С.Зоригийн аллагын хэргийн ганц амьд гэрч хаана явна вэ?
Түүний нэг нь тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн явдал юм. Тэрээр гэртээ алуурчдын гарт хэрцийгээр амь үрэгдсэнээс хойш 11 жил өнгөрч байгаа ч энэ хэргийн сэжүүр өнөөдрийг хүртэл хөндөгдөлгүй ирсэн. Цагдаа, мөрдөн байцаах, бусад хууль хяналтынхныг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж Олон улсын парламентын холбоо, бусад улс оронд хандан турламж эрсээр ирсэн боловч одоо болтол энэ хэргийн илрүүлэлтэд ахиц гарсангүй. Тухайн үед олон хүнийг сэжигтэн болон гэрчээр татан мөрдөж, тэд бүгд цагдаагийн хяналтад байсан. Зарим нь ч учир битүүлгээр болон жамаараа нас нөгчицгөөсөн. Энэ хэрэгт анх алуурчин гэгдэн Бат, Оюун гэдэг хоёр хүнийг сэжиглэн мөрдөж байлаа. Сүүлд Бо гэдэг залууг мөн татаж байлаа. Харамсалтай нь тэрээр төдөлгүй амь үрэгдсэн билээ. Түүнийг гадны ямар нэг нөлөөтэйгөөр үгүй болсон ч гэдэг.
Хэргийн газарт анх шалгахаар очсон цагдаагийн группийн ахлагчийг ч мөн ийм байдлаар талийгаач болсон гэдэг. Тэр ч байтугай өнөөдөр Ганц худагт хоригдож байгаа АН-ын нийслэлийн хорооны дарга С.Эрдэний талийгаач эхнэрийг энэ хэрэгт сэжиглэж байсан юм. Өнөөгийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл талийгаачийнд малгайгаа мартаж орхисноор түүнийг сэжигтнээр тооцож байсан билээ. Олон гэрч, сэжигтний нэг нь талийгаач С.Зориг агсны авааль эхнэр Булган юм. Энэ хэрэгт сэжиглэж байгаа болон энэ хэргийн улмаас хуулийнхны хяналтад тунаж үлдсэн хүн нь тэр яах аргагүй мөн. Учир нь нөхрөө амь үрэгдэхэд хажууд нь байсан цорын ганц амьд гэрч учраас тэр. Булганыг гадаадад цагаачилсан гэх мэдээлэл чөлөөт сонинуудад цацагдсаар ирсэн. Тэр бүрт үүнийг холбогдох хууль хяналтын байгууллагууд үгүйсгэсээр байв.
Булган өөрөө ч нэг биш удаа Намайг хаачуулах гээд байгаа юм бэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Энэ удаа ч түүнийг гадаадад гарсан гэх мэдээлэл дахиад л цацагдав. Энэ талаар бид хууль, цагдаагийнхнаас тодруулбал мөн л үгүйсгэж байна. Үүний цаана Булган сэжигтэн хэвээр, үгүй ядах нь ээ хяналтад байгаа гэсэн үндэслэл оршдог. Бид Булган гадаад цагаачилсан гэх мэдээллийн дагуу түүнийг мэдэх болон хамт ажиллаж байсан ойр дотны хүмүүсээс тодруулбал Булганыг гэртээ байгаа гэсэн хариуг өгч байв. Тэрэлжид бэсрэгхэн жуулчны бааз эрхэлж суугаа аж. Хэрэг хаагдаагүй учир тэрээр гадаадад чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байгаа гэнэ.
БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ?
Түүнийг элит гэр бүлээс гаралтай гэдэг. Эмч мэргэжилтэй, басхүү урлаг сонирхогч гэгддэг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч төвийн, төрийн хэвлэлүүд чөлөөлөгдөөгүй байхад тэр үеийн Засгийн газрын төв хэвлэл Засгийн газрын мэдээ сонинд эхлээд эмч, дараа нь хэвлэх үйлдвэрийн дарга, сүүлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсныг сэтгүүлчид сайн мэднэ. Энэ үед С.Зоригтой гэр бүл болсон юм. Тэр хоёрыг ойр дотных нь нөхдүүд суулгасан ч гэдэг үнэний ортой. Нөхөрт гарсны дараахан гэртээ түр суух болсон. Яг энэ үед 1998 оны тэр аймшигт хэрэг явдал гарсан билээ. Нөхрөө алуулснаас хойш цагдаагийн хамгаалалтад, улмаар сэжигтэн, гэрчээр нэг хэсэг хугацаанд олон нийтийн хараанаас гадна байв. Тэрээр жилдээ нэг, аймшигт хэрэг гарсан өдрөөр нөхрийнхөө хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр л олны өмнө харагддаг байв. Өдөр хоног урссаар. Хүн л болсон хойно нийгэмдээ амьдарч байгаагаас хойш тэрээр олны дунд гарч ирсэн. Нэг хэсэг дуучин Д.Оюунтүлхүүрийн үүсгэн байгуулсан Оюунтүлхүүр сангийн Удирдах зөвлөлд нэр нь гарч, сүүлд тэрээр Инфо хэмээх долоо хоног тутмын авсаархан сонинд зөвлөхөөр ажиллаж байв. Энэ сониньг Оюунтүлхүүр сангаас олон нийтийн мэдээллийг хөгжүүлэх шугамаар Герман улсын төслөөр гаргаж байв.
Сонинд зөвлөх нэрээр ажиллаж байхдаа урлаг, соёлын чиглэлээр зөвлөгөө өгөн энэ талын нүүр, буланг гаргалцахад санаа оноогоо хэлж, нэг ёсондсо сонины өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв. Гадаадын төсөл өндөрлөснөөр Инфо сонины үйл ажиллагаа хумигдсан. Түүнээс хойш Булганыг хаана ажиллаж байгааг мэдэх хүн алга. Уг нь бол Булган өөрөө нээлттэй, хэнтэй ч харилцаж чаддаг, илэн далангүй зантай хүн. Гэвч түүний орчин, найз нөхдийн хүрээлэл хязгаардлагдмал байсаар ирэв. Тэрээр Оюунтүлхүүр сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Даваадолгортой дотно найз. Тэдний нөхөрлөл зөвхөн найз нөхдийн хүрээнд ч бус ажил хэргийн харилцаатай байсан нь Булганыг нийгэмд ил гарахад их нөлөөлсөн гэдэг. Түүнээс гадна Булган УИХ-ын гишүүн асан, Симба гэгдэх С.Батаагийн эхнэр Сэлэнгэтэй ойр дотно найзуудын нэг гэдгийг таньдаг хүмүүс нь баталдаг.
Б.Болд
Дугаар 35/3107/