Ахмад дайчинд 35 сая төгрөг олгоно
Энэ талаар НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Ш.Отгонхундагаас тодрууллаа.
-Засгийн газрын шийдвэрийн дагуу 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад орон сууц, эсвэл түүнтэй дүйцэхүйц мөнгөн тусламж олгохоор болсон. Энэ тусламжид мөн дайн зэвсэгт тулгаралтын үед байлдааны талбарт байсан, хилийн чанадад тусгай үүрэг даалгавар биелүүлж явсан ахмад дайчид хамрагдах юм. Гэхдээ Монгол Улсын харьяат, одоо амьд сэрүүн байгаа, өмнө нь улсаас орон сууц авч байгаагүй ахмад дайчинд олгоно.
-Мөнгөн тусламжийн хэмжээ нь хэд байх бол?
-Нэг ахмад дайчинд 35 сая төгрөг олгохоор Засгийн газраас тогтоосон.
-Ямар дарааллаар өгөх вэ?
-Тэтгэмжийг олгох дараалал бий. Үүнд, юуны түрүүнд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд буюу хоёуланд нь оролцсон, хоёрдугаарт, 1939 оны Халхын голын байлдаанд, гуравдугаарт, 1945 оны чөлөөлөх дайнд, дөрөвдүгээрт улсын баруун хил дээр 1940- 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад олгохоор журам гаргасан.
-Дээрх дайнд оролцсон хэр нь энэ тусламжийг хүртэж чадаагүй нас барсан хүмүүс яах вэ?
-Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 170 дугаар зарлиг гарснаас хойшхи хугацаанд нас барсан ахмад дайчны эхнэр, нөхөр, хууль ёсны өв залгамжлагчид орон сууц, мөнгөн тус¬ламжийг олгож болохоор журамд заасан байгаа.
-Тусламжийн мөнгөнөөс ямар нэгэн татвар, шимтгэл авах уу?
-Энэхүү тусламж нь нэг удаагийн шинжтэй учраас орлогын албан татвараас чөлөөлнө.
А.Ээнээ
Дугаар 029