Цахилгаан, дулааны үнэ нэмэх шийдвэр гараагүй
Хэдийгээр өнгөрсөн онд цахилгааны үнийг нэмсэн ч энэ нь хэрэглэгчдийн орлогын төвшин, төлбөрийн чадвар, инфляцид үзүүлэх нөлөөллөөс хамааран бодит шаардлагад хүрээгүй гэж ЭХЗГ үзэж байгаа аж. Тухайн үед хэрэглэгчдэд борлуулах нэг кВтц цахилгааны үнийг 90 төгрөг болгох, дулааны үнийг 90 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай байсан гэнэ. Тиймээс он гарснаас хойш эрчим хүчний томоохон компаниудаас үнэ тарифаа нэмэгдүүлэх санал тооцоог ирүүлсээр буй аж. Валютын ханшны өөрчлөлтөөс хамааран компаниудын урт хугацаат зээл, зээлийн хүүгийн төлбөр, гадаадаас худалдан авч буй сэлбэг материалын үнэ, импортын цахилгааны төлбөр их хэмжээгээр нэмэгдсэн нь эрчим хүчний компаниуд ийм санал гаргахад нөлөөлжээ.
Эрчим хүчний зохицуулах газраас цахилгаан, дулааны үнийг бодит өртөгт нь ойртуулах зорилгоор үнийн өөрчлөлтийг шат дараатайгаар, богино хугацаанд хийхээр төлөвлөсөн байна. Дээр дурдсан хүчин зүйлсийн нөлөөллөөр төвийн бүсийн томоохон 13 компанийн дүнгээр 53 тэрбум төгрөгийн эх үүсвэр нэмж шаардагдаж буй. Тэгэхээр хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнийг 17 төгрөгөөр буюу 25 хувь, дулааны үнийг дунджаар 35 хувь нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Гэхдээ одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Зөвхөн компаниудын саналыг судлах шатанд байгаа агаад үнэ нэмэхээр болбол хуулийн дагуу 14 хоногийн өмнө албан ёсоор зарлах гэнэ.
Н.Пунцаг
Дугаар 029