Олхонууд Шаабарын овилгогүй шоу
Авлигатай тэмцэх газрын дарга агсан Д.Дангаасүрэнгийн цогцос Австралиас нүдгүй ирснийг анхлан мань эр л дэлгэж түмэн амьтныг үймрүүлж, ах дүүсийг нь сүйдэлж орхисон. Сүүлдээ бүр талийгаачийн нүдэнд хамгийн сүүлд харсан дүрс хадгалагдан үлддэг гэж элий балай таамаг дэвшүүлж амжсан. Үүгээр ч зогсохгүй талийгаачийг бурхан болоход хажууд нь хамт байсан мэт Австралийн цагдаатай ярих утсыг нь өгнө гэхчилэн ах дүүст нь мэдэмхийрсэн. Хаа байсан монголд сууж байсан Шаабар талийгаачийн хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нарыг яаж мэдэхэв дээ. Нас намбаа бодсон ч овилгогүй иймэрхүү шоунд нүд чихээ хурцлан бусдын сэтгэл зүйгээр сурамгай гэгч нь тоглох эрхийг түүнд хэн өгөв өө.
Эдгээр хоёр тохиолдлыг орхие гэхэд саяхан Сонгодо эмнэлэгт гурван удаа хагалгаа хийлгэн амиа алдсан 8 настай бяцхан хүүгийн үхэлд мөн л Олхонууд Шаабар оройлон ханцуй шамлав. Ач хүүгээ алдсан эмэг эхтэй нь уулзаж бас л бөөн мэдэмхийрсэн тэрээр гурав ч хонолгүй хариуцлага алдсан өвгөн эмчийг зурагтай нь сонинд залж эмнэлгийг нь үг сүггүй магтаж гардаг юм байна. Нулимсаа барж ядсан ар гэрийнхэн нь түүний энэ үйлдэлд голдоо ортол гомджээ. Эрүүл гэхэд эргэлзмээр бурхан болоочдын үхлээр тохуурхсан Ша. Батбаярын бусармаг үйлдлүүд хэрхэн үргэлжлэхийг таашгүй. Монголчууд бурхан болоочийн араас чангахан чимээ ч гаргахыг цээрлэдэг. Эндсэн үлдсэн аль аль талаа бодсон ч хэдэн үеийн сэтгэлийн тамд унагах нүгэл үйлдэж суугаа Ша. Батбаяр эртхэн энэ зангаа татаасай. Хэрэгтэй хэрэггүйд хошуу дүрж бусдын хагацал зовлонгоор даажигнаж явдаг эвгүй үйлдлээ хөндлөнгийн нүдээр харах цаг болжээ.
Дугаар 06