Монгол газар-ынхан Бөөрөлжүүтийн баялагийг олборлоод дууслаа
Өлтийн хөндийн зэргэлдээх Бөөрөлжүүтийн голын хөндийд Монгол газар компани алт олборлох зөвшөөрөл авчихсан техникээ татаж байх үеэр нутгийн иргэд болон байгаль хамгаалах хөдөлгөөнүүд нэгдэн тэмцэж байсан нь саяхан.
Бөөрөлжүүтийн хөндий орон нутгийн мэдлийн тусгай хэрэгцээний газар тул 2008 оны тавдугаар сарын 13-нд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газар нутгаа ашиглуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Харин Өвөрхангай аймгийн удирдлага болон Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрынхан Монгол газар компанид үйлчлэн тус компанид олборлолт явуулах эрх олгож байв. Тухайн үед Онги гол, Байгаль хамгаалал, орон нутгийн хөгжил хөдөлгөөний нэр бүхий найман хүн газар нутгийнхаа төлөө амиа золиослоход бэлэн байна хэмээн Ерөнхий сайд С.Баярт өргөх бичиг барьж байсан ч үр дүнд хүрээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Монгол газар ХХК-ийн охин компани болох Боярс гоулд компанийн ашиглалтын лицензийг хууль бус гэж шийдвэрлэсэн. Гэвч сонгуулийн дараа Нийслэлийн захиргааны хэргийн шүүх лицензийг хүчинтэй болгожээ.
Энэ шийдвэр гарахад Өвөрхангай аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Тогтохсүрэнгийн гарын үсэгтэй орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг орон нутгийн мэдлээс гаргаж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгосон тогтоол нөлөөлсөн юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 63 дугаар тогтоолыг баримталсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр Боярс гоулд компанид үйл ажиллагаа явуулах эрх олгосон. Уг компани өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш олборлолтоо эрчимтэй явуулсаар байна. Энэ хугацаанд сумын ИТХ-ын хуучин удирдлагууд болон нутгийн иргэд энэ хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, аймгийн захиргааны хэргийн шүүх болон давж заалдах шатны шүүхэд гомдол гарган заргалдаж байсан.
Хагас жил гаруй хугацаанд заргалдсаны эцэст тэд заргаа авч Боярс гоулд компанийн олборлолтын лиценз хууль бус байсныг тогтоолгож чадсан байна. Энэ шийдвэр Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх-ийн үлгэр болж, Бөөрөлжүүтийн хөндий бөөн шороо болж хоцроод байна. Боярс гоулд компани хагас жилийн хугацаанд ухахыг нь ухаад авахыг нь аваад дуусчээ. Ийнхүү олборлох ёсгүй газар ухаж, алт олборлосны хариуцлагыг хэн хүлээх вэ. Олборлосон газраа нөхөн сэргээгээд, олсон алтаа нутгийнханд буцааж тараачихаад машин техникээ ачаад буцах уу. Уянга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон нутгийн иргэд хууль бус шийдвэрийг эсэргүүцсэн боловч эрх мэдэлтнүүд болон буу шийдэм агссан Монгол газар-ын хамгаалагчдад дарагдан газар нутгаа хамгаалж чадаагүй.
Д.Тогтохсүрэн дарга одоо Өвөрхангай аймгийн Засаг дарга болсон. Энэ эрхэм тухайн үед өөрт нь ашигтай байсан хууль бус тогтоол нь буруудаад ирэхийн цагт нарийн бичиг хүүхнээ буруутгаж байгаа аж. Уянга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал Бөөрөлжүүтийн хөндийд 2000 оноос хойш алт олборлох зөвшөөрөл нэг ч удаа олгож байгаагүй. Харин 2000 онд багахан талбайд нүүрс олборлох зөвшөөрөл олгож байжээ. Д.Тогтохсүрэн энэ зөвшөөрлийн утгыг өөрчлөн 2000 оныг 2006 он болгоод Бөөрөлжүүтийн хөндийг орон нутгийн мэдлээс гаргаж, Монгол газар-ынханд зусарджээ. Одоо хамаг булхай нь ил болох цагт туслахыгаа 2000 оны тогтоолыг 2006 оных болгон надад буруу ойлгуулсан байна гэж Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд өгсөн тайлбартаа мэдүүлсэн байв.
Б.Жавзаа
Дугаар 37/3109/