Аймгаа элгээр нь мөлхүүлсэн засаг ноёноос ард түмэн нь залхжээ
Нэг хэсэг Оросын иргэд олноор амьдардаг байсан, мэдээж тэд нутаг буцахдаа байр байшингаа, тэнд хийж бүтээснээ аваад явчихаагүй.
Харамсалтай нь, одоо Говьсүмбэр аймагт балгас болсон байшин, халаалт нь доголдсон уурын зуух, ажилгүй ард түмэн л байна. Арав гаруйхан мянган хүн амтай атлаа нийслэлд ойр, бас ч үгүй нэлээд томоохон нүүрсний уурхай бараадсан энэ аймгийг өнөөгийн дүр зурагт хүргэсэн хүн нь Засаг дарга Ж.Баянмөнх.
Тус аймгийн Засаг даргаар сүүлийн найман жил ажилласан, өнгөрсөн онд улиран сонгогдоод байгаа энэ хүнд нутгийнхан нь ч итгэл алдарчээ. Учир нь, 2008 оны орон нутгийн сонгуулиар аймгийн төвийн тойрогтоо засаг ноён нэр дэвшээд тун чиг харамсалтайгаар ялагдсан байгаа юм. Түүний командад ажиллаж байсан сумдын Засаг дарга нь ч бүгд ялагджээ.
Ард түмнийхээ дэмжлэгийг авч чадаагүй Засаг дарга намынхандаа тал засч гүйсээр суудалтайгаа дахин зууралдаж чадсан нь Говьсүмбэрийнхний дургүйг ихэд хүргэж байгаа ажээ. Найман жил нутаг орныг нь удирдахдаа балгас шиг болгосон Засаг даргыг ирэх дөрвөн жилд юу хийнэ гэж найдаад эргүүлэн томилсныг ойлгохгүй байна гэх хүн ч байна.
Хамгийн гол нь, Ж.Баянмөнх нутаг орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг өөртөө ашиглаж, завшиж байгаа нэгэн ажээ. Тэрээр аймгийн төвийн аль л гайгүй байрлалтай газрыг гэргийнхээ нэр дээр авчээ. Түүний эхнэр А.Оюун нь Нарлаг Чойр компанийн захирал юм байна. Тус компанид газар олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй, ИТХ-аараа ч батлуулаагүй шууд л өөрөө гарын үсэг зуран захирамж гаргажээ. Энэ нь төмөр замын хажуугийн нийтийн эзэмшлийн талбайн газар байгаа юм. Тэрээр эхнэрийнхээ нэр дээр дөрвөн ч газрын зөвшөөрөл гаргажээ. Үүний хоёр нь Нарлаг Чойр, хоёр нь А.Оюунд олгосон газар.
Энэ зөвшөөрлүүдийг тэрээр сонгуулийн өмнө үзэглэсэн. Хэрэв хэрэг явдал бишдээд Засаг даргын суудлаасаа уначих юм бол эхнэрийнхээ нэр дээр авсан энэ газруудаа ашиглах, наймаалах замаар мөнгө босгох байсан биз ээ.
Говьсүмбэр аймгийг элгээр нь мөлхүүлж, өнөөгийн энэ байдалд хүргэх замдаа тэрээр МонголУлсад амьдрах зөвшөөрөлгүй Хятадын нэгэн иргэнийг ашигласан байдаг юм. Анди компанийн захирал Т.Түмэнбаяр гэдэг хүнд уурын зуух ажиллуулах, засварлах ажлыг тендергүйгээр өгч, үүнд нь орон нутгийн төсвөөс хэдэн арван сая төгрөг зарлагадсан ч Шивээ-Овоо сумын орон сууцууд үе үе хөлдөж, иргэд нь үстэй дээл нөмөрдөг болсон.
Мэдээж, орон нутгийн төсвийн хөрөнгийг ийнхүү хууль бусаар, тендергүйгээр зарлагадсаныхаа шанд Ж.Баянмөнх халаасаа зузаалсан л байж таараа. Өнгөрсөн жил түүний хамтрагч Т.Түмэнбаярыг Тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилж нутаг буцаажээ. Засаг ноёны сайн найз, дотно түнш нь Монгол Улсад хууль бусаар амьдарч байсан хужаа иргэн гээд бодохоор Ж.Баянмөнх хэн гэдэг нь харагдана.
Мөн тэрээр Шивээ овоогийн уурхайн улсын зардлаар хайгуул хийсэн талбайд Шинэ Шивээ компанид лиценз давхардуулан олгосон бас нэг булхайтай. Энэ лицензийн төлөө Засаг даргын халаасанд хэчнээн мөнгө орсныг хэлэх боломжгүй ч, авлига авсан байж мэднэ гэж хардах үндэслэл байгаа юм. Энэ лицензийг нэн даруй цуцлах тухай Ерөнхий сайд Ж.Баянмөнхөд сануулж л байсан. Харамсалтай нь, Ерөнхий сайдын гараас салаад л Засаг ноён энэ шийдвэрийг гаргахаа мартжээ. Зүгээр ч нэг мартсан биш, санаатай ингэсэн биз.
Ж.Баянмөнх даргатай холбоотой энэ мэт олон таагүй мэдээллийг Говьсүмбэрийнхэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан дуулдана билээ. Үүнийг тус нутгийнхан Ж.Баянмөнх дарга нэр нөлөөгөө ашиглан зохицуулж, АТГ-ынхныг авлигадсан хэмээн таамаглаж байгаа ажээ.
Засаг даргын суудалдаа улирч сонгогдмогцоо халаа сэлгээ хийж эхэлжээ. Түүний хууль бус шийдвэрийг эцэргүүцсэн албан хаагчид шүүхэд хандахаар болсон байна. Энэ мэт баримтуудыг нутгийнхан мэддэг ч хууль гэж юу байдгийг мартан зоргоороо аашилж байгаа Засаг дарга Ж.Баянмөнхөд хариуцлага тооцох эрх мэдэлтэн байдаг эсэхэд эргэлзэхэд хүрээд байгаа ажээ.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжилж, эрх мэдлийн түлхүүр атгуулдаг. МАХН-ын удирдах зөвлөлийн хурал, удирдлагуудын төвшинд хэнд ямар бялуу хүртээж, Засаг дарга болгох талаар ярьдаг. Тэгсэн атлаа Говьсүмбэрийг 2000 оноос хойш удирдаж, удирдах ч гэж дээ уруудуулсан энэ хүнд дахин итгэл хүлээлгэж байгааг тус нутгийнхан гайхсаар.
Луйвраар сонгуульд ялдаг, ялагдсан ч гандан буурдаггүй МАХН, Ж.Баян¬мөнх хоёроос боржигончууд залхаж гүйцжээ. Тэд С.Баяр дарга аа,Баянмөнх гэдэг балинчаа аваач ээ гэх нь халаг сууна.
Ц.Оргил
Дугаар 030/609/