Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын бүрэлдэхүүн шинэчлэгджээ
Уг хурлаар нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, дүүрэг хороодын 2008 оны ажлын дүнг авч хэлэлцсэн байна.
Мөн нийслэлийн 370 жилийн ойн хүрээнд хийх ажлаа ч хэлэлцэн баталжээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригоор ахлуулсан 36 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгалтынхаа дүнг танилцуулсан юм. Нийтдээ есөн дүүрэг болон есөн хороо, 11 хэлтэс, хэрэгжүүлэгч 28 агентлагийн үйл ажиллагааг шалгасан байна. Дүүргүүдийн хувьд хогны асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаагаас сайн дүгнэлт аваагүй байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газрыг үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай хэмээн үзжээ.
Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурал бүрэлдэхүүнээ нэлээд шинэчилжээ. Тодруулбал, Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын дарга, нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчид зөвлөлийн хурлын бүрэлдэхүүнд багтсан байна. Үүнээс гадна ирэх дөрвөн жилийн хугацаанд уг зөвлөлийн багт Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Улаанбаатар бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг болон нийслэлийн Татварын газрын дарга, нийслэлийн Ерөнхий прокурор, нийслэлийн шүүхийн дарга нар орж ажиллахаар болжээ.