Батганы эсрэг юу хэрэглэх вэ?
Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хүчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Yүнийг хар батга гэнэ. Харамсалтай нь нэгэнт бий болсон батгыг цэвэрлэхээс өөр ямар ч арга байхгүй. Гэхдээ өдөр бүр батгаа шахаж цэвэрлэ гэсэн үг биш шүү.
Цэвэрлээгүй нүүрэнд угаагаагүй гараараа батга шахах оролдлого хийвэл жинхэнэ батга өвчин үүснэ гэдгийг анхаар. Харин 7 хоногт нэг удаа зөв цэвэрлэж чадвал үр дүн сайтай байна. Ингэж цэвэрлэхэд дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй.
Нүхэнд ил гарч болмоор харагдаж байгаа батгыг шахаж болно. Арьсан дор товруу маягаар гарсан батгыг мэргэжлийн гоо засалчдаар цэвэрлүүлэх нь зөв.
Батгаа цэвэрлэхийн өмнө нүүрний арьсаа маш сайн цэвэрлээд уураар утаж зөөлрүүлэх шаардлагатай. Эмийн ургамлын хандаар бүлээн жин тавьсан ч болно.
Гарны хоёр хуруунуудаа цэвэр салфеткаар ороогоод хоёр талаас нь шахна. Хумсаа авсан байх шаардлагатай. Учир нь шахсаны дараа цус хуралт болон шалбархай үлдээхгүйн тулд.
Батгаа шахахын өмнө тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж доороос нь дээш нь чиглүүлнэ. Зарим хүн үүнийг мэдэхгүйгээс арьсны гүн рүү нь оруулсан байдаг.
Батга шахагдаж гарахгүй тохиолдолд түүнийг зүгээр л орхичих хэрэгтэй. Тэгэхгүй бол үрэвсэлд хүргэх аюултай.
Батга шахсаны дараа тэр хэсгийг спирт агуулсан уусмалаар цэвэрлэж, гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нүх агшаах, үрэвслийн эсрэг бүрхэвчийг заавал түрхэнэ.
Тослог арьсанд батга байн байн гарвал арьс-гоо залын эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.
Сайн дураараа өөрийгөө эмчилж байгаа үед эмийн бодисоос батга ихсэх тохиолдол ч байдаг. Жишээ нь, тайвшруулах үйлчилгээтэй эмийн бодис болох бром, иод агуулсан бэлдмэлүүд, витамин В, гэрийн нөхцөлд бидний хэрэглэх дуртай дрожийн бүрхэвч маань ч витамин В-г ихээр агуулсан байдгаас батга улам ихэсч болно. Мөн удамшлын, мэргэжлийн, нарны гэх мэт олон шалтгаан байдаг