртийг үйлдэж, цөөхөн хэдэн монголоо хордуулан байж, баяжих гэж явахгүй.
Монгол хүн байна гэдэг монгол хэмээх агуу үндэстний нэрийг, Эзэн богд Чингис хааны алдрыг худалдаж идэхийн нэр биш, харин өргөж өндийлгөж, дуурсгаж алдаршуулж явахын л нэр юм. Энэ бүхний үндэс нь монгол хүн бүрийн сэтгэлд шингэсэн үндэсний үзэл, үндэсний мэдрэмж юм.
-Монгол хүний эрхэмлэвэл зохих их ухааны талаар бодлоо хуваалцаач?
-Ухаанаар доторлосон тэнэгээр гадарласан өвөг дээдсийн маань хол ч хараа гүн ухааны талаар яаж ярьж барах билээ. Зөвхөн захын жишээ хэлэхэд
Ажлын сайнаар амьдрал дээшилнэ.
Бэлчээрийн сайнаар мал таргална.
Ажил хөдөлмөр нь аз жаргалын баруун гар
Арвич гамч нь аз жаргалын зүүн гар
Амьдралыг ажлаар, амжилтыг чармайлтаар гэх мэт амьдрахын үндэс нь ажил хөдөлмөр болохыг өвөг дээдэс маань мөрдөж ирсэн. Ажил хийж, ам тосдоно гэдэг үзэл бодлыг үнэн зам мөрөө болгосон хүнд хоосон ярьж, хов хөөцөлдөх зав байдаггүй. Нэрт нэгэн бичгийн хүн Ядуурал бол залхуурлын шан мөн. гэсэн байдаг.
Өнөөдөр ард иргэдээс эхлээд төрийн түшээд хүртэл ядуурлыг бууруулах гэдэг амны уншлагатай болжээ. Миний бодлоор ядуурлыг бууруулах гэхийн оронд залхуурлыг арилгах талаар л бодож сэдмээр юм. Гурав хүрэхгүй сая хүнтэй, 30 гаруй сая малтай, ийм уудам нутаг дэвсгэртэй ард түмэн ядуу дорой байгаад олон зүйлийн шалтаг шалтгаан байдаг ч залхуугийн гай, амар хялбараар тарган тансаг амьдрахыг боддогийн уршиг юм. Монгол хүн бүр хуурмаггүй үнэнчээр ажил хөдөлмөрийг голж шилэхгүй эрхэмлэж чадвал ядуугийн зовлон үгүй болно.
Харин хуурмаггүй үнэнч гэж тодотгож хэлснийг минь онцлоорой. Бас нэг зүйлийг зайлшгүй хэлмээр санагдана. Сархадаас самуун, архинаас аюул гэдгийг эгэл жирийн иргэнээс эрхэм төрийн түшээд хүртэл үнэн мөнөөр нь ухаарч архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн өргөмжилж хүүхэд багачууд, охид эмэгтэйчүүд хүртэл ууж олон олон гай зовлон тарьж байгааг цэглэх цаг болжээ. Энэ байдал хэвээр үргэлжлэвэл монгол үндэстнийг мөхөл рүү хөтлөх нь байна шүү.
-Таны аавыг их номтой лам хүн байсан гэж сонссон?
-Би настай хүний хэнз хүү юм даа. Аав минь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил суманд байсан. Усан зүйлийн хүрээнд найман настайдаа шавилан сууж, Эрдэнэ хамбаар арван жил ном заалгаад Да хүрээнд ирсэн юм гэнэ билээ. Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацанд Чойрын ном үзэж байгаад Богдын хүрээнд гамингууд орж ирж, цаг үймэхэд нутагтаа очоод хагас жил болсны дараа өвгөн лам Наваантай хамт холыг зорьсон гэдэг. Гүмбэм, Лавран, Лхасад ном үзсэнээр рамжамбын цол зэрэг хүртээд 1943 онд нутагтаа эргэн ирсэн юм.
Номтой лам нарыг хэлмэгдүүлээд хэдэн жил өнгөрч байсан ч аавыг аймгийн төвд суулган байцааж, хэсэг саатуулсны дараа сулласан түүх бий. Аль ч утгаар хэлсэн аав минь буддын гүн ухаанд мэргэшсэн хүн байж дээ. Аав минь одоо цагийнхаа номыг туйлд нь хүртэл сур, хичээ, номыг сууж сурдаг гэж л захидаг байлаа.
-Сүүлийн үед монгол хүний мөс чанар муудсан юм шиг санагдаад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Сайн үйлийг бүтээж, хүмүүн заяа тэгш явах эсэхийг чиний сэтгэл мэднэ. Сэтгэл зөв байна гэдэг чиний сэтгэлээр жолоодуулсан бүх үйл үйлдэл чинь арван цагааны мөрт багтана гэсэн үг. Бидний өвөг дээдэс сайн сайхан өгөөмөр сэтгэлийг магтан сайшаасан аман зохиолоор дамжуулан хүүхэд багачуудад балчир цагаас нь тийм сэтгэлийг төлөвшүүлж ирсэн.
Залуус маань заяасан тавиландаа эзэн нь болж, зөв замаар амьдралаа залах хэрэгтэй. Монголчууд чинь хүний мөс, хүний жудгаар нөгөө дуурайгаад байдаг өндөр соёлт орнынхноос хол илүү юм шүү дээ. Залуучууд маань өвөг дээдсийнхээ хүнлэг ариун зан чанар, энэрэн элбэрэх тахимдуу ёс, ах захаа чин сэтгэлээсээ хүндэлдэг бичигдээгүй хууль зэргийг нэгэн биедээ өвлөж, түүгээрээ бахархаж явах учиртай. Тийм ёсыг мэддэггүй хүнийг монголчууд маань хүний үнэргүй амьтан гэдэг. Хүний үнэргүй гэдэг маань хүн биш болно л гэсэн үг шүү дээ.
-Саяхан Дэлхийн дулаарал ба цаг агаарын өөрчлөлтийн тулгамдсан асуудал гэсэн теле бага хурал болсон. Уг хурлыг ивээн тэтгэж хийлгэсэн Их гэгээрэгч Чин хай гэдэг багшаас хуралтай холбоотой асуулт тавьж байсан. Энэ талаараа сонирхуулаач?
-Тийм ээ. Би дэлхийн дулаарал нь байгаль ертөнцийн өөрийнх нь зүй тогтол жам ёсоор болж байгаа хэрэг биш. Хүн төрөлхтний буруутай үйл ажлаас энэхүү сөрөг үр дагавар үүдсэн гэдэг нь тодорхой. Тэрхүү буруутай үйлийг хүн төрөлхтөн үйлдэхэд юун эх үүсвэр билээ? хүний сэтгэлийн гэм, буруудсан сэтгэлээс үүссэн билээ. Сэтгэл буруудваас үйл бурууддаг.
Бүр тодотговол хүний сэтгэлд ассан шуналын гал нь дэлхийг дулааруулж байна даа. Одоо дэлхий даяар буй болж байгаа банк санхүү, эдийн засгийн хямрал ч гэсэн улам улам баяжихын төлөө хэт их ашиг олз хөөцөлдөж, хэт их үйлдвэрлэсний хар гай бус уу? Бас л шуналын галаас шалтгаалжээ. Иймээс хүн төрөлхтний дийлэнх хэсгийн сэтгэлийн шуналыг өнөөгийн нөхцөлд яаж хязгаарлаж номхотгох вэ гэж асуусан. Хариулт нь сайн сонсогдоогүй ээ /Инээв/.
-Монгол хэлний түүхэн хөгжлийг хэрхэн дүгнэж байна?
-Монгол хэл маань гарал үүслээрээ Алтай овгийн хэлэнд багтах бөгөөд үүнд турэг, манж түнгүс, солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн хувьд залгамал хэлэнд хамаарна. Тийм учраас нугархай хэв шинжтэй орос, англи, франц зэрэг энэтхэг-европын хэлнээс, тусгайлиг хэв шинжтэй хятад, бирм зэрэг хэлнээс өвөрмөц ялгаатай юм.
Монгол үгийн бүтцийг авч үзвэл, угийн язгуурын араас дагавар, нөхцлүүд угсран ордог. Өөрөөр хэлбэл, тухайн үгийн үндсийн өмнө нь угтвар, дундуур нь ямар нэгэн оруулбар орохгүй гэсэн үг. Монгол хэл нь түүхэн хөгжлийн явцад өвөг, эртний, дундад, орчин үе гэсэн дөрвөн үе шатыг дамжин туулсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг. Харьцангуй цөөн хүн одоо ярьж байгаагаар нь монгол хэлээ дорд үзэх санаа байж болохгүй. Монгол хэл нь эртний хэл дэлхийн том хэлний нэг. Цагтаа монгол хэл чинь одоогийн англи хэл шиг нөлөөтэй байж олон орныхон сурч эзэмшиж, монгол бичгээр нь харилцаж байсан түүхтэй билээ.
-Тэгвэл монгол бичгийн түүхэн хөгжлийн талаар ?
-Монгол туургатны маань бичиг соёлын ноён оргил, хэдэн зуун жилийн түүхийн улаач болсон оюуны гайхамшигт өв монгол бичиг юм. Өдгөөгөөс 800 гаруй жилийн тэртээ алдар суут Чингис хаан бээр монгол бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгож, Мөнх тэнгэрийн хүчинд, Их Монгол Улсын далай хааны зарлиг.
Эл, булха иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай хэмээсэн эзэнт гүрний, их хааны сүр хүчийг илтгэсэн хасбуу тамга барьж, Улсын заргач Шихихутагаар найруулан бичүүлсэн Их засаг хэмээх хууль цаазаа цагаан цаасанд буулган, хөх дэвтэрт дэвтэрлэж, үеийн үед бүү егүүтгэтүгэй хэмээн зарлигласан байдаг.
-Монгол бичгийг соёлын гайхамшигт өв гэдэг?
-Тийм ээ. Хүн төрөлхтний бичгийн соёлыг гадаад далайд цутгадаг ик мөрөн хэмээвээс түүний ширгэшгүй ундарга, тасаршгүй цутгалын нэг нь болох монгол бичгийг монголчуудын оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг дараахи хэдэн үндэслэлээр нотолж болно. Аливаа соёлт үндэстэн үсэг бичгийн шинэ тугдам тогтолцоог боловсруулан буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай. Үүний нэгэн адил, монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой юм.
XIII зуунаас уламжлан үлдсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дөрвөлжин үсэг болон хятад, араб перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний баримт хэрэглэгдэхүүнээс ихээхэн зөрөөтэй, түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэдэг. Хэлний хувьсал өөрчлөлт гэдэг тийм богинохон буюу хэдэн арван жилийн дотор явагддаггүй, харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл билээ.
Энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэнд гарсан монгол бичгийн эх үүдэл нь даруй 1000 жилээс наашгүй гэдэг дүгнэлт нь баталгаа нотолгоо, баримт хэрэглэгдэхүүнээр улам баяжиж, эдүгээ нэгэнт эргэлзээгүй болжээ.
Өнөөдөр манай улсад кирил үсгийг бүх нийтээр хэрэглэж байгаа боловч төрийн тэргүүн, Ерөнхий сайдаас эхлээд бүх яамдын сайд нарын батламж тамгыг монгол бичгээр үйлдсэн нь үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл төрт ёсны хүрээнд гүн бат хадгалагдаж буйн тод илрэл гэж болно. Түүнчлэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн анхны эхийн монгол бичгийн хөрвүүлэг, Монголын Нууц Товчоон-ы XIII зууны үеийн монгол бичгийн барын тиг хэлбэрээр буулгаж, есөн эрдэнээр бүтээсэн эхийг төрийн санд нандигнан хадгалж байгаа.
Сүүлийн үед, манай ард түмэн өргөмжлөл хүндэтгэл, бэлэг дурсгал, хувийн тамга дардсын зүйлээ монгол бичгээр үйлдэхийг илүү эрмэлзэх болсон нь уг чанартаа монголчуудын их соёлоо дээдлэх үзлийн нэгэн илрэл юм. Монгол бичиг нь хамаг монгол туургатны хэл аялгууг хамтатган тэмдэглэж, хэдэн зуун жилийн түүхийн түүчээ, судар шастирын цоморлигийг улираан уламжлуулсан монголчууд бидний эх хэл, эв нэгдэл, эрдэм мэдлэг, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм нандин гэрч, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв мөн болно.
-Их дээд, дунд сургуулиудын монгол бичгийн хичээлийн сургалт ямар түвшинд байна. Бүх нийтийн шинж чанартай болж чадаагүй л байяа. Цаашид яавал зохилтой вэ?
-Дунд сургуульд монгол бичгийг гуравдугаар ангиас зааж байгаа. Сургалтын чанар бүрэн сайн гэж үнэндээ хэлж чадахгүй. Энэ нь нэг талаас монгол бичгийн цаг хэтэрхий бага, нөгөө талаас зааж буй багш нарын идэвх зүтгэл сул байгаатай холбоотой. Их дээд сургуульд монгол бичгийг зааж байгаа боловч жигд биш байна. Ер нь төрийн бодлогоо хэрэгжүүлэх доод шатны хүмүүс үгүйсгээд байдаг нь манайхны нэг сул тал л даа.
2008 оны тавдугаар сарын 28-д Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-П -ыг Монгол Улсын Засгийн газраас батласан. Энэ хөтөлбөр 2006-2015 онд хэрэгжих юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд монгол бичгийн сургалтад ахиц гарна. Ер нь Монгол хүн л юм бол үндэснийхээ бичгийг сур гэж шаардуулахгүйгээр эзэмших ёстой шүү дээ. Ялангуяа сэхээтэн хүний хувьд үндэснийхээ бичиг үсгийг мэдэхгүй, нэрээ ч тавьж чадахгүй явна гэдэг тун шившигтэй хэрэг дээ.
-Өнөө үед шинжлэх ухаан, техникийн хөгжлийг дагаад гадаад үг хэллэг нэлээд орж ирж байна. Тиймээс залуучууд монгол бичгийг хэрэглэхээс илүү латин үсгийг хэрэглэдэг болжээ. Энэ талаар?
-Яахав хөгжлөө дагаад гадаад үг хэллэг орж ирэх нь зүйн хэрэг. Харин эх хэлний .дотоод зүй тогтлоор шинэ үг бүтээх боломж байсаар атал харь үгийг зээлдэн хэрэглэх нь аливаа хэлний дархлаанд сөрөг хандлагатай зүйл. Ер нь орчуулах боломжтой үгсийг эх хэлээрээ буулгадаг ёс соёлт үндэстэн бүрт байдаг шүү дээ. Бас нэг зүйлийг анхааруулахад тухайн үгийг бүрэн орлож чадах монгол бичгийн хэлний өдий төдий үг байдаг боловч түүнийгээ мэдэхгүйн харгайгаас хэрэглэхгүй юм даа. Мэдэх ч ёстой хэрэглэх ч ёстой.
Залуус латин үсгээр захиа бичиж харьцаж байгаа нь тохиолдлын зүйл болохоос латин үсгийн хэрэгцээг заавал шаардаж буй хэрэг биш. Монгол бичгийн олон улсын код батлагдаж түүнд нийцсэн компьютерээр бичиж хэд хэдэн программ бий. Бас хөрвүүлэх программ хийж байгаа. Ер нь энэ талын ажил эрчимтэй үргэлжилж байна.
-Даяаршлын зуунд аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа нь шашин соёл, хэл гэж эх орончид үздэг юм билээ. Цөөхөн монголчуудын хувьд хэл соёлоо хэрхэн хамгаалж үлдэх талаар эрдэмтэн хүний үгийг сонсмоор байна?
-Даяаршил гэдэг үгийг даган баясах зүйл биш. Харин болгоомжлох олон зүйл бий. Ер нь хүн төрөлхтөн бүхий л зүйлээрээ даяаршина гэвэл дэндүү өрөөсгөл болно биз дээ. Бид хэлээ мартаж, соёлоо үгүйсгэвэл хэн болох вэ, хэл соёлоо хамгаална гэдэг хэдхэн мэргэжлийн хүмүүст хамаатай зүйл биш. Гадаад хэлийг сурч, гадаадын соёлоос суралцалгүй яахав.
Гагцхүү эх хэл, түүх соёлоо үгүйсгэнэ гэдэг туурга тусгаар улсын иргэнд байж боломгүй хэрэг л дээ. Эх хэлээ сайн эзэмшиж, их соёлоороо бахархан суралцана гэдэг эх орноо хайрлаж, тусгаар тогтнолоо хамгаалахад иргэн хүний оруулж буй хувь нэмэр юм шүү. Өнөө цагт эх орныхоо чулуу бүрийг, эх хэлнийхээ үг бүрийг Нүдлэн хамгаалах цаг ирснийг монгол хүн бүр чин сэтгэлээр ухаараасай гэж хүсмээр байна.
Б.Анхцэцэг
дугаар 026/952/