АН-ын дэлгэх хөзрүүд
Үнэхээр ч ярьж, хэлэлцэхээс өөр боломж, гэрэл гэгээ одоогоор харагдахгүй байгаа. 2.6 сая хүн амынх нь бараг дийлэнх хямралд өртөн хэцүүдэж байгаа энэ цаг үед бас нэгэн асуудал олны анхаарлыг татаж байна. Шилэн нүүртэй байрандаа өдөр шөнөгүй хуралдаж, байс гээд л мэтгэлцээн зөвлөгөөн зохиох. Түмнээс нуусан задрал, хагарал нь шавар байшингаас аль хэдийнэ сагж эхлэв. Зөвхөн АН гэх нэрийн дор л наашаа харж инээж, цаашаа харж хэрэлдэж явна. Энэ хэрүүл маргаан, хагарлыг хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлах болж, ард түмэн. Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай нэлээн хэдэн хүний нэрсийг бор шувуу тарааж байх юм.
Одоогоор энэ намаас хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэдгээ мэдэгдээд байгаа ганц л хүн бий. Барак Обаматай өөрийгөө жишин зүйрлэх нэгэн байхад, машид даруухнаар PR-aa хийж өөрийн үнэлэмжээ нэмж байгаа нь ч бий. Одоогоор АН-аас УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Р.Гончигдорж, намын дарга Н.Алтанхуяг, нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх яриа байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 45 хүртэл насны, урьд нь ямар нэгэн ял, шийтгэлгүй байна гэж нарийвчлан заасан хуультай. Харин дээрх нэр дэвших магадлалтай, зарим нь өөрийгөө аль хэдийнэ Монгол Улсын Ерөнхийлөгч болсон гэж бодох болсон хүмүүсийг хэр мэдэх билээ. Нэр дэвшигчдийн талаархи тэдний түүхээс багахан сөхөө.
Мөрөөдөлдөө живэгч
Өөрийгөө Ерөнхийлөгч болсон юм шиг аяглаж байгаа АН-ын гишүүн Л.Гүндалайг танйхгүй хүн бараг байхгүй биз ээ. Түүнийг хэвлэлүүд Л.Гүндалай солиорчээ. Гэхдээ ингэх нь гэм биш зан. Өмнө нь байсхийгээд л ингэж өвчин нь сэдэрдэг байсан хэмээн бичиж байна. Түүнийг Эрүүл мэндийн сайдын алба хашиж байхдаа улсын өмч шамшигдуулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгаад, хэргийг нь прокурорт өгсөн байгаа. Улсын Ерөнхий прокурор Л.Гүндалайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг парламентад хэд хэдэн удаа гаргаад байгаа юм. Тэрбээр АН-ын дэд даргын албыг хүртэл хашиж байсан ч сайдын суудлын төлөө МАХН-ын тогооны хүн болж намаасаа урвасан удаатайг түүх гэрчйлдэг. Ийм түүхтэй хүнийг өөрийнх нь хэлснээр монголчуудын 70 хувь нь хоёр гараа өргөн сонгох болов уу
Гоё сайхан үгэнд нь уярах уу
Монгол Улсын Ерөнхийлөгчид тус намаас нэр дэвших магадлал нэлээд өндөр байгаа хүний нэг нь Ц.Элбэгдорж. Ховд аймгийн Зэрэ суманд иргэн Цахиагийн гэрт 1963 оны гуравдугаар сарын 30-нд тэдний найм дахь бөгөөд отгон хүү болон мэндэлсэн энэ хүнийг монголчууд андахгүй. Тэрбээр та бидний мэдэх, мэдэхгүй зузаан түүхтэй хүн. Ц.Элбэгдорж нэгэнтээ Монголд Хятадын тагнуулын 13 объект байна гэж хэлснийхээ төлөө улсын нууц задласан хэргээр орон, шоронгийн хаалга татахдаа хүрч байсан удаатай.
Гэсэн ч тэрбээр хэлсэн үгэндээ эзэн сууж монголын улс төрд дахин ирсэн. Эвслийн Засгийн газрууд ээлж дараалан унаж байсан тэр өдрүүдэд Ц.Элбэгдоржийн Засгийн газар л зоримог алхмыг хийж чадсан гэж олон хүн ярьдаг юм билээ. Амьсгал хураахад бэлэн, ямар ч найдваргүй болсон төрийн мэдлийн Сэргээн босголт банкийг Голомт банкинд нэгтгэх реформ хийснийхээ төлөөсөнд огцорч ч байсан түүхтэй.
Харин нэгэн үе намынхандаа нүд үзүүрлэгдэн ганцаардаж явсан гишүүн маань өнөөдөр өөрийн гэсэн хүрээллийг аль хэдийнэ бий болгосон сурагтай байна. Түүнийг уран яруу, цэцэн цэлмэг түүний үгийг монголчууд дагаж, итгэх эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Үзэл бодлоосоо буцаж чаддаг хүн
АН-ын лидерүүдийн нэг нь яах аргагүй Р.Гончигдорж. Эл эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх магадлал мөн л өндөр. Түүнийг математикч хүний хувьд цаг үеийн эгзгийг ямагт овжноор ашиглан, сүрхий зөв тооцоо гаргаж чаддаг хүн гэх юм билээ. Харин үүсгэсэн хөдөлгөөн гэгч нь хөдөлж байхыг үзээгүй. Харин бусдын хөдөлгөсөн жагсаал цуглааныг овжин ашиглаж индрийн чанга яригчаар цээжний хэдэн үгээ хэлээд арилдаг байсан гэж түүнээс арай олон оймс элээснүүд нь ярих. Р.Гончигдорж индрийн төдийгүй танхимын тоглогч гэдэг нь АИХ-ын анхдугаар хуралдаанаас харагдлаа. Онолч мэргэн МСДН нь марксизм ленинизмийн онолыг тас шүүмжлэгч, тууштай эсэргүүцэгч байсан билээ. Тэгээд ч большевик намд социал демократууд байсан түүх бий. Гэтэл хуралдааны индэр дээр меньшевик Гончигдорж уран яруу илтгэлдээ ленинизмээс авах юм бий гэх зэргээр ярьсан нь сум, нэгдлийн коммунист дарга нарын сэтгэл зүрхийг ихэд уяраалаа. Гончигдоржийн ярианд сэтгэл ихэд хөдөлсөн нэг депутат нулимсаа барьж ядан босч ирээд, Гончигдорж бол үзэл бодлоосоо буцаж чаддаг хүн гэдгээ харууллаа гэж магтав хэмээн С.Цогтсайхан агсны Хонхны дуу номонд тэмдэглэжээ. Энэ хэдхэн мөр түүний тухайг ихийг үгүйлж байгаа байх.
Зангарагтай нэгэн
Нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд яах аргагүй АН-ын гишүүн Э.Бат-Үүл орж байгаа. Үе үеийн танхимдаа зангарагтайд тооцогдож байсан цөөхөн түшээдийн нэг. Намын нөхөд нь байтутай сөрөг хүчнийхэн нь ч түүнийг хүндэтгэдэг гэдгийг ил далдаар ихэд ярьдаг юм билээ. Бас тэрбээр өөрийнх нь хэлдгээр эрэмдэг зэрэмдэг сэтгэхүйтэй нэгэн биш. Учир нь эвсэл задрахад АН-ын түшээд МАХН-д хаяаг түшин 62-ын бүлэг байгуулахад бууриа сахин ганцаар үлдсэн.Гэхдээ тэрбээр их саваагүй нэгэн. Өнгөрсөн дөрвөн жил хэлэлцсэн хууль бүрт түүн шиг хуруу, хошуугаа нэмэрлэсэн нь цөөн. Мөн нэлээд амбийтай гэхэд ч хэтрүүлсэн болохгүй.Сонгууль, авлига, одоо Өршөөлийн тухай хууль гээд томоохон хуулиуд боловсруулахад ч, ажлын хэсэгт нь хэзээний багтсан сууж байдаг хууль тогтоогч. Түүнийг журмын нөхөд нь хүртэл үргэлж тархиа цэнэглэж уншиж суудгийг нь биширдэг юм билээ. Анд нөхдөө бишрүүлж мөн амбийцалж чаддаг эл эрхэм намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж гарах эсэх нь бүрхэг байна. Учир нь мань хүн хор найруулахдаа сул нэгэн тул. Эцэст нь, Монгол Улсын Шадар сайд Н.Алтанхуягаа АН-ынхан ихэд хавчиж түүнийг унагах бүхий л арга мэхээ боловсруулж байгаа гэж шум аль хэдийнэ тархаад байгаа. Ямартаа ч сонгуулийн сургаар түнжин хагарч, АН гэх их айлаас өрх тусгаарлагчид цөөнгүй байх төлөвтэй байгааг дурдах нь зүйтэй болов уу. Тэдний хагарал шавар байшингаас аль хэдийнэ сагж дэвэрснийг АН-ынхан өөрсдөө анзаараа болов уу
Д.Цэнгэл
Дугаар 027 /953/