УИХ-ын гишүүн Э.Бат-Yүл Ц.Элбэгдоржид ч, надад ч өөрийн гэсэн баг байхгүй, тиймээс бодлогоороо л өрсөлдөнө
-Та чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаад ирсэн. Газар тариалангийн бүс сэлэнгэчүүдийн ахуй амьдрал хэр байна гэдгээс яриагаа эхлэх үү?
-Энэ жил Сэлэнгэ аймагт харьцангуй дулаан өвөл болж байна. Цаг агаар тааламжтай байгаа ч иргэдийн амьдрал тун хүнд байна. Өр зээлд их орчихсон. Бүр улс төрчдийн амласан 1.5 сая төгрөгөө аваад өрөө дарна гэж бодоод зээл авчихсан хүмүүс ч таарч байна.
-Тариалалт тун удахгүй эхэллээ. Энэ хямрал тариаланчдад ч хүнд тусч магадгүй гэсэн болгоомжлол байгаа?
-Аж ахуйгаа их зөв хөтөлсөн компаниуд үр тариагаа нөөцөлчихсөн, бас хаврын тариалалтанд хэрэглэх шатахуунаа хүртэл базаачихсан байгаа. Үр, шатахуун байхад л тариалалт хийгдчихнэ. Үүнээс гадна буруу тооцоо хийсэн, үр тариагаа хадгалж чадаагүй, шатахуун авах мөнгөгүй аж ахуй нэгж ч байгаа. Тиймээс хаврын тариалалт эхлэх үед төр тариаланчдад тусламж дэмжлэг үзүүлэх л шаардлага гарч ирнэ.
-Хаа сайгүй хямралын тухай ярьцгааж байна. Засгийн газар Монгол халамжийн бүгд найрамдах улс болж хувирлаа. Тиймээс хүүхдийн мөнгө. гэрлэлтийн мөнгө зэрэг халамжийн мөнгийг өгөхөө зогсооё гэдэг асуудал тавьж байна. Харин гишүүд үүний эсрэг байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Халамжийг бүхэлд нь хасахгүй. Шаардлагатай хэсэг рүү нь л шилжүүлье гэдэг саналыг Засгийн газар гаргаж байгаа. Би ч үүнтэй санал нэг байна.
-Гэвч мөнгө хэрэггүй хүн гэж байхгүй шүү дээ?
-Боломжийн орлоготой, энэ орлогоороо өрх гэрээ аваад явчих чадалтай хүн цөөнгүй байна шүү дээ. Мянгат малчид, том том компанийн эзэд заавал хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө хүртэх гээд зүтгээд байхгүй нь лавтай. Энэ хүмүүст цөөн хэдэн төгрөг өгч байхаар үнэхээр хоногийн хоолоо дийлэхгүй байгаа ядарсан, зовсон олонд туслах хэрэгтэй байна.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд таныг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж байна?
-Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор зарлагдсаны дараа Ардчилсан нам Их хурлаа хийнэ. Энэ Их хурлаар хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Түүнээс биш өнөөдөр би нэр дэвшинэ, дэвшихгүй гэсэн асуудлыг нэг хүн дур зоргоороо яриад байж таарахгүй л дээ. Энэ бол нам, намын хамт олны шийдэх асуудал.
-Хэрвээ АН-аас таныг нэр дэвш гэвэл татгалзахгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Энд яригдах хамгийн том асуудал бол итгэл. Хэрвээ надад итгэл хүлээлгэвэл би зүтгэнэ.
-Хувьсгалт нам сонгуулийн сурталчилгаандаа орчихлоо. Гэтэл АН дотрро ч, гаднаа ч эв зүйгээ олж чадахгүй л бужигнаад байна шүү дээ?
-Ардчилсан нам дотоод эв нэгдлээ хангаж чадаагүйгээс болж өнгөрсөн хугацаанд олон зүйл дээр алдсан. Бид ухаалаг улс учраас ямар ч байсан дотоод эв нэгдлээ хангаж, бэхжүүлж чадах байх. Би үүнд нэг их эргэлзэхгүй байна.
-Харин би бол эргэлзэж байна. Монголын ардчилагчид 1990 онд гудамжинд өлсгөлөн зарлаж байхдаа л эв нэгдэлтэй байсан байх гэж боддог?
-Хүмүүс дандаа л бидний алдааг олж хардаг. Алдааг нь харахдаа их хурц нүдтэй хэрнээ яагаад ололт амжилтыг нь олж харахдаа харалган болчихдог юм бол гэдэг бодол хүртэл надад төрдөг юм. АН дотор сайн зүйл зөндөө л байгаа шүү дээ. Олон өөр үзэл баримтлалтай олон намыг нэгтгэж чадлаа. Эв нэгдпээ хадгалж, сонгуульд орж ялалт байгуулж байлаа гээд дурьдаад байвал олон сайн зүйл бий. АН-д эв нэгдлээ олж чадах туршлага хангалттай байгаа.
-АН-ын алдаа болгон Хувьсгалт намд ашиг болж хувирч байдаг. Үүнийг та бүхэн бүгд л мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ алдаагаа дахиад л давтацгаадаг. Сонгууль яг хаяанд ирчихээд байхад намын даргын суудлын төлөө л хэрэлдээд сууж байна шүү дээ?
-Улс төрийн намууд, улс төрчид угаасаа л бие биенийхээ алдаан дээр л тоглолт хийдэг шүү дээ. Энэ чинь дан ганц Монголд ч байдаг зүйл биш. Англид ч, Америкт ч, Германд ч ялгаа байхгүй. Улс төрд хэн бага алдаа гаргана, хэн бусдын алдаан дээр сайн тоглолт хийж чадна тэр л ялдаг. Бидэнд өрсөлдөгч бий. Тийм учраас алдаа гаргахгүй байх, алдаагаа давтахгүй байх гэдэг хамгийн чухал асуудал. Намын даргын хувьд маргаад, гайхаад, хэрэлдээд байх зүйл байхгүй. Ардчилсан нам яг дүрмийнхээ дагуу л даргаа сонгосон. Дүрмийн дагуу сонгогдсон дарга нь ажлаа хийгээд л явж байна. Манай намын Үндэсний зөвлөлдөх хороо намын даргаар Н.Алтанхуягийг сонгохдоо Засгийн газарт хамтарч орох байр суурьтай байна гэдгийг онцолж сонгосон. Энэ шийдвэрийг гаргахад гараа өргөөд дэмжиж байсан хүмүүс өнөөдөр таван сарын өмнөх шийдвэрээсээ буцчихаад байгаа.
Өнөөдөр Ардчилсан намын удирдлагад янз бүрийн бичиг гардуулаад байгаа хүмүүсийн өөрсдийнх нь гаргасан шийдвэр шүү дээ.
-Яагаад шийдвэрээсээ буцах болсон юм бол?
-Өөрсдөөс нь л асуу.
-Албан тушаалаас болж намын даргын суудал хөндөгдөөд байгаа гэдгийг та хүлээн зөвшөөрөхгүй гэж үү?
-Магадгүй л юм.
-Саяхан нэг сонин дээр Ардчилал эрийн цээнд хүрсэн цагт Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд биччихсэн байсан. Үнэхээр Монголын ардчилал эрийн цээнд хүрсэн үү?
-Үүнийг би биш, ард түмэн л хэлж чадна. Энэ бол гоё үг биш шүү. Үнэн бодит байдал л тэр. Бид хэн болсон бэ, одоогоос хорин жилийн өмнө гар гараасаа хөтлөөд бүхэл бүтэн нийгмийг өөрчилж байсан залуучууд үнэхээр эрийн цээнд хүрч чадсан уу гэдгийг ард түмэн л мэдэж байгаа.
-Ирэх сонгуульд Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрын хэн хүчтэй нь, хэн өөрийн гэсэн багтай нь л нэр дэвших байх гэж бодож байна?
-Ц.Элбэгдоржидч, надад ч өөрийн гэсэн баг байхгүй. Бид хоёр энэ тал дээр хоёулаа адилхан хүмүүс. Тийм учраас бодлогоороо л өрсөлдөх болно. Хэн юу хийж чадах юм бэ, хэнд ямар санаа, ямар бодлого байна гэдгээ намынхандаа танилцуулах ёстой. Элбэгээ бид хоёр найзууд. 1990 оны эхээр гар гараасаа хөтлөлцөж явж Ардчилсан хувьсгалыг хийсэн найзууд. Одоо ч гэсэн найзууд. Бид хоёр хоёулаа ардчилсан үзэлтэй хүмүүс. Тиймээс ажил хэргийг хувийн харьцаатайгаа хутгаж болохгүй гэж үздэг.
-Та сая бодлогоороо өрсөлдөнө гэж ярилаа. Таны хувьд өөрийнхөө бодлогыг тодорхойлчихсон уу?
– Өнөөгийн Монголын нийгэмд өөрчлөлт хийхийг ард түмэн хүсч байна. Монголын төр олигархижиж байна. Төрийн дээд эрх мэдэл олигархиудын гарт орж байна. Үүнийг өөрчлөх ёстой гэдэг дээр бодлогоо тодорхойлсон. Цааш нь задлаад байх юм бол маш олон асуудал хөндөгдөж байгаа. Гэхдээ тэр болгоныг өнөөдөр энд яриад байх хэрэггүй байх аа.
– Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл хэр хүчтэй өрсөлдөгч байх бол?
-Өрсөлдөгчийг нийгэм хэр дэмжиж байгаагаас л шалтгаална. Миний хэр хүчтэй байхыг би биш, миний дэмжигчид л тодорхойлно.
-Уучлаарай. Э.Бат-Үүл гэдэг хүн нэр дэвшиж магадгүй гэдэг мэдээллийг дагаад С.Зоригийн хэрэг сөхөгдөж байна. С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татагдсан хүнийг нэр дэвшүүлж болох уу гэдэг яриа аль хэдийнээ олны анхаарл ыг татаж эхэллээ?
-Хэн иймэрхүү мэдээлэл тарааж байгааг, хэн ийм зүйл ярьдагийг би мэднэ. УИХ-ын чуулганы танхимд хүртэл Зоригийн алуурчин гэж орилж байсан хүн бий. Ингэж ярьдаг, бичдэг улс намайг нэр дэвшчихвэл С.Зоригийн хэргийг дахин сөхөж гаргаж ирэх байх л даа. Би үүнээс айхгүй байна. Би нэг л зүйлийг хатуу шаардах болно. 2000 оны сонгуульд МАХН С.Зоригийн хэргийг илэрүүлнэ гэж ярьсан, олон түмэнд итгүүлсэн. Үүнийхээ хүчээр ялалт байгуулж байсныг ард түмэн мартаагүй байгаа. Тийм амлалт авсан хүмүүс амлалтаа биелүүлэх ёстой гэдгээ мартаагүй байгаа байх.
-С.Зоригийн хэрэг илэртэл Э.Бат-Үүл сэжигтэн хэвээрээ байх болно гэдэг яриаг яг хэн гаргасан юм бэ? Прокурор Дарийжав гуай хэлсэн юм уу?
Намайг хорьсон, шалгасан. Холбоотой байна гэх ямар ч баримт гарч ирээгүй шүү дээ. Яахав дээ. С.Зоригийг аймшигтайгаар хөнөөсөн тэр муухай хэрэгт намайг холбох нь улс төрийн зорилготой байсан. Надад хувийн өш хонзон санадаг хүн ч үүнийг хүсч байсан байх. Тэр хүмүүс санасандаа хүрээд л өнгөрсөн. С.Зоригийн хэрэг илэртэл Э.Бат-Үүл сэжигтэн хэвээрээ байх болно гэдэг яриаг намайг анх сэжигтнээр татах үед л гаргасан байх. Энэ яриа намайг УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд ямар ч саад болоогүй. Намайг тиим муухай зүйлд холбогдох хүн биш гэдгийг ард түмэн ч, намын нөхөд маань ч мэдэж байгаа.
-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам, Иргэний зориг нам, Ногоон нам нэг эвсэл болж орох боломж бий юу?
– Эвсэл байгуулж сонгуульд оролцох нь бидэнд л ашигтай. Гэхдээ намууд нэг нь нөгөөгөө захирч болохгүй болохоор харилцан ойлголцож байж л шийдээ гаргах хэрэгтэй болно.
– Хэрвээ Э.Бат-Үүлийг АН нэр дэвшүүлбэл Иргэний зориг нам АН-тай эвсэхгүй гэдэг яриа гараад байгаа учраас л би ингэж асуусан юм?
-Иргэний зориг нам ийм байр суурьтай байна гэж би огт дуулаагүй юм байна.
-Энэ асуулт таныг гонсойлгочих шиг санагдлаа.
-Яалаа гэж дээ. Би ардчилсан үзэлтэй хүн учраас ийм мэдээлэлд гонсойгоод байхгүй. Бусдыг захиргаадаж, захирч болдоггүй нь ардчиллын гайхамшиг. Хүн бүр өөрийнхөө хүсэл зорилгын дагуу явах эрхтэй. Үүнийг бусад нь хүндлэх учиртай. Тиймээс Иргэний зориг намынхан ямар шийдвэр гаргах нь намын, гишүүдийнх нь эрх.
Эх сурвалж Тэргүүн