УИХ-ын ээлжит бус чуулган дээр МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг
Анх өндөр хөгжилтэй орнуудад эхэлсэн санхүүгийн хямрал олон орныг хамарсан эдийн засгийн хямрал болон гүнзгийрч, улам өргөжин тэлэх шинжтэй болж байна.
Одоогоор Европын Холбооны 15 орон, Ази, Африк, Латин Америкийн зарим орнууд эдийн засгийн хямралд орсноо албан ёсоор зарлажээ. Ихэнх орнууд хямралыг хохирол багатай даван туулах тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, олон улсын байгууллага, хандивлагчдаас тусламж, дэмжлэг авч байна.
Саяхан болж өнгөрсөн Давосын уулзалт дээр энэхүү санхүү, эдийн засгийн хямралыг дэлхийн улс орнууд хэн нь ч урьдчилан хараагүй, мөн хаана ямар алдаа гаргаж буйгаа нэгдсэн байдлаар дүгнэж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хамтдаа уялдаатай, нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэн даван туулахаас өөр сонголт байхгүй хэмээн дүгнэсэн.
Энэхүү хямрал нь манай оронд шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа бөгөөд өнөөгийн эдийн засгийн хямралыг даван туулах арга замын талаар янз бүрийн үзэл, хандлага гарч байна. Засгийн газраас санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах төлөвлөгөөний төсөл боловсруулж, УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганаараа хэлэлцэж байгааг Төрийн тэргүүний хувьд сайшааж байна.
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал нь товчхон бөгөөд шууд хэлвэл хариуцлагагүй байдлаас үүдэлтэйг АНУ-ны Ерөнхийлөгч Барак Обамагаас эхлээд дэлхийн олон орны төр, засгийн удирдлагууд, судлаачид, бизнес эрхлэгчид хүлээн зөвшөөрч байна.
Эдийн засгийн хямралын нөлөөгөөр Монголын экспортын бүтээгдэхүүний /зэс, жонш г.м./ зах зээлийн үнэ унаж байгаа нь манай орны эдийн засагт тааламжгүй нөхцөлийг бий болгож, гадаадаас орж ирэх валютын урсгал буурахад шууд нөлөөлж байна. Мөн төгрөгийн худалдан авах чадвар суларч, гадаад валюттай харьцах ханш унаж, мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн үнэгүйдэж буй зэрэг нь жижиг хэмжээний арилжаа наймаа эрхэлж амьдралаа авч явдаг манай ихэнх иргэдэд болон малчдад хүндээр тусч байна.
Импортын барааны үнэ нэмэгдсэнээс болж түүний борлуулалт багасах, хүн амын бараа үйлчилгээний худалдан авах чадвар буурах, хэрэглээ хумигдах хандлага гарч байна. Банкуудын зээл олголт буурч, нэгэнт олгосон зээлийн эргэж төлөгдөх магадлал багасч, бэлэн мөнгөний хомсдол гарч, эдийн засгийн бодит секторт царцанги байдал үүсэж, орон тооны цомхотгол хийх явдал өргөжиж, ажилгүйдэл огцом өсөх магадлалтай болж байна. Үүнтэй уялдан ядуурал хүрээгээ тэлж, улам гүнзгийрэхвий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй улам бодитой болж байна.
Хямралыг даван туулахдаа анхаарлаа хандуулах гол асуудал бол аль болохоор ажлын байрыг хадгалах, бүр нэмэгдүүлэх явдал мөн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хямралыг богино хугацаанд даван туулахыг хичээхдээ ажлын байрыг дэмжих санхүүжилтийг хэрхэн яаж шийдэх, ямар арга хэрэгслээр хэрэгжүүлэх вэ? гэдэг асуулт хурцаар тавигдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг УИХ, Засгийн газар дэмжиж 2009 оныг Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгон зарласан билээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх гол арга зам мөн билээ. Үүний тулд наад зах нь дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэх нь зүйтэй. Энэ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллах, ажилгүйдэл бий болгохгүй байх, татварын орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг ач холбогдолтой юм.
Хямралыг хохирол багатай даван туулахыг хичээхдээ болохгүй бүтэхгүй байгаагийн чухам юу нь дэлхийн эдийн засгийн хямралаас, харин юу нь монголчууд бидний өөрсдийн буруу үйл ажиллагаа, алдаа дутагдлаас шалтгаалж байна вэ? гэдгийг ялган салган тогтоож, юуны түрүүн өөрсдийн алдаа дутагдлыг нэн даруй засаж залруулахыг зорих хэрэгтэй. Бидэнд тулгараад байгаа хямралыг даван туулахын тулд дараах арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хийх нь чухал байна. Үүнд
1. Бид дотоод хүчин зүйлүүд, ялангуяа төр, засгийн байгууллагуудын шуурхай бус үйл ажиллагаа, уян хатан бус зохицуулалтын хөшүүн тогтолцоо, хүнд суртал, авлига зэрэг асуудалд анхааарлаа хандуулж, тэдгээрийг даруй арилгах хэрэгтэй.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түргэн шуурхай, ил тод, нээлттэй болгох, иргэддээ үнэн зөв, бодитой мэдээллийг цаг тухайд нь өгч байх, ТББ-дад шилжүүлж болох төрийн зарим чиг үүргүүдийг тодорхой гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгч, ачаалал, хүнд суртлыг бууруулах чиглэлээр ажиллах шаардлагатай.
2. Эдийн засгийн хямралын 60-70 хувь нь төр, засгийн алдаатай буруу үйл ажиллагаанаас болсон гэж бизнесийн байгууллагууд үзэж байгааг хэтрүүлсэн тоо байна хэмээн маргаж цаг алдсанаас анхааралдаа авч, хамтын хүчээр засаж залруулахыг зоривол зохино. Мөн төр, засгийн ажлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төсөвт зардлаа бууруулж, төсвөө эрүүлжүүлэх, төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй.
ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийж, хамтын ажиллагааны хөтөлбөртэй болох талаар Засгийн газар идэвхи, санаачилга гаргах нь зүйтэй. Ингэснээр эдгээр байгууллага болон хөгжилтэй, мөн хөрөнгө мөнгөний хувьд бололцоотой орнуудаас хямралыг даван туулахад чиглэгдсэн хөрөнгө мөнгөний шууд тусламж болон хөрөнгө оруулалтын дэмжлэг авах үндэс бүрдэнэ.
3. Төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй. Хөрөнгө оруулалтыг ажлын байрыг нэмэгдүүлэх, ингэснээр үйлдвэржүүлэлтийг бодит ажил болгохын тулд элэгдэл хорогдлын бодлогод түр зуурын өөрчлөлт хийж болох тухай мэргэжилтнүүд санал дэвшүүлж буйг судлах хэрэгтэй. Тухайлбал, элэгдэл хорогдлын шимтгэлээр хөрөнгө оруулалтын зориулалт бүхий сан байгуулж болно. Энэ нь санхүүгийн хүндрэлд байгаа өнөөгийн нөхцөлд бодит эх үүсвэр болох бөгөөд магадгүй санхүүгийн хүндрэлийн нөхцөлд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх үндсэн дээр ядуурлыг тогтоон барих, улмаар бууруулах хамгийн идэвхтэй хэрэгсэл ч болох магадлалтай гэж судлаачид дүгнэж байгааг анхаарах хэрэгтэй.
4. Ашигт малтмалын томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд даруй оруулах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Чингэхдээ үндэсний эрх ашгаа геополитикийн бодлоготой оновчтой уялдуулах, ойрын ирээдүйн эрчимтэй хөгжлийн үндэс суурийг бат бэх тавих, гадаад, дотоодын ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг олноор бий болгох, шинэ технологийг оруулж ирэх, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, иргэддээ Эх орны хишиг-ийг хүртээж эхлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхийг хичээх шаардлагатай.
5. Нийгмийн халамжийн зардлыг ядуурлыг бууруулах зорилттой нягт уялдуулан нийгмийн эмзэг хэсэг, эрсдэлтэй бүлгүүд рүү оновчтой хэлбэрээр чиглүүлж ажиллахын чухалыг онцлон тэмдэглэж байна.
6. Өнөөгийн хүндрэлийг даван туулж цаашид тогтвортой өсөлтийг бий болгох гол хүч бол аж ахуйн нэгжийн санхүүгийн чадварыг дээшлүүлэх явдал юм. Засгийн газар нь аж ахуйн нэгжийн үзэл баримтлалтай байж, аж ахуйн нэгж нь нийгмийн хариуцлагатай байж, энэ хоёр хүч нэгдсэнээр ард түмний аж байдал дээшилдэг нь олон улсын жишгээс тодорхой байна. Ийм учраас компанийн нийгмийн хариуцлагыг зөвхөн татвар төлөх хариуцлага гэж явцуугаар ойлголгүй, илүү өргөн цар хүрээтэй ухаарч, хөдөлмөрийн бүтээмжээ өсгөх үндсэн дээр ажиллагсадынхаа орлогыг тууштай нэмэгдүүлдэг, компанийн нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэж, ажлын байрыг нэмэгдүүлэн, ажиллагсдынхаа мэргэшил, чадварыг байнга дээшлүүлдэг нийгмийн өндөр хариуцлагатай компанийг төр засгаас түлхүү дэмждэг байх тодорхой механизмыг буй болгож хэрэгжүүлэх нь үр дүнтэй арга хэмжээ болно. Мөн ажилчдаа цомхтгож халаагүй, ажлын байр шинээр бий болгож байгаа аж ахуй нэгжүүдийг татварын болон зээлийн хөнгөлөлтөөр дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзнэ.
7. Зарим аж ахуйн нэгж төрөл бүрийн төлбөр тооцоогоо гадаад валютаар хийсээр байгааг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн эрдэмтэд хэлж байгааг судлах. Энэ нь дотоодын зах зээл дээр гадаад валютын зохиомол эрэлт бий болгож, төгрөгийн ханш сулрахад нөлөөлж, хүмүүс үндэсний мөнгөн тэмдэг болох төгрөгт итгэх итгэлийг сулруулж, макро эдийн засгийн тогтворжилтыг хангахад сөргөөр нөлөөлж байна. Иймд зарим хууль тогтоомжийг эргэн харж Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төлбөр тооцоог төгрөгөөр хийдэг журамд шилжих шаардлагатай гэж тэд үзэж байна.
8. Татварын бодлогыг ажлын байр бий болгох, бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилттой уялдуулж сайжруулах хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулж олон жил маргалдаж буй гэнэтийн ашгийн 68 хувийн татварын асуудлыг оновчтой хувилбар боловсруулан шийдвэрлэх нь зүйтэй. Ингэвээс наад зах нь нуугдмал байдалд орсон ихээхэн хэмжээний алт эргээд тооцоонд орж хямралыг гэтлэн давахад тодорхой хөшүүрэг болно. Мөн тодорхой хугацаанд татварын ачааллыг бууруулах ч бодлогын арга хэмжээ авч болох юм. Нөгөө талаар зарим төрлийн онцгой албан татварыг, тухайлбал тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлж болно.
9. Бизнесийн орчин, нөхцлийг сайжруулан, элдэв зөвшөөрөл лиценз, бизнест дарамттай хяналт шалгалтуудыг эхний ээлжинд 50 хүртэл хувиар багасгах, шударга бус өрсөлдөөнийг бий болгож буй хууль эрх зүйн орчныг дахин хянан авч үзэх шаардлагатай байна. Тухайлбал, барилгын секторт үйлчилдэг бүх төрлийн зөвшөөрөл, лицензийг эхний ээлжинд 50 хувиар хорогдуулах, барилгын материалын импортыг орлох үйл явцыг хүнсний сектортой адил тэргүүлэх чиглэл болгон авч үзэх бодлого хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байх болно.
10. Төрийн мөнгөний бодлогыг бодит эдийн засагтай уялдуулах, өнөөгийн идэвхгүй, алдаатай бодлогыг нэн яаралтай өөрчлөн шинэчлэх, инфляцийг бууруулах, валютын ханшийг тогтворжуулах чиглэлд хандуулан ажиллах хэрэгтэй. Арилжааны банкны санхүүгийн зээл чухамхүү яг эзнээ олж хүрч байгаа, эсэх, зээлийн өр, дарамтанд орсон малчид, бичил болон жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн өр үүссэн нөхцөл, шалтгааныг бодитой судлан мөнгөний бодлогын алдаа эсвэл зээлдэгчийн буруугаас болсон эсэхийг зааглан ялгаж, хандсан арга хэмжээ авах нь зүйтэй байна.
11. Үйлдвэржүүлэлтийн төлөвлөгөөг /газрын зургийг/ яаралтай гарган батлах, хэрэгжүүлж эхлэх, ингэхдээ хувийн хэвшлийн санал бодлыг авч тусгах нь чухал ач холбогдолтой байх болно. Боловсруулах болон экспортын чиглэлийн үйлдвэрлэлд түлхүү анхааран дэмжих нь хямралыг хохирол багатай туулах нэг чухал арга зам болох учиртай. Эрдэнэт үйлдвэр ХХК, Мобиком корпораци, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Дулааны 4-р цахилгаан станц, Хаан банк, НИК ХХК, Эрдмин ХХК зэрэг 25 томоохон аж ахуйн нэгж өнөөдөр улсын төсвийн орлогын 75,7 хувийг бүрдүүлж байна.
Эдгээр үйлдвэр, аж ахуйн газрууд нь олон мянган хүнийг ажлын байраар хангадаг, олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмждэг, бүхэл бүтэн хот, суурин газруудын амьдралыг тэтгэдэг гэж хэлж болох аж ахуйн байгууллагууд мөн тул үйл ажиллагааг нь дэмжих тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
12. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 48,879 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 50 хүртэлх ажиллагсадтай аж ахуйн нэгж тэдгээрийн 97.5 хувийг эзэлж, улсын төсвийн 2.1 хувийг бүрдүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчид нь хэрэглэгчдэд ойр байж, тэдний эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн ажил, үйлчилгээ явуулдагаараа нийгэмд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Иймд жижиг, дунд үйлдвэрүүд дампуурч, ажлын байр олноор устаж үгүй болохоос сэргийлж, цалингийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулан Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг хандивлагчтай нягт хамтран ажиллах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор төсөвт тусгасан хөрөнгийг эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзнэ.
13. Эдийн засгийн хямралын нөхцөлд гадаадаас авах ажилчдын тоог бууруулан, тэднийг орлох монгол ажилчдыг МСҮТ, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төвүүд болон томоохон аж ахуйн нэгжийн сургалтын нэгжид түшиглэн бэлтгэх ажлыг нэн даруй эхлэх, мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр цагаар, өдрөөр гүйцэтгэх ажил зохион байгуулж, оюутан залуучуудыг өргөн хамруулах нь чухал ач холбогдолтой байх болно. Монголчууд бид чухамхүү хамтын хүч чармайлтаар санхүү, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас гарах ёстой. Тал талаасаа санаачлага, хариуцлагаа өндөржүүлж, хүч бололцоогоо нэгтгэж, итгэлцлийг бий болгож ажиллах нь цаг үеийн шаардлага болж байна.
Эцэст нь хэлэхэд эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг даван туулахын тулд Засгийн газрын төлөвлөгөө нь эн тэргүүнд банк, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах, аж үйлдвэрийн салбар, хөдөөгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг аль болохоор нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг бууруулахгүй тогтвортой хадгалж, цаашид дунд, урт хугацаанд чиглэсэн хөгжлийн бодлогоо Үндэсний хөгжлийн цогц бодлого-д тусгагдсан зорилтуудтай уялдуулсан багц, тодорхой хөтөлбөр байх учиртай гэж үзэж байна.
Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.