Залуухан хар мод руу хөрөө сүх барин дайрсаар…
ийнхүү огцом буурч байгаад иргэд буруутай. Ойн түймэр, модны хулгайн хор уршиг л үүнд гол сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Өнгөрсөн 2008 онд л гэхэд 178 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Мөн нийслэлд байгаа модны төрөлжсөн арав гаруй зах дээр хулгайгаар оруулж ирсэн мод л зарагдаж байгаа юм. Учир нь, бага хэмжээний мод бэлтгэх зөвшөөрлийг цөөн аж ахуйн нэгж авдаг, харин модны ченж гэж өөрсдийгөө нэрлэсэн хулгайгаар мод бэлтгэж, нийлүүлж, түүнийг нь зарж борлуулдаг бүхэл бүтэн сүлжээ бий. Тэд жилийн дөрвөн улиралд мод хулгайлж амьдралаа залгуулсаар.
Мөн хүчин чадал сайтай их даацын тээврийн хэрэгсэл ашигладаггүй, явган тэрэг түрэн гишүү түүгчид ч их байна. Хотын захын гэр хороололд гишүү зарж амьдардаг хүн олон бий. Тэд зарж байгаа модоо гишүү гэж нэрлэх хэдий ч үнэндээ нойтон мөчир хуга татаад шуудайлчихсан л зарж явдаг.
Дэлхийн дулаарал гэж эрүүгээ чилтэл ярьж байгаа энэ үед цөлжилт, байгалийн тэнцвэр алдахаас хамгаалах гол зүйл нь ой мод. Хэдэн жилийн өмнө Ногоон хэрэм гэж сүрхий нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр Байгаль орчны сайд асан У.Барсболдын үеэс л ярьсан. Үүнд хэдэн арван сая төгрөг зарцуулсан ч, бодитой үлдсэн юм үгүй. Ногоон хэрэм хөтөлбөр хэрэгжүүлээд тарьсан мод нь энэ гэж харагдах л юм алга байна. Юутай ч, монгол орны нутаг дэвсгэрт эзлэх ойн хэмжээ буурсаар. Түймэр тавьж шатаагаад, залуухан хар мод руу хөрөө сүх барин дайрсаар байгаа энэ дүр зураг үргэлжлээд л байх юм бол монголчууд бид ус, агаараар дутахын зовлонд улам л их нэрвэгдэх болов уу. Нийслэлийн ногоон бүсийг сүйтгэсээр байгаагийн улмаас Туулын ус татарч, Сэлбэ тасрахад хүрээд байгааг сануулах нь илүүц биз ээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгуулагдаж энэ тал дээр нэлээд дорвитой анхаарал хандуулах болжээ. Тус газрын дарга М.Тунгалагтай ярилцлаа.
-Монголд яг хэр хэмжээний ой, мод байна вэ?
-19 сая га ойтой гэдэг. Гэхдээ маргаантай л даа яг төд гэж болохгүй байна. Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр бараг бүх юм хувьд очсон. Харин төрийн өмч болох ойг ямар ч эзэнгүй орхисон байгаа юм. Өнгөрсөн жил батлагдсан ойн тухай хууль чинь ойг эзэнтэй болгох гол санаа агуулсан юм л даа. Хулгайд их алдаж байна.
-Түймэрт нэлээд нь явдаг байх?
-Ойн санд хамгийн их хүндрэл учруулж байгаа зүйл нь түймэр, ойн өвчин буюу хортон шавьж байна. Ойн түймэр гэхэд л гараад эхэлчихлээ. Сая Хэнтий аймагт гарсан байна. Дээр нь энэ жил маш их хуурайшилттай болно гэсэн мэдээлэл байгаа. Дэлхийн дулаарал, бас хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ч байдаг байх хортон шавьж маш их нэмэгдэж байна. Гамшгийн хэмжээнд байна шүү дээ.
-Нөхөн сэргээх ажил хийдэг биз дээ?
-Ойг нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг компаниуд бий л дээ. Эд хөл дээрээ босч чадаагүй байна. Намайг энэ ажлыг авах үед улсын үрийн фондод нэг грамм ч үр байгаагүй. Нөхөн сэргээх асуудал ч гэсэн маш хүнд байна. Модыг ухаж үртэй нь авах явдал ч их байна. Барилгын компаниуд зөвшөөрөл авахдаа гаднаа ногоон байгууламжтай зураг гаргадаг. Тэгээд ойгоос мод ухаж авчраад суулгадаг. Өнөө суулгасан мод нь нэг их удалгүй үхдэг. Ингэж жамаараа ургаж байгаа модыг авчрах явдал газар авах хандлагатай байна. Ухсан том том нүх нь ойдоо үлдэж байгаа. Эргээд байгалийн тэнцвэр алдагдаж байна.
-Модыг үндэстэй нь ухаж байгаа ямар компаниуд байна?
-Зарим компани хэдэн мянгаар нь ингэж ухаж авч байна. Гэхдээ ойгоос ингэж мод авч байгаа компаниудыг ирэх хавраас зарлая гэж бодож байна.
-Модны татвар ямар байгаа бол?
-Татвар 2005 оны үнэлгээгээр л явж байгаа. Түүнээс хойш өнөөг хүртэл модны зах зээлийн үнэ 2,5 дахин нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ хоцрогдсон үнэлгээгээр татвар ноогдуулж бас брлохгүй, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Экологи, эдийн засгийн үнэлгээ бас байдаг. Хууль бусаар авсан модыг үнэлдэг. Энэ үнэлгээ бүр 2002 оныхоор л явж байна. Ингэж хоцрогдсон үнэлгээгээр яваад байхаар модыг хууль бусаар авагсад ямар ч ял зэмгүй л өнгөрч байна гэсэн үг шүү дээ. Үнэлгээг мөн л шинэчлэхээр яригдаж байгаа.
– Ер нь, төчнөөн хэмжээний мод хулгайн замаар устаж байна гэсэн тооцоо байдаг уу?
-Байлгүй яахав. Ойн газартай болсноор маш сайн судалгаа хийсэн. Жилдээ 650 шоо метр модны зөвшөөрөл өгдөг бол таван сая шоо метр мод хэргэлж байна. Өөрөөр хэлбэл, 650 мянган шоо метр нь л зөвшөөрөлтэй бусад нь хулгайн замаар явж байна. Улсаас зөвшөөрсөн хэмжээнээс найм дахин их гэсэн үг шүү дээ.
-Нөгөө талаас нь модны хэрэглээ өндөр байна гэсэн тоо харагдаж байна?
-Хүй нэгдлийн үеийнхтэй адил айл өрх бүр мод түлж байна. Өнөөдөр ийм нийгэмд аж төрж байж өөр түлшний эх үүсвэр сэтгэхгүй байгаа нь харамсалтай юм л даа. Энэ жилээс модны зөвшөөрөл олгох дээд хязгаарыг тэс өөр аргачлалаар гаргаж өгч байгаа юм. Өмнө нь 650 мянган шоо метрийн зөвшөөрөл олгодог байсан бол 1.5 сая шоо метрийн зөвшөөрөл олгох юм. Нэгэнт модны хэрэглээ өндәр байгаа юм чинь зөвшөөрлөө нэмэгдүүлэхгүй бал хулгайгаар мод зөөх явдаг таслан зогсоогдохгүй. Зүгээр хулгайлуулаад байснаас ядаж татвар авах юм даа.
-Тэгсэн ч татвар төлөхгүйн тулд хулгайлаад л байх болов уу?
-Өмнө нь бол модны зөвшөөрөл авах гэж хөөцөлдөх Аж ахуйн нэгжүүд маш их байсан. Одоо бол зөвшөөрөл авахгүй байхын төлөө хөөцөлдөх болжээ. Үүний цаана авилга, татвараас зугтах гээд бүх л сөрөг үр дагавар явж байгаа.
-Энэ маягаар явсаар байвал ийм хугацааны дараа ойгүй болох нь гэсэн барагцаа бий юу?
-Яг энэ маягаар явбал юу байхав дээ. Дороо л ойгүй болно шүү дээ. Гэхдээ муу ёрлоод яахав. Ойн газар гэж байна. Боломжтой арга чарга бүрийг хэрэглэж ойгоо хамгаалах бүх л арга хэмжээг авна даа. Нуулгүй хэлэхэд надад модон сандал дээр ч суух шаардлага алга. Анх энэ ажлыг авахдаа Байгаль буянтай гэж бодож ирсэн. Гэтэл төсөөлж байснаас шал өөр байна. Над дээр ирэх хүмүүс ихэнх нь мод л гуйх юм. Танил тал найз нөхөр гээд хэнбугай нь ч байсан харамлаад л сууж байна даа.
-Байгаль хамгаалагч гэж байдаг. Тэд юу хийдэг юм бэ?
-Байгаль хамгаалагчид бий. Сайн ажиллаж байгаа нэг байхад саар ажиллаж байгаа хүн ч байх юм. Олон жил ажилласан байгаль хамгаалагчийн хариуцсан газар нь наагуураа хэдэн модтой, цаагуураа юу ч үгүй огтлоод авчихсан байх юм. Ингэж ойг хамгаалж байгаа хүмүүсийг шалгаж, юу нь болохгүй байгаа юм уулзаж ярилцъя, хариуцлага тооцоё гэж байгаа. Саяхан бид Туулын бургасанд 80 км газар үзлэг хийлээ. Мөн Тэрэлжид очиж үзлэг хийлээ. Үнэхээр хүнд байна.
Г.Тунгалаг
дугаар 032/611/