Цэцэг эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг
гэр орон, орчны засал чимэглэлд өргөн хэрэглэх болжээ. Том хивс, үнэтэй эдлэлээр дүүргэхээс илүү сайхан цэцгээр гэрээ гоёхыг илүүд үзэж байна. Үүнийг дагаад цэцэг тарих гоёмсог сав суулга, шороо бордоо зэргийг ч элбэг худалдаалдаг болжээ.
Өнгө дизайны хослол
Цэцгийг цонхны тавцан дээр эгнүүлж тавьдаг арга хэдийн хуучирчээ. Орчин үед тасалгааны ургамлыг хана таазнаас өлгөх, шалан дээр тавихаас гадна, сав суулга нь хүртэл өвөрмөц хэлбэртэй, өрөөний өнгө үзэмж хэлбэртэй зохицох болж. Мөлхөө цэцгийг тавиур шүүгээн дээр тавихаас илүү бие даасан чимэглэл хэлбэрээр хананд өлгөж, хэрэв салаа мөчир нь урт ургасан бол наалтуур дэгээний тусламжтайгаар ханаар гүйлгэн байрлуулах юм.
Сав нь дөрвөлжин, дугуй, янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд байгалийн эдээр хийсэн бол илүү тансаг харагдана. Намхан иштэй, өтгөн навчистай цэцэгт ургамлыг ширээ, тавиур дээр тавихад гоёмсог чимэглэл болно. Харин өндөр ургадаг, өргөн навчтай овор бүхий ургамлыг зөөлөн сандал, буйдангийн дэргэд байрлуулах нь тохиромжтой. Цэцгийг янз бүрийн өнгө хэлбэртэй саванд суулгаж, эгнүүлэн тавих нь зохимжгүй харагддаг. Нэг өрөөнд тавих цэцэгнүүдийг өнгө болон материал нь ижил, харин хэлбэр өөр саванд суулгах нь хоорондоо илүү зохицно.
Цэцэг эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг
Тасалгааны цэцэг гуравдугаар сараас аравдугаар сарын хооронд хамгийн сайн ургадаг. Тиймээс хаврын урь орох цагаар энэ төрлийн бизнес цэцэглэж эхэлнэ. Ургамлын ногоон өнгө нь хүний мэдрэлийн систем, харааны хурдыг сэргээж тайвшруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Мөн өрөө тасалгааны агаарыг үргэлж чийглэг байлгаж, тоос, шороог мэдэгдэхүйц багасгана. Финтацит хэмээх бодис ялгаруулж, агаарт буй нянг устгадаг зэрэг олон талын ач тустай гэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар дэлгүүрүүдэд худалдаалж буй цэцгийн үнэ ханш адилгүй байлаа. Гэвч дундаж үнэ цаашид өөрчлөгдөхгүй гэж бизнес эрхлэгчид ярьж байна. Хүмүүсийн олонхи нь тасалгааны цэцгийг гоёлын болон ердийн зориулалтаар ургуулдаг. Харин зарим нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, агаар цэвэршүүлдэг хэмээн тарьдаг аж.
Цэцгийн үнэ тарьсан сав, хэр ургасан байдал зэргээсээ шалтгаалан янз бүр. Дунд зэргийн савтай, боломжийн ургасан нь 3000-10.000 төгрөгийн үнэтэй. Харин түүнээс дээш үнэтэй нь том савтай, өндөр ургасан байх бөгөөд хаалганы үүд, булан тохойд байрлуулж болохуйц аж.
Эх сурвалж Гэр бүлийн сонин