Барилгын ашиглалтыг зөвхөн СӨХ-нд даатгах уу?
Аж төрөхүйн материаллаг зорилго нь миний гэр гэсэн халдашгүй цайз дээр тогтдгоороо адил. Тухайн хүн, тухайн гэр бүл мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу хамаагүй толгой хорогдох орон гэртэй байх нь амьдралын нэгэн баталгаа аж. Монголчууд энэхүү аж төрөх баталгаагаа сиймхий ч гэсэн гэр минь гэж ончтой хэлсэн нь утгатай. Харин зэрэг зиндаа, бэл бэнчингээ үзүүлэн хауст тухлах уу, дундаж жишгээр орон сууцтай байх уу, тоонот гэрт толгой хорогдох уу гэдэг нь хэн хүний эдийн засгийн боломжоос хамаарах асуудал. Нүүдэлчин уламжлалаас нийгэмшсэн ахуйд шилжсэн бидний хувьд боловсон жорлонд бие засаж, хананаасаа ус авч, халуун паартай байр-нд тухлах нь хотжсон амьдралын тав тух гэдгийг хангалттай мэдсэн болохоор орон сууцанд орох нь туйлын мөреөдел билээ. Байртай болох мөрөөдлөө мөнгөний хүлээсэнд боомилсон олон мянган залуус харийн оронд хөдөлмөрлөж, хувь заяатайгаа эвлэрсэн нь утаандаа хахан амьдарч буй. Хүн бүхэн хаусанд амьдрах тавилангүйгээс хойш ядахнаа байртай болох хүсэл хэнд ч бий.
Байртай боллоо, одоо яах вэ?
Байртай болбол үл хөдлөх хөрөнгөтэй боллоо гэсэн үг. Тиймдээ ч өнөөдрийн нийгэмд орон байртай болох нь өөртөө болон гэр бүл, үр хүүхэддээ өвлүүлэх хамгийн том өмч юм. Мөн хамгийн том даваа билээ. Учир нь байр худалдаж авах маш чухал ажил. Хуучин байр авах уу, шинийг захиалах уу гэдгээс эхлээд хөдөлмөрлөж, хуримтлуулж олсон хэдэн төгрөгөө эрсдэлгүй зарцуулах нь нэгдүгээр алхам. За ямар ч байсан байртай болчихлоо. Хүсч хүлээсэн байрандаа ороод анхандаа сайхаан. Шинэхэн, тохилог, сэтгэл хангалуун… Харин дараахь асуудлуудыг нь өнөөхөндөө бид анзаардаггүй нь тоогүй. Хуучин орон сууц худалдаж авсан хүмүүс бол засвар хийгээд бас чиг гайгүй. Шинэ байр захиалж орсон хүмүүст нэлээдгүй бэрхшээл тулгарч байна. Үүний нэг нь барилгын дараахь ашиглалт юм. Нэг ч бай, 2-5 өрөө ч бай орон сууц нийтийнх гэдгээрээ онцлогтой. Нэгэнт байрандаа орсон юм чинь ус, цахилгаан, дулаан, сантехник гэхчилэн бусад асуудал тухайн орон сууцыг барьсан барилгын компанийн мэдлээс гардаг. Орон сууцны ашиглалтад СӨХ гол үүрэгтэй. Харин тэд орон сууцны ашиглалтыг хариуцаж иргэддээ тусалж чадаж байна уу?
Энэ асуултыг хэрэглэгч бид бүр орон сууцанд орохоосоо өмнө тухайн барилгын компанид тавих хэрэгтэй болжээ. Яагаад гэвэл барилгын ерөнхий стандартаас гадна өөр өөрийн чанарын төвшин, онцлогтой баригдаж буй орон сууцнуудын ашиглалтад орсноос хойших байдал хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөөр байна. Барилгын чанарт иргэд сайн, муу янз бүрийн дүн тавьж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Чанартай орон сууц барьж байгаа нь ч бий, халтуурдаж байгаа нь ч байна. Ингээд барилгаа барьж дуусаад аргагүй эрхэнд таарсан СӨХ- нд даатган өгснөөс жинхэнэ асуудал үүсдэг. Тухайлбал, шинэ байранд орсон иргэдэд тулгардаг нэг бэрхшээл нь сантехникийн эвдрэл гэмтэл. Усны цорго эвдрэхээс эхлээд сантехникийн шугам бөглөрөх зэрэгт слесарь дуудна. Тэдний мэргэжлийн ур чадвар нийтээрээ сайн биш ээ. Уг нь сайн нь олон, муу нь цөөн баймаар. Гэтэл олонхи нь чадвар муу, мэргэжлийн бус хүнээс ч доор байгааг яах вэ? Ажлын чанараа мөнгөнөөс хоёрдугаарт тавьж, авахдаа л сайн. Ганц муу резинэн боолт ороосон болоод 2000, 3000 төгрөг бичээд талийж өгнө. Өнөөх нь хэд хоногийн дараа дахин эвдэрчихнэ.
Сүүлийн үед өндөр зэрэглэлийн барилгын материалаар барьсан орон сууц олноор баригдаж буй. Гэтэл барилгын дараахь ашиглалт хангалтгүйгээс иргэд давхар хохирох үзэгдэл олонтаа тохиолдож буйг СӨХ-той холбон тайлбарладаг нь энэ. Чанар муутай барилгын материалаар баригдсан барилгын чанар мөн тэр хэмжээгээр чанар муутай байх нь ойлгомжтой. Гэлээ гээд чадвар муутай СӨХ-нд бүхнээ даатгаад суух нь зөв гэж үү? Өдгөө нэг үеэ бодвол барилгын компаниудын үйл ажиллагаа жигдэрч, туршлагажиж байгаа. Шалгарсан нь барилгын зах зээлд эргэлт буцалтгүй орж орон сууцыг хорооллоор нь босгоод эхэллээ. Тиймээс барилгын компаниуд өөрсдийн барьсан барилгаа дараа нь арчилж тойлж байх бичил компани буюу шинэ хэлбэрийн СӨХ-г давхар байгуулж ажиллая. БХБЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага ч барилгын компаниудад ийм болзол, шалгуур тавибал хэрэглэгчдэд хэрэгтэй.
Л.Эрдэнэ
Дугаар 028 /21257/