Ардчилсан намын үүрийн дарга нар бухимдлаа илэрхийллээ
УИХ-ын ээлжит бус чуулгантай байсан учраас хуралд хоцорч ирсэн юм. Хурлыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон тус намын нарийн бичгийн дарга нар нээсэн юм. Д.Эрдэнэбат хурлыг нээж МАХН АН-ын дуу хоолойг сонсохгүй байна. Энэ байдлаараа яваад байвал манай нам заавал хамтрах шаардлагагүй. Одоогийн нийгмийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг МАХН дэмжих ёстой. Хэрэв дэмжихгүй, энэ тал дээр хамтарч ажиллахгүй гэвэл хамтарч төр барих боломжгүй. Өнөөдөр Монгол оронд шударга ёс гэж алга. Иймээс намын үүрийн дарга нарт хандаж хэлэхэд долоо хоногийн дотор нийслэлийн иргэдээс шударга бус нийгэм гэдгийг хүлээн зөвшөөрсөн иргэдийн гарын үсэг цуглуулах даалгавар өглөө. Ингэж гарын үсэг цуглуулж төр засагтаа ард түмний энэ нийгмийн тогтолцоог эсэргүүцэж байгааг дуулгах хэрэгтэй. Мөн энэ ондоо багтаж намын дотоод дүрмийг өөрчлөх болно. Намын зохион байгуулалт муутай байгааг нуух хэрэггүй.
Энэ жил Ардчилал-20 нэртэй ажил зохион байгуулна. Үүний хүрээнд Ардчиллын анхны гишүүдийг тодруулна. Ардчиллын анхны гишүүдэд төр засгаас цол тэмдэг олгох асуудлыг хөндөнө. Дэлхийн эдийн засгийн хямрал болсон нь манай төрийн гажуудал, булхай луйврыг ил болгосон. Ард түмний мөнгийг төсөв нэрийдлээр хэрхэн завшсаныг ил тод харуулж өглөө. Одоо сонгодог парламентын тогтолцоог сонгох хэрэгтэй байна.
АН байраа хувьчилж авсан. Энэ ондоо багтааж байрныхаа оронд ордонтой болохоор төлөвлөж байгаа. Ямар ч байсан 2012 оны сонгууль гэхэд манай нам ордонтой болох бодолтой байна. Тиймээс нийт гишүүдийн хандив өргөх тал дээр анхаарахыг хүсье.
Мөн Дээд шүүхийн мэдэгдлийг хүн бүхэн дуулсан байх. Ер нь, дээд шүүх тайлбар гаргадаг байгууллага болохоос биш мэдэгдэл гаргах учиргүй. Ингэж мэдэгдэл гаргаж байгаа нь шүүхийн дарангуйлал тогтоох гэсэн нэг оролдлого гэж ойлгож байна гэлээ.
Түүний энэхүү мэдэгдлийн дараа АН-ын үүрийн дарга нар өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн юм.
Гишүүдийн дунд АН-ын удирдлага болоод нарийн бичгийн дарга нар үүрийн гишүүдтэй муу ажилладаг. Дөрвөн сонгууль дараалан ялагдал хүлээсэн. Тиймээс АН-ын гишүүдийн дунд ажилгүй хүн олон байна.
Хамтарсан Загийн газарт орсноор МАХН-тай нэгдэж манай нам нэр хүндгүй боллоо гэж байлаа. Мөн АН-ын намын үүрт ямар ч байр сууц, тамга нэртэй бэлгэдлийн чанартай зүйл байдаг ч үүнийг нь намын үүрийн дарга нар ашиглах эрх байхгүй зэрэг гомдол тасарсангүй. АН сүүлийн жилүүдэд тархай бутархай, гишүүд олон cap жил ажилгүй явсан учраас сүүлийн жилүүдэд намд элсэх гишүүд цөөрсөн. Ийнхүү хурлын уур амьсгал нэлээд ширүүн болж, үүрүүдийн дарга нар нэлээд бухимдалтай байлаа. Харин үүний дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хурлыг хаалттай явуулахаар зарлалаа.
Сүхбаатар дүүргийн 10 дугаар үүргийн дарга Б.Содномдарав
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өмнө нь, АН нийслэл болоод 21 аймагт сунгаа явуулж сонгуульд нэр дэвших хүнээ сонгодог байсан. Харин энэ удаад намын их хурлаар сонгуульд нэр дэвших хүнээ сонгохоор болсон. Энэ хэр зөв алхам бэ?
-Намын гишүүдийн дунд сунгаа явуулж нэр дэвших хүнээ сонгодог байсан нь хамгийн сонгодог хувилбарын нэг байсан. Гэхдээ энэ нь тухайн үедээ зөв байсан юм. Сунгаа явуулах нь намын гишүүдийг олон хэсэгт хуваачихдаг муу талтай л даа. Ер нь, нам дотор замбараагүй байдал үүсчихдэг юм. Одоо бол намын их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ баталгаажуулна.
-Тэгэхээр энэ зарчимаар явсан нь зөв гэж бодож байна уу?
-Өнөөгийн нөхцөлд үүнээс өөр зам байхгүй.
-Ерөнхийлөг¬чийн сон¬гуульд нэр дэвших хүмүүсийн нэрсийг янз бүрээр л тааварлах болсон. Танай намын хувьд нэр дэвших хамгийн боломжтой хүн хэн бэ?
-Яахав сая Гүндалай Ерөнхийлөгчид нэр дэвших саналаа илэрхийлсэн. Манай намд Элбэгдорж, Бат-Үүл гээд Ерөнхийлөгчид өрсөлдөх чадалтай олон хүн байгаа. Гэхдээ үүнийг намын гишүүд олонхиороо шийдэх болно.
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны намын үүрийн дарга Л.Үнэнбат
-АН-ын намын үүрийн дарга нар удирдлагаа нэлээд шүүмжилж байна. Зарим гишүүн танай намыг тарж, бутарлаа гэх зэргээр шүүмжлэл тавьж байна. Үнэхээр хэцүү байгаа хэрэг үү?
-Нийслэлийн АН болоод намын дунд шатныхан муу ажиллаж байна. Сонгуулийг намын үүр л хийдэг. Гэтэл намын үүрийг ерөөсөө анхаарахгүй байна. Намын анхан шатанд анхаарал ийм муу тавиад байвал АН-ын ирээдүй бүрхэг болохыг үгүйсгэхгүй. Зөв хамтраад явбал болохгүй юмгүй. Гэтэл одоо хэдэн хүн сайд дарга болчихсон. Намын анхан шатанд анхаарч байгаа зүйл алга.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд намын үүр ямар байр суурьтай оролцдог вэ?
-Ер нь, намын үүрүүд л сонгуулийг явуулдаг гэхэд болно. Тиймээс намын үүрүүдэд сонгуульд нэр дэвшүүлэх хүний санал асуулга явуулах хэрэгтэй байх л даа. Тэгээд хэн хэдэн хувиар хамгийн олон санал авч байна тэр хүнийг гаргаж ирэх хэрэгтэй. Намын үүр гэдэг чинь олон жил сонгууль явуулсан газар учраас ханатай л юм ярих болно.
-Намаасаа Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшээсээ гэж бодож байна вэ?
-Бат-Үүл л нэр дэвшвэл олон хүний санал авч гарч ирэх байх. Ер нь, Бат-Үүлийг намын гишүүдийн олонхи нь дэмжиж байгаа нь харагдаж байгаа.
Дугаар 030/609/