Мэргэжлийн хяналтын байцаагчийн биед халдав
Уг этгээд НМХГ руу Дэмид байцаагчтай уулзана гэж оржээ. Тэрээр дөрвөн давхарт байрлах байцаагчийн өрөөнд нь орж, Дэмид байцаагчтай утсаар ярьсан болоод Дэмид байцаагч таньтай ярья гэж байна гээд утсаа байцаагчид өгсөн аж. Байцаагчийг утсыг нь аван эргэтэл цэвэрлэгчийн шалны алчуур гаргаж ирэн араас нь боосон байна. Байцаагч эмэгтэй орилж тусламж дуудсанаар дээрэмчин гар утсаа орхин зугтжээ. Түүний гар утас сим картгүй байсан аж. Гэнэтийн халдлагад өртсөн байцаагч айсандаа шоконд орсон тухай ажлынхан нь ярьсан юм.
Ер нь, УМХЕГ, НМХГ-ын байцаагч нар ажлаа хийж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад шаардлага тавьсныхаа төлөө бусдад дарамтлуулах, халдлагад өртөх явдал цөөнгүй гардаг байна. Өмнө нь, байгаль орчны байцаагч нар гэртээ харих замдаа гааздуулж, зодуулсан, дээрэмдүүлсэн тохиолдол ч гарч байжээ. Гэвч тэд төрийн албан хаагчийн нэр хүндэд нөлөөлнө хэмээн олон нийтэд мэдээлдэггүй гэнэ.
Б.АЛТАН
Дугаар 030/609/