Найман шарга-ыг татан буулгая!
Ченжүүд банкныхантай хуйвалддаг. Банкнаас их хэмжээний валютыг зөвхөн долларын ченжүүдэд гаргаж өгч заруулдаг албан тушаалтнууд бий хэмээн цэнхэр дэлгэцээр нэгэн иргэн ярив. Үүнтэй зэрэгцэн долларын ченжүүдэд залилуулсан тухай яриа хаа сайгүй тэнэсээр…
Найман шарга-ын долларын ченжид залилуулчихлаа гэсэн гомдол Нийслэлийн цагдаагийн газарт он гарсаар гурван ч удаа иржээ. Уншигч танд энэ тоо бага санагдаж магадгүй. Гэхдээ тэр бүр цагдаад ханддаггүй л болохоос, долларын хар захын ченжүүдэд хулхидуулсан хүний тоо миний мэдэхийн арван хуруунаас лав хэтэрчихсэн. Одоогоос таванжилийн өмнө буюу 2002 онд ээж маань Найман шарга-ын ченжээс 200 доллар худалдаж авав аа. Гэртээ харих замдаа дэлгүүр орж бага сага зүйл худалдаж авсан юм. Гэтэл солиулсан мөнгөнөөс нь 20 мянган төгрөг сох дутчихав. Ченжээс аваад тоолоход яах аргагүй энэ мөнгө бүрэн байсан даа гээд ээж маань тухайн үедээ гайхаад л өнгөрч байлаа. Дараа жил нь нэг найз маань бас л ийм зүйлийг надад ярилаа. 300 доллар солиулсан юм. Би өөрийнхөө гараар тоолсон. Тухайн үедээ бүрэн л байх шиг байсан юм. Харин сүүлд нь мөнгөө тооцоод үзсэн чинь 30 мянган төгрөг байдаггүй. Тэр ченжид л учир байна. Тооны машинаа буруу тохируулсан байх, эсвэл нэг мөнгөн дэвсгэртийг дундуур нь нугалаад надад хоёр тоолуулсан байх гэх зэргээр IQ-гийн бодлого бодох шиг л юм боллоо. Тэгж байтал хэн ч билээ дээ нэг хүн Найман шарга-ын ченжүүд ховсын арга хэрэглэж хүмүүсийг луйварддаг юм. Өгсөн мөнгийг нь эхлээд тоолохоор яг байдаг. Харин хоёр дахиа тоолоход дутдаг юм даа гэх нь тэр.
Яагаад ч юм, энэ яриа үнэн, худлыг шалгамаар санагдаад болдоггүй. Тэгэхээр нь найзтайгаа хамт валютын хар захыг зорилоо. Ченжүүдийн ховсод орохгүйн тулд нэлээд бэлтгэл хийв. Өөрөө тооны машинаа авч, машинаасаа буухгүйгээр цонхыг нь онгойлгомогц Доллар солиулах уу гэсээр валютын наймаачид хүрээд ирлээ. 200 доллар солиулъя. Хэдээр авах вэ гэтэл Валют арилжааны цэгүүдээс нэлээд өндөр ханш хэлж байна. Өөрийнхөө тооны машинаар бодож гаргасан дүнгээ ченжид харуулаадМөнгөө өг гэлээ. Тэр ч нэг их цааргалсангүй, шууд л тоолоод өгчихөв. Харин намайг мөнгийг тоолж байх зуур гараа машины цонхоор оруулж ирчихээд Ногооноо өгөөрэй гэж шавдууллаа. Би ч гүрийсээр байгаад мөнгийг тоолж дуусгав. Тооны машин дээр гарсан тоо мөн байна. Хоёр дахиа тоолохоор худлаа байдаг юм гэсэн танилын үгийг санаж дахиад л тоолов. Энэ хооронд ченж залуу намайг ногооноо өгөхийг шаардсаар. Танилын ярьсан үнэн байв. Хоёр дахиа тоолоход яах аргагүй мөнгө дутчихлаа. Гэхдээ яг хэд дутаад байгааг би тэрүүхэн хооронд бодож амжсангүй. Тэгээд Энэ мөнгө чинь дутуу байна шүү дээ гэтэл мань эр Би чамд …-р авна гэж хэлээ биз дээ хэмээн түрүүхэн хэлсэн ханшаасаа бага үнэ хэлээд мөнгөө бушуухан буцаагаад авчихлаа. Тэрүүхэн хооронд яг яагаад хоёр өөр тоо гарсныг би одоо болтол бодоод олдоггүй юм. Гэхдээ л тэр явдлаас хойш Найман шарга-ын ченжүүд 100 доллараас 10 мянгыг, 200 доллараас 20 мянгыг, 300 доллараас 30 мянгыг луйвардчихдаг гэсэн яриаг олон хүний амнаас сонсч байна. Гэхдээ хариултыг нь хэнээс ч сонсч байсангүй. Тэд Цыгануудын ховсдох аргыг хэрэглэдэг, Тооны машинд нь но бий, Нэг мөнгөн дэвсгэртийг дундуур нь нугалаад хоёр тоолуулчихдаг, Мөнгөө дэргэд тоолчихоод өгөхдөө дундаас нь сугалчихдаг гээд л элдэв таамаг дэвшүүлж, мэдэмхийрцгээнэ.
Олон жилийн турш энэ үл мэдэгдэх аргаа хэрэглэн залилан хийж байгаа ч учиг нь тайлагдахгүй байгаа нь ченжүүд үүнийгээ маш сайн нууцалдгийг баталж байна. Тэд яг ямар арга хэрэглээд байна вэ?
Мэдсээр байж валютын, хар захын наймаачдад хулхидуулж, чадуулсаар байх албагүй шүү дээ. Хар захынхныг татан буулгая л даа. Тэдэнтэй валютын наймаа хийхээ яг өнөөдрөөс эхлэн зогсоож, тэмцье. Барааг нь худалдаж авахаа больчихвол хар зах татан буугдаж л таарна.
Б.Номин
Дугаар 35/3107/