Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төв аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа
хүрээний хүндэт харуул жагсаж, аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, Засаг дарга Ц.Энхбат болон Зуун мод сумын удирдлага угтан авлаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус аймгийн Бүжинхэн цэцэрлэгийн үйл ажиллагаатай эхлэн танилцсан бөгөөд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтаар үргэлжиллээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт дээр Монгол түмний уламжлалт сар шинийн босгон дээр Зуун мод хотын иргэдтэй уулзаж байгаадаа бэлэгшээж, өнгөрсөн жил болсон зуны олимпийн их наадмаас монголын ард түмний хүсэн хүлээж байсан алтан медалийг Э.Бадар-Ууган эх орондоо авчирсан нь ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ гайхагдсан Төв аймгийнханы нэгэн тод бахархал хэмээн онцолж байлаа.
Төрийн тэргүүн цааш хэлэхдээ 2009 онд дэлхий нийтийн төдийгүй манай улсын хувьд хамгийн их анхаарал татаж, хүндрэл бэрхшээл учруулж буй эдийн засгийн хямралаас Монгол Улс үндэстнээрээ эвлэн нэгдэж, бүх салбарт ажлын бүтээмж, хариуцлагаа нэмэгдүүлж, төрөөс эдийн засгийг тогтворжуулах зөв, цэгцтэй бодлого баримталж, иргэн бүхэн нь чармайн хичээж байж сая хямралыг хохирол багатай даван туулах ёстойг сануулан хэлж байлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч удаан хугацаанд маргаантай байсан Төв аймгийн ажлын хувцасны үйлдвэрийн байшин барилга, ажилчдын нийгмийн даатгалын асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх чиглэлийг холбогдох дээд газрын удирдлагуудад өгч ажиллалаа.
Ерөнхийлөгч аймгийн иргэдийн санал бодол, амьдралд тулгарч буй бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож, зарим асуудлыг анхааран шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд хоёр цаг гаруй үргэлжилсэн энэхүү уулзалтад УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын байнгын хорооны дарга Д.Дондог, УИХ-ын гишүүн С.Батболд, ЕТГ-ын дарга Л.Амарсанаа, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Нэргүй, З.Түмэнжаргал, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатар нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.