Нийслэлийн иргэн та хотынхоо төсвийг мэдэх үү?
Үнэхээр нийслэлийн иргэн та хотынхоо төсвийг мэдэх үү? Татвар төлөгч бидний мөнгө Улаанбаатарын юунд хэрхэн зарцуулагддагийг мэддэг хүн цөөн. Асуудлын гогцоо иргэн бид төсвөө мэдэхийг хүсэхгүйд байна уу, эсвэл мэдүүлэхийг хүсэхгүйд байна уу гэдэгт оршиж байх шиг. Саяхан Ардчиллын боловсролын төв, Захиргааны шинэ санаачлага, Зориг сан, Зохистой хөгжлийн жендер төв, Иргэний боловсрол төв, Иргэний холбоо зэрэг ТББ-ууд хамтарч Иргэд төсвөө хянах иргэний нийгмийн сүлжээ байгуулжээ. Тэд өнгөрсөн оны сүүлээс эхлэн хот, дүүрэг болон орон нутгийн бусад төсвийн үйл явцад мониторинг (ажиглалт) хийсэн байна. Үүнийгээ өчигдөр тайлагнав. Нийслэлийн ИТХ-ын баталсан Улаанбаатар хотын төсвийн багцалсан дүнг сонирхвол энэ жил Соёлын төв өргөөнд гэхэд 893 сая, Улаанбаатар чуулга-д 165 сая, нийт төсвийн хөрөнгө оруулалт 10,6 тэрбум төгрөг байх аж. Энэ мэтээр нийслэлийн төсвийн багц цуварч байна. Нийслэл хотын энэ оны төсөв ямар байхыг ажигласан Ил тод байдал сангийн зохицуулагч, сэтгүүлч Д.Цэрэнжаваас зарим зүйлийг тодруулав.
-Иргэд төсвөө хянах гэсэн та бүхний ажиглалтын баг ажлаа юунаас эхлэв?
-Мониторингийн эхний үе шатанд хот, дүүргүүдийн төсөв батлах үйл ажиллагааг ажиглалаа. НИТХ-ын хуралдаанд сууж өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл болон тодотгол, энэ оны төсвийн төслийг хэлэлцэхийг харлаа. Өнгөрсөн онд орон нутгийн сонгууль болж, санал хураалт дахисан, ИТХ шинэ зохион байгуулалтад орж Засаг дарга нараа томилох гэсээр цаг алдаж, үүнээс болж төсвийн төсөл гаралгүй удааширсан байна. Энэ хооронд төрийн албаны залгамж чанар алдагдаж ажил цалгардсан. НИТХ-ын хоёрдугаар хуралдаанаас ажиглаж байхад хот, дүүргийн санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга нар ИТХ-ын шийдвэргүйгээр шууд нийслэлийн удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлж байна гэсэн нэрийн дор төсвийн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан нь харагдлаа. Үүнийг НИТХ дахь АН-аас сонгогдсон төлөөлөгчид шүүмжилж байв. Үүнээс гадна улсын нэгдсэн төсвөөс нийслэл болон тухайн дүүрэгт ногддог төсвийн багахан хэсгийг орон нутгийн ИТХ мэдэж шийддэг, ихэнх нь төсвийн ерөнхийлөн захирагчид болох яам, агентлагийн дарга нарын багцандхамаарагддаг юм байна. Төсөв хэлэлцэх үеэр төсвийн задаргаа ирээгүй гэдгээр хийгдэггүй зэрэг орон нутгийн эрх мэдэл дутагдах, эсвэл дээрээс шууд удирдах зэрэг байдал гардаг юм байна.
-Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, шамшигдуулах явдал хэр гарч байх юм?
-Бид төсвийг ажиглахын тулд тухайн хот, дүүргийн ИТХ-ын дарга нараас зөвшөөрөл авах ёстой, үүнийгээ урьдчилан мэдэгдэх учиртай. Үүнийгээ мэдэгдэж зөвшөөрөл авсан боловч харамсалтай нь төсвийн төсөл, түүнтэй холбоотой ямар нэг материалыг урьдчилан өгөөгүйгээс энэ талын хэлэлцүүлгийг иргэдийн дунд өрнүүлэх, судалгаа хийх, дүн гаргах боломж гарсангүй. Хот, дүүргийн ИТХ-ын хурлуудад суухаас хэтэрсэнгүй. Хурлууд дээр сууж ажиглаж байхад хоёр гол намын төлөөлөл бие биедээ харилцан хяналт тавьж, шүүмжлэл өрнүүлж байгаа боловч бас зарим асуудлыг хоёр намын төлөөлөгчид ил, далд хэлбэрээр зөвшилцсөн болоод шийдчихэж байгаа явдал харагдлаа. Жишээ нь, НИТХ-ын дэргэд хоёр намын бүлгийн ажлын албыг тус бүр гурван хүнтэйгээр байгуулжээ. Мөн Нийслэлийн ерөнхий аудитор төсвийн төсөлд дүгнэлт өгөхдөө НИТХ-д авсан суудлын тоогоор МАХН болон АН-ын бүлэгт нийт 200 шахам сая төгрөг өлгохоор төсөвлөснийг зарим нэг төлөөлөгч хасах санал тавьсан ч түүнийг нь төлөөлөгчид огт хэлэлцэлгүйгээр баталчих юм.
Ингэснээр дээрх мөнгийг ямар журмаар, юунд зарцуулах нь тодорхой бус үлдэв. Хуралдаан дээр нийслэлийн төр, захиргааны шинэ байрны талаар хөндөх болов уу гэтэл нэг ч хүн сөхсөнгүй. Гэтэл нийслэлийн шинэ ордон 6,5 тэрбум төгрөгөөр босч өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд ашиглалтанд орохоор төлөвлөсөн боловч жил өнгөрөөд байдаг. Хугацаа хойшилно гэдэг уг нь тэр хэмжээгээр өртөг өснө гэсэн үг. Хэрэв тэр нь хувийн компанийн байсан бол яавч ингэхгүй. Нийслэлийн захын хороололуудад дэд бүтэц муугаас иргэд гэрэл, унаагүй, хог, утаа униартай ямар хүнд нөхцөлд амьдарч байгаа билээ. Гэтэл нийслэлийн удирдлага өндөр өртөгтэй гоё байранд орох гээд, тэр нь хүлээгдсээр байна. Байрны хувьд одоо нэгэнт баригдчихсан юм чинь гээд бүх зүйлийг цайруулж боломгүй. Цаашид татвар төлөгчдийн мөнгөөр ингэж туйлахгүй гэсэн баталгаа алга.
Энэ бүхэнд иргэд, нийслэлийн оршин суугч бид бүгд хяналт тавих ёстой юм. Эцэст нь Сайн засаглал гэдэг гаргасан шийдвэрээ зарладаг засгийг бус харин шийдвэр гаргахаасаа өмнө иргэдээсээ асууж хянуулдаг засгийг хэлнэ гэсэн үгийг мартаж болохгүйг сануулах ёстой болоод байна. Нийслэл хот энэ онд олон нийттэй харилцах хэвлэл, мэдээллийн зардалд 200 шахам сая төгрөг төсөвлөжээ. Хот дэргэдээ мэдээллийн технологийн гэсэн том газар ажиллуулж, нийслэлийн байгууллага бүр вэб сайттай болсон байна. Гэвч иргэдийн хүсээд байгаа төсвийн мэдээллийг тэр бүр тавихгүй юм. Энэ бүхнийг эргэн харж ажилдаа тусгах хэрэгтэй болжээ гэдэг нь харагдаж байлаа.
Б.Болд
Дугаар 35/3107/