Хямралын эсрэг вакцин-ыг хэлэлцэж эхэллээ
зохион бүтээх шаардлагатай байна хэмээн үзэж санхүүгийн хямралтай тэмцэх төлөвлөгөө боловсруул гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт өгөв. Байлдааны даалгавар авсан цагаас хямралыг нухчин дарах төлөвлөгөөг боловсруулан өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьж ээлжит бус чуулган даруйхан зарлах хүсэлт тавьсныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүлээн авсан. Тиймээс завсарлагааны цагийг ашиглан хөдөө орон нутгийг зорьсон гишүүдийг эргүүлэн авчрах тушаал гарган, амралтын цагийг дуусгав. Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр боллоо. Хуралдаан өглөөний 10 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байснаас болж товлосон цагаасаа бага зэрэг хоцорч 64 гишүүнтэйгээр буюу 84.2 хувийн ирцтэй эхэллээ.
Ээлжит бус чуулганаар Засгийн газраас боловсруулсан хямралыг гэтлэн давах төлөвлөгөөг хэлэлцэх эсэх, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг, Ц.Нямдорж гишүүн УИХ-ын дарга байхдаа хууль зассан үйлдлийг буруутгасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг нээж үг хэлэн алх тогшиж, төрийн дуулал эгшиглэснээр хэлэлцэх асуудалдаа шилжсэн юм. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой үг хэлж, Ерөнхий сайд С.Баяр Засгийн газраас гаргасан хямралыг даван туулах төлөвлөгөөг танилцууллаа. Уг асуудлаар УИХ-ын байнгын хороод болон парламентын бүлгүүд өнгөрсөн даваа гаригаас эхлэн хуралдаж тодорхой шийдвэр гаргаад байгаа.
О.Чулуунбат гишүүн асуултын лавалгааг эхлэв
Санхүүгийн хямралыг үүсгээд байгаа нянг эсэргүүцэх вакцин буюу Засгийн газраас боловсруулсан төлөвлөгөөг хэлэлцэх эсэх асуудал дээр 35 орчим гишүүн асуулт асуух хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. О.Чулуунбат гишүүн асуултын давалгааг эхэллээ. Тэрээр Хямрал өнгөрсөн оны эхээр л мэдрэгдэж эхлүүлсэн. Тэр үед гишүүд хямрал нүүрлэх нь гэхэд Засгийн газраас манайд хамаарахгүй, тойроод л гарна. Харин манай улсад ашигтай байх болно гэж хэлж байсан шүү дээ. Энэ мэдээллийг хэн гаргасан юм бэ. Тэр хүнд ямар нэг хариуцлага тооцох уу гэв. Ерөнхий сайд С.Баяр түүний асуултыг няцааж Хямрал манай улсыг дайрахгүй, тойрч гарна гэж Засгийн газрынхан хэлээгүй. Харин ч хямрал манайд нөлөөлнө. Сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэж хэлж байсан. Мөн санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх үүднээс хадгаламж эзэмшигчдэд баталгаа гаргаж өгсөн шүү дээ хэмээн хариулав. Мөн ирэх долоо хоногийн эхээр 2009 оны төсөвт тодотгол хийж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барихаар шамдан ажиллаж байгаа аж. Төсвийн тодотголын үеэр хэмнэх, урсгал зардлыг танах асуудал яригдах юм байна.
УИХ-ын гишүүн Б.Батбаяр Хямралтай тэмцэх төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж байна. Ер нь, сүүлийн 20 жилийн хугацаанд бид байнга л хямралтай байсан. Энэ хямралаас гарахад мөнгө хэрэгтэй гэж байгаа. Яахав зээлж мөнгөтэй боллоо гэхэд дараа нь яаж төлөх вэ. Олсон мөнгөө юунд зарцуулах юм. Зарцуулах ажлыг харахад зарим нь үр ашиггүй зүйл байх шиг. Хятадаас зээлэх 300 тэрбум ам.доллараас зам, цементийн үйлдвэр барина гэдэг нь хямралтай байгаа энэ үед зохицож байна уу. Ард түмэн чинь ядуу, өлсгөлөн амьдарч байна. Тиймээс хүнсний барааны үнийг буулгах талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ хэмээн уцаарлангуй асуулаа.
Ерөнхий сайд Бид хямралын үед ард түмнээ өлсгөхгүйн төлөө ажиллана. ОХУ-аас 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авч, ХАА, газар тариалан, малчдын гар дээр байгаа махыг эргэлтэд оруулахаар ярилцаж байгаа. Энэ оны сүүлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр хийхээр болсон. Солонгос, Энэтхэг, Катар улсаас зээл авах тухай асуудал яригдаж байгаа. Зарим нь хариугаа өгч байна. Бид мөнгө хаанаас олох вэ гэдгээс гадна олсон мөнгөө юунд зарцуулах вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа гэж тайвшруулсан юм.
Алт хөтөлбөрийг сэргээж валютын нөөцөө нэмэх санал тавилаа
Э.Бат-Үүл гишүүн Эхлээд Монголбанкны ерөнхийлөгчид ганц асуулт тавьмаар байна. Монголд орж ирэх валютын орлого буурсан. Гэтэл ерөнхийлөгч нь зах зээлд мөнгө нийлүүлнэ гээд яриад байх юм. Мөнгө гаргах талаар Засгийн газартай ярьж тохиролцсон юм уу. Өнөөдөр муу хэлэгдээд байгаа алт хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн. Хөтөлбөрийг дахин сэргээж Монголбанкинд алт тушаах компаниудад зээл өгөх боломжтой юу гэв.
Монголбанкны ерөнхий¬лөгч Л.Пүрэвдорж Валютаа нэмж эдийн засагт мөнгө нийлүүлэх хэрэгтэй. Нөөц хомсдож байна. Тиймээс 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх зээлийг гаднаас авах гэж байгаа. Ам.долларын зарим хэсгийг импортод гаргаж, үлдсэн нь төгрөг болно. Ингэх юм бол төгрөгийн ханш тогтворжино. Нөгөөтэйгүүр, тэр ам.долларыг авахын тулд мөнгө хэрэгтэй учраас Монголбанкнаас бэлэн мөнгө гаргах гэж байгаа юм. Алтны хувьд 2007 онд 17 тонныг Монголбанкинд тушааж байсан бол 2008 онд буурч 14-ийг л тушаасан. Ер нь, алтыг дэмжихээс өөр арга байхгүй. Тиймээс ирэх гуравдугаар сард алт үйлдвэрлэгчидтэй уулзаж зовлон, жаргалыг нь сонсох гэж байна гэж хариуллаа.
ДНБ-ий12 хувийн алдагдал хүлээх тооцоо гарчээ
Н.Ганбямба гишүүн Засгийн газраас хямралын эсрэг төлөвлөгөө гаргасан нь ДНБ-ийг бууруулахгүй гэсэн зорилготой байх. Энэ тооцоог яаж хийв. Захиргааны зардал триллион төгрөг давлаа гэх юм гэхэд Сангийн сайд С.Баярцогт ДНБ-ний тооцоо 2008 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс зургаан триллион 130 тэрбум төгрөг гарсан. Энэ онд зургаан триллион 487 тэрбум ам.доллар байна. Өсөлтийн хувьд, ОУВС арван нэгдүгээр сард өгсөн судалгаагаар ДНБ 7.5 байна гэсэн. Харин саяхан өгсөн судалгаагаар 2.75 хувь байна гэж тооцсон.
Төсвийн алдагдал урьдчилсан байдлаар 758 тэрбум төгрөг буюу ойролцоогоор ДНБ-ий 12 хувийн алдагдал хүлээхээр байгаа. Засгийн газар үүнийг 6-7 хувь болгон бууруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн урсгал зардлыг 50 хувь бууруулна. Тухайлбал, гадаад, дотоод томилолтыг 50, хэвлэл захиалгыг 20 хувь гэх мэтчилэн багасгаж болох бүх зардлыг бууруулахаар болсон. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний асуудал ч яригдана. Одоо цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс 100 хувь дааж байгаа. Энэ мэт асуулт, хариулт үргэлжилсээр эхнийхээ асуудлыг ч гараас гаргаж чадсангүй. Өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ’’ гэлээ.
Ерөнхийдөө төсвийг хэрхэн танах, шатахууны үнийг буулгах, 1.5 их наяд төгрөгийг хэрхэн үр ашигтай зарцуулах гэж байгаа талаар гишүүд асууж байлаа. Асуулт хариулт өчигдөртөө дуусч амжилгүй өнөөдөр
үргэлжпэхээр болж 19 цагт хуралдаан завсарлав.
Э.Мөнгөн
Дугаар 030/609/