Эзэн хичээвэл заяа хичээнэ
саяхан тус улсын үндэсний үйлдвэрлэгчдийн нэг Карлос Слим анхааруулжээ. Японы алдарт Ниссан компани ирэх оны гуравдугаар cap хүртэл нийт ажилчдынхаа 8.5 хувь буюу 20 мянган ажилтныг цомхотгохоор болсон гээд дэлхий даяар бүсээ чангалж буйг илтгэсэн мэдээллүүд интернэтийн тусламжтайгаар дэлхийн нэг өнцгөөс нөгөө рүү асар хурдтайгаар тархаж байна. Хямрал агаар дуслын замаар дамждаг вирус шиг хурдацтай тархаж улс орнуудад бүхэлд нь халдварласан ийм үед хаа сайгүй л хүмүүс эдийн засгийн хямралын үр дагаврыг амсаж, тэсвэрлэж, ухаажиж, уруудаж, урагшилсаар байна. Экономист сэтгүүлд бичсэнээр хямралд хандах хүмүүсийн өөдрөг болон гутранги үзэл, сэтгэл санааны байдал өөр өөрийн өвврмөц онцлогоор ялгарч байгаа гэнэ. Нийлсены зах зээлийн судлаачид энэ тухай зарим нэг зан төлөвийг тодорхойлжээ. Тухайлбал, Азийн хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөө тооцоогүй үрэхээс илүүтэй аль болох хадгалахыг хичээж байгаа бол Скандинавын орнуудын хүмүүс амралтыг чухалчилж, бразильчууд гэртээ байхыг илүүд үзэж байна.
Судалгаанд хамрагдсан англи, герман, францчуудын тавны нэг нь үндсэн хэрэглээндээ зарцуулаад илүү гарах бэлэн мөнгөгүй болсноо илэрхийлсэн бол америкчуудын дөрөвний нэг нь мөн үүнтэй адил зүйлийг хэлжээ. Хэдийгээр байдал иймэрхүү байгаа ч хүмүүсийн зарим дадал зуршил хадгалагдсаар байна. Насанд хүрсэн арван америк хүний найм нь кино театрт очдог хэвээрээ гэжээ. Магадгүй Холливудын нуруу хүйт даалгам кинонууд бодит амьдралыг арай илүү даван туулахад нь тусалж байж ч болох юм гэж тус сонинд бичжээ. Хямралын эсрэг улс орон бүр өөр өөрийн онцлогтой арга хэмжээ авч, ард түмэн бүхэн хямралыг хэрхэн даван туулах түмэн арга сүвэгчилж байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагчид өнөөгийн санхүүгийн хямрал хэзээ шувтрах вэ гэсэн асуултад нэгэн ижил хариулт өгөхөд бэлэн биш байна. Дийлэнх нь хямрал хоёр жилийн настай, хамгийн хэцүү үе дэлхий нийтийг гараа дэлгэн хүлээж буй гэж таамаглаж байгаа болохоор хонгилын үзүүрт гэрэл харагдах мөч хүртэл хэн хүнгүй тэсэх л хэрэгтэйг сануулж буй хэрэг.
Монголчуудад хямрал хэрхэн нөлөөлж буйг судалж тоогоор илэрхийлбэл таагүй юм дуулгаж мэдэх л байх.
Сүүлийн үеийн мэдээллээр манай улсын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо сард дунджаар 100-300 болтлоо өсчээ. Уг нь хямралын бус цагт энэ тоо 10-30-ын хооронд л хэлбэлздэг байж. Харин одоо арав дахин өсч ажилгүйчүүдийн арми үржиж байна. Хямралын үед ажлын байр шиг эрхэм зүйл үгүй. Их, бага ч гэсэн орлоготой л байвал хямралын давалгааг яаж ийгээд туулчихаж чадна. 2007 онд 29.3 хувьд хүрсэн ядуурлын хамралтын хүрээ хямрал нүүрлэсэн өнгөрсөн оны эцсээр 35.4 хувь болж өсчээ. Ийм үед манай Засгийн газар хямралын шалтгаан, үр дагаврыг оношилж хямралын эсрэг төлөвлөгөөний төслөө парламентаар хэлэлцүүлж байна. 1.5 их наяд төгрөгийг залгин байж эдийн засгийг эрүүлжүүлэх энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр монголчууд сая амьсгаа авч амсхийх бололтой. Одоогоор зөвхөн цаасан дээр л байгаа хямралын эсрэг төлөвлөгөө хэрэгжитлээ өдий. Гэсэн хэдий ч парламентын гал тогоонд нэгэнт хэлэлцэгдэж байгаа учраас шүүмжлэл, дэмжлэгийн аль алиныг хүртэх нь зүй.
Дутуу дулимаг юм байвал гишүүд засч залруулъя. Төлөвлөгөө хэвээрээ байна уу, хөтөлбөр болж өргөжинө үү хамаагүй. Тогоон дотроо сайн муугаа хэлэлцэж төслөө шахсан бяслаг шиг болгохгүй бол Засгийн газар л муу юм оруулж ирсэн юм чинь гэж гэдийгээд суучих эрх ард түмний төлөөлөл болсон эрхэм түшээдэд үгүй. Энэ өдрийн ээлжит бус чуулганыг ард түмэн нүд салгалгүй ажих нь дамжиггүй. Төлөвлөгөөний сайн саар нь Засгийн газраас шалтгаалах боловч эзэн хичээвэл заяа хичээдэгчлэн иргэд биднээс ч хамаарах зүйл бий. Хямрал, хямрал гэж ярьсаар болохгүй, бүтэхгүй бүх зүйлээ хямрал руу чихэх, хямралаас боллоо гэж дөвийлгөх байдал түгээмэл болж.
Хямралын эсрэгтулхтай, суурьтай арга хэмжээ авч улс орон, хотол олондоо гарц хохирол учруулалгүйгээр, хүндрэл багатайгаар даван туулах нь төр засгийн үүрэг. Харин ажил хийвэл ам тосддогийн адил өнөөдөр алга тосон суух цаг биш ээ. Хямралыг одоогийнхоос даамжруулалгүй тогтоон барьж иргэдээ хамгаалах үүргийг хувилж үзэхэд 60 хувь нь төр засгаас хамааралтай ч үлдэх хэсэг нь иргэд бидэнд ногдож байна. Эдийн хямралаас сэтгэл зүйн хямрал уршиг ихтэй. Төр яаж ч хичээгээд иргэдийн сэтгэл зүй ядуурчихвал хямралаас үүдэлтэй хямралууд ар араасаа хөвөрч өгнө. Тиймээс хямралын үед дээр дооргүй эв түнжинтэй, эв зүйтэй байя. Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Н.Сүрэн
Дугаар 029