Дөрвөн мянга гаруй иргэн олон хувилбартай заранд хууртагдав
ажилд урьсан зарлал гудамж талбай, сонин, телевиз гээд хаа сайгүй байдаг болсон. Яг ямар ажил нь тодорхойгүй ч санал болгож байгаа цалингийн хэмжээ багагүй өндөр болохоор энэ мэт зарыг уншсан даруйдаа л лавлан асуух хүсэл хэн бүхэнд төрдөг юм. Гагцхүү тэр нь сүлжээний ажил биш байгаасай хэмээн залбирдаг. Өчигдөр өглөөний 11 цагийн үед Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах Дэлхийн Брэнд гэсэн хаягтай газар олон иргэн цугларчээ.
Хорхой хүргэм нөгөө л зараар ирсэн нь энэ. Гэтэл тэдгээр хүн цаг зав, унааны мөнгөөрөө шатсандаа бухимдан, уурлаж жижиг бослого гаргаж байв. Учир нь, Орифлэйм-ийн сүлжээгээр амь зуудаг зарим нөхөд амандаа орсон хэдэн үгээрээ зарлал өгснийг нь тэд мэдэлгүй ийнхүү иржээ. Зарлал дээр нь ч, утсаар асуухад нь ч Орифлэйм гэсэн үгийг хэлэх нь байтугай зухуйлгаагүй гэнэ. Та очоод тодорхой мэдээлэл аваарай. Ямар ч байсан сүлжээний ажил биш ээ гэж хэнэггүйхэн худлаа ярьжээ. Манайхны дунд тэдний сурталчилаад байгаа Орифлэйм нэр хүнд муутай болохоор үнэн үгээр нь зарлал гаргавал хэн ч асууж тэдэн дээр ирэхгүй л дээ. Яг ийм болохоор л худал зар өгч иргэдийг ажлын байран дээрээ авчирчихаад хүссэнээрээ лекц уншиж, тайлбарлаж, ятган ухуулдаг юм байна. Янз бүрийн үгтэй, утастай, өндөр цалин амласан эдгээр зараар 4000 гаруй иргэн ирснийг тухайн газрын бүртгэлийн дэвтэр дээр тодорхой бичжээ.
Очир цолтой захирал Отгонжаргал гэгч энэ цэгийн дарга гэнэ. Уг эмэгтэйгээс та өөрөө ийм худал зар тавьдаг юм уу гэж лавлахад Миний доор олон хүн ажилладаг. Тэд л ийм зар өгдөг байх. Гэхдээ манай монголчууд орифлэймийн талаар маш буруу ойлголттой явдаг. Ингэж л зөв мэдээлэл өгч байж хүмүүс их цалинтай энэ ажлын талаар олж мэднэ. Би л гэхэд дансандаа чамгүй их мөнгөтэй. 21 хоногт 500 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ хүмүүст ч тийм боломж байгаа гэж сандран барин хэлэхэд нь зараар ирсэн нэг эмэгтэй 5000 төгрөгийн цамц өмсчихөөд би 21 хоногт 500 мянган төгрөг авдаг гээд ичих ч үгүй худлаа ярих юм хэмээн уцаарласан.
Нээрэн ч 500 мянган төгрөгийн цалин авдаг гэхэд хэцүүхэн л харагдаж байсан даа. Тэндхийн бас нэгэн ажилтан Түмэнбаяр Зарыг яаж өгөх нь бидний дур. Та нар манай ажлын талаар мэдэхгүй болохоор л ингэж байна. Би ч бас ийм худал зараар ирж эндээс өөрт хэрэгтэй мэдээлэл аваад одоо сайн л ажиллаж байна шүү дээ гэнэ.
Яг гар дээрээ цалингаа авдаг юм уу гэж Түмэнбаяраас асуухад гацан барин дансаар бодогдоод явдаг, гар дээрээ авч үзээгүй л дээ гэж хариулсан. Мөн нэрээ хэлэхийг хүсээгүй халамцуухан эмэгтэй Чадаж байгаа юманд арга байхгүй. Хэрүүл уруул хийж байгаа та нар шал тэнэг байна за гэж тэнд цугласан иргэд рүү зандарч байлаа. Иргэдэд явдал, чирэгдэл учруулчихаад иймэрхүү хандаж ирсэн хүмүүсээс уучлалт гуйхын оронд хөөж гаргах нь холгүй байв. Налайх, Их наран, Баруун салаа, Дарь-Эх гээд хотын бүхий л захаас энэ зараар ирсэн янз бүрийн насны зуу гаруй иргэн тэнд цугларч. Зарим нэг нь хичээлээ таслан байж ирсэн бол, бас нэг хэсэг нь халаасан дахь хэдээ хаман барин ирсэн гэнэ. Тэд Отгонжаргал захирлаас нь унааны төлбөр барагдуулахыг, ахин ийм худал зар өгөхгүй байхыг шаардсан ч тодорхой хариу олж сонсоогүй.
Баянгол дүүргийн иргэн Б.Даваажав;
-Шинээр байгуулагдсан газар янз бүрийн мэргэжлээр өндөр цалинтай ажилд авна гэсэн зар хараад утсаар нягтлан авах уу гэж асуухад Шалгаж үзээд авна. Та манай оффис дээр хүрч ирээд уулз гэсэн юм. Би саяхан ажлаасаа гарчихсан юм л даа. Тэгээд л өглөө эрт босоод ирсэн чинь Орифлэймийнхэн байсан. Эд нарт нягтлан ямар ч хэрэггүй. Зүгээр л ажлаа сурталчилж биднийг сүлжээндээ оруулах гэж худал ярьсан.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Оюунбилэг
-Манай хүүхдийн эмчилгээнд 60 мянган төгрөг хэрэг¬тэй болсон юм. Зарлал уншчихаад ярьсан чинь цагийн 15000 төгрөгийн цалинтай гэхээр нь хүүхдэдээ эм авах гэж байсан 1000 төгрөгөөрөө унаанд суугаад ирсэн чинь юун 15000 төгрөг. Хичээлд суугаад дараа нь хийснээрээ цалинждаг сүлжээний ажил байсан. Би уг нь утсаар Сүлжээний ажил биш биз гэж зөндөө лавласан юм.
Хөдөө аж ахуй их сургуулийн оюутан Г.Дарь
– Би сонины Ажилд урьж байна нүүрэнд дээр байсан бараг бүх зар луу нь залгасан. Тэгтэл тэдний ихэнх нь буюу 26 нь нэг хаягийг зааж өгсөн. Үүнийг хар/ утасны номер бичсэн жагсаалт үзүүлэв/. Иймэрхүү зар ихэнх нь сүлжээнийх, эсвэл орифлэймийнх байдаг болохоор өөр өөр газраас асуух санаатай ийм олон утас руу ярьсан юм. Утасны дугаарууд нь ч өөр, бичсэн нь ч өөр мөртлөө бүгд л нэг хаяг зааж өгөөд очоод уулз гээд ямар ажлыг нь хэлэхгүй байхаар нь гайхаад ирсэн юм. Тэгсэн харин Орифлэйм л байна.
Хямралын шуурганд хөл алдан, ажлаасаа халагдах иргэд цөөнгүй байгаа. Орлогогүй байгаа тэдэнд 100 төгрөг ч багадахгүй болсон энэ үед ийм худал зарыг болиулах арга даанч хомс. Хянан шалгадаг байгууллага байхгүй юм чинь яаж ч үнэн худлыг нь ялгах билээ. Тиймээс ямар ажлыг нь тодорхой бичсэн зараар л холбоо барихыг иргэддээ зөвлөе.
Г.Сайнаа
Дугаар 030/609/