Н.Баяртсайхан Бороо гоулд-д найр тавьж, татвар авахаас татгалзсан байна
ухаж аваад, нөөцийг нь бараг дуусгачихлаа гэж харамсах хүн олон. Харин ийм байдалд ороход Ашигт малтмалын хууль нөлөөлсөн гээд байгаа. Мөн анх тогтвортой байдлын гэрээ хийсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан нь 1998 онд Сангийн сайд байсан Б.Батбаяр, 2000 онд Сангийн сайд байсан Я.Очирсүх нарыг буруутгадаг. Харин үүнд чамгүй үүрэг гүйцэтгэж, Монгол Улс татвар авахгүй байх боломжийг гадаадын-ханд олгосон нэг хүн Н.Баяртсай¬хан байжээ. Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулж, татварын нөхцөлийг нь улам хөнгөвчилж, гарын үсэг зурсан энэ эрхэм одоо ч УИХ-ын гишүүний сэнтийн төлөө зүтгэж байгаа.
2007 оны наймдугаар сарын 3-нд гарын үсэг зурсан гэрээний өөрчлөлтөд татварыг хэрхэн хөнгөвчилсөн нь Н.Баяртсайхан улсынхаа эрх ашгийг бодолгүй гадаадын хөрөнгө оруулагчдад ашиг олох боломж олгохоор шийдсэн нь илт. Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 1-д Тогтвортой байдлын гэрээний 2.2-т Компанийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлөх, үүнээс цаашхи хугацааны жилийн татвар ногдох орлогыг 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгөөс доош бол 15 хувиар, 100 000 000 төгрөгөөс дээш бол 40 хувиар ногдуулна гэснийг Компанийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 0-3.0 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлого бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна гэж өөрчлөхөөр болжээ.
Уг ордыг ашиглах тогтвортой байдлын гэрээг 1998 онд хийсэн. Харин 2003 оны аравдугаар сараас олборлолт эхэлсэн. Тэгэхээр гурван жилийн дараа буюу 2007 оноос тус компани татвар төлж эхлэх ёстой байсан юм. Гэтэл анх гэрээнд заасан татвар ногдох орлогыг нэг зуун саяас гурван тэрбум болгож, хоёр тэрбум есөн зуун сая төгрөгийн татвараас Н.Баяртсайхан татгалзав. Ингэснээр Монгол Улс гурван зуун сая шахам төгрөгийг зөвхөн энэ заалтаас алдаж байгаа юм. Татвар авах хувь хэмжээг 15 байсныг 10 хувь болгожээ. Мөн зуун сая төгрөгөөс дээш орлого олсон бол гэснийг гурван тэрбумаас дээш бол гэж өөрчлөөд ногдуулвал зохих татварыг 40 хувь байсныг 25 хувь болгон бууруулсан байгаа юм. Эндээс мөн л манайх олж болох байсан өчнөөн ашгаа алдсан. 2004 онд Бороо гоулд 245702 унц алт олборложээ.
Тухайн үед дэлхийн зах зээл дээр нэг унц алтны үнэ дунджаар 500 ам.доллар байсан юм. Тэгэхээр 122 тэрбум 851 сая орчим ам.долларыг тус компани олжээ. Энэ үед тус компани аж ахуйн нэгжийн албан татвар төлдөггүй байсан. Харин татвар төлөх ёстой 2007 онд 254548 унц алт олборложээ. Тэр үед нэг унц алтаа 700 орчим ам.доллараар борлуулж, 178 тэрбум гаруй төгрөг олсон байна. Н.Баяртсайхан гэрээнд өөрчлөлт оруулаагүй бол тус компани энэ мөнгөний 40 хувь буюу 71 тэрбум төгрөгийн татвар төлөх байжээ. Энэ тооцооноос харахад л, Н.Баяртсайн Сангийн сайд байхдаа ганц гэрээний өөрчлөлтөд гарын үсэг зурснаар Монгол Улсад хэчнээн хэмжээний хохирол учруулсан нь тодорхой байгаа юм.
Улсынхаа эрх ашгийг үл тоон, гадаадын хөрөнгө оруулагчдад ашигтай энэ өөрчлөлтөд тэрээр гарын үсэг зурсныг авлигатай холбон хардаж болохоор. Жил бүр ийм хэмжээний мөнгийг Н.Баяртсайханаас болж алдаж байгаа гээд бодохоор түүнд ард түмэн яаж итгэх болж байна аа. 43 тонн алтаа Канад, Богам Арал улс, Нидерландын вант улс гэсэн гурван тамгатай хаанахынх нь мэдэгдэхгүй Бороо гоулд компанид алдчихаад, дээрээс нь Н.Баяртсайханы татвараас татгалзсан шийдвэрээс болоод олох ёстой орлогоо алдчихсан нь энэ.
Бороо гоулд 10, Сентерра гоулд зургаан лицензтэй байна
Бороо гоулд компани уул уурхайн салбарын бодлогын хамгийн муу жишээгээр тодров. Энэ компанийг тойрсон будлиантай асуудал ар араасаа ундарсаар л байна. Тус компани Бороо гол орчмоос алт олборлох ашиглалтын гурван лиценз авсан. Тэгэхдээ энэ ордыг 2013 он хүртэл ашиглах байсан. Гэвч Засгийн газартай хийсэн тогтвортой байдлын гэрээнд татвараас эхний гурван жил зуун хувь, дараагийн таван жилд 50 хувь чөлөөлөгдөхөөр тусгасан байдаг. Тиймээс энэ хугацаанд багтааж 10 жил олборлох алтаа ухаад авчихав. Одоо энэ гэрээгээ үндэслэж Гацууртын ордыг ухах гэж байгаа билээ. Тэгэхдээ хөрөнгө оруулагч улсынхаа нэрийг өөрчилж урьдын адил ямар ч татвар төлөхгүй тарвалзах санаатай байгаа юм. Энэ компани одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал суманд алтны 10 лиценз эзэмшиж байна. Энэ нь нийт 6.354 га эзэлдэг байна. Толгой компани болох Сентерра гоулд компани нь алтны зургаан лиценз эзэмшдэг гэж байгаа юм.
Энэ компани нь Кеймений арлуудаас ирсэн хэмээн бүртгүүлсэн аж. Бороо гоулд нь Багами улсынх хэмээдэг. Иргэний хөдөлгөөнүүд Бороо гоулд компаниас Уул уурхайн гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах, нөхөн сэргээлт бүрэн хийлгэх, ажилчдадаа цалингийн зөрүүг нь олгох, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хэрхэн төлснийг шалгах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа юм. Мөн тогтвортой байдлын гэрээ байгуулж гурван талбайгаас алт олборлох байсан ч өөр хоёр талбайгаас алт олборлосон ажээ. Энэ алтыг ч бас нэхэмжлэх хэрэгтэй хэмээж байна.
Эрс шинэчлэл хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат Гэр хороололд байгаа нэг ТҮЦ-нд худалдаа хийж буй эмэгтэй сард 10 мянган төгрөгийн татвар төлдөг. Гэтэл байгаль орчин сүйтгэж, химийн бодисоор хөрс ус хордуулж хамаг баялаг ухаж авчихаад татвар төлөхгүй байж таарахгүй хэмээв. Бороо гоулд компани одоо уусгах аргаар алтаа ялган авч байгаа ажээ. Энэ аргыг ашиглавал тусгай үйлдвэрт битүү орчинд хийдэг гэнэ. Гэтэл гадаа задгай талбайд хийж байгаа тул ашигласан бодис нь хөрс, ус руу шингэж байгаа хэмээн хөдөлгөөнийхөн мэдэгдсэн. Мөн алт угаахдаа цианит ашиглаж байгааг ч хэлж байв. Гэтэл мэргэжлийн хяналтынхан үүнд ямар нэг хариуцлага тооцохгүй шалгаж үзэхгүй байгаа гэнэ. Энэ компанийг тойрсон асуудал үүгээр зогсохгүй.
Гэр хорооллын иргэд өнөөдөр нэг литр усыг нэг төгрөгөөр худалдан авч байгаа. Гэтэл энэ компани Бороо голоос эхтэй гүний цэвэр усыг тонныг нь зургаан төгрөгөөр авч хэрэглэж байгаа. Тус компани энэ жилд 25 сая 603 мянга 600 шоо метр ус хэрэглэхээ мэдэгдсэн ч одоо үүнийхээ 70 хувийг ашиглаад байгаа тооцоо гарчээ. УМХЕГхэрэгцээний усыг нь литр тутмыг нь 100 төгрөгөөр тооцож 588 сая 182 мянга төгрөг Сэлэнгэ аймгийн Мандал сумын татварын албанд тушаах шаардлага өнгөрсөн жил тавьсан. Үүнд тэд Засгийн газартай хийсэн тогтвортой байдлын гэрээнд үйлдвэрийн хэрэглээний усаа тонн тутмыг нь зургаан төгрөгөөр тооцсон хэмээн мэдэгдсэн байдаг.
Эцэст нь хэлэхэд монголчууд Бороо гоулд-д хамаг алтаа зүгээр өгчихөөд химийн бодисоор хордсон, гүнзгий нүх, овоолсон шороотой л үлдсэн. Гацууртын ордыг ч бас ингээд алдахдаа тулжээ.
Ж.Цэсэн
Т.Эрдмаа
Дугаар 030/609/