Ааваа Монхоо ах ирсэн гэж хэлээд охин ухаан алджээ
Харин сүүлчийн хүчээ шавхан энэ үгийг хэлээд охин ухаан алдсан байна… Тэрбээр одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн клиникийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Нийслэлд бямбаас ням гарагт шилжих шөнө цагдаагийн бие бүрэлдэхүүн амралтгүй ажилласан байна. Учир нь нийслэлийн Баянгол, Налайх дүүрэгт хэд хэдэн онц ноцтой гэмт хэрэг гарч, хэргийн газраас зугтсан хэрэгт холбогдогч, сэжигтэн этгээдийг илрүүлэн баривчлахаар тэд ийнхүү унтах нойроо мартан зүтгэсэн юм.
Ингэж ажилласаны хүчинд өчигдөр аймшигт гэмт этгээдүүдийг цаг алдалгүй баривчилсан ч гэм хоргүй тавхан настай Н охин, аймшигт алуурчны гарт халуун амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Охины эгч О 14 настай, тэрбээр мөн бузар алуурчны саварт өртөж хүндээр шархтан сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Хэрэг нийслэлийн Баянгол дүүргийн XIX хорооны 58 дугаар байранд 14-18 цагийн орчим гарсан бололтой. Хохирогчийн аав, ээж нь Нарантуул худалдааны төвд худалдаа эрхэлдэг юм байна.
Садист алуурчин 17 настай Д.Сумьяажав нь хохирогчийн аав, ээжид туслан барааг нь заралцаж өгдөг байжээ. Түүний жинхэнэ нэрийг Д.Сумьяажав, харин хочийг нь Монхоо гэдэг байж. Тэрбээр хохирогчийнд таван сарын турш амьдарсан, тэдний гэр бүлийн нэг гишүүнээс ялгаагүй болсон нэгэн бөгөөд хэрэг гарах өдөр тэднийд найз гэгдэх 17 настай Бямбадоржийг дагуулан ирсэн байна. Тэд хохирогчийн сейфнээс нь 10 сая төгрөг авч, 5-14 настай охидыг нь хүчирхийлэн хоолойг нь хэрчин танхайрсан байна. Гэмт этгээдүүд хэрэг үйлдэж байхдаа архи, мансууруулах бодис хэрэглээгүй байсан тухай ойрын эх сурвалж хэлсэн. Харин эртнээс төлөвлөж хийсэн уг хэрэгтээ охид нь саад болсон учир тэднийг бузарлаад, сэтгэл нь ханахгүй амийг нь хөнөөсөн бололтой. Алуурчид хохирогчийн гэрээс авсан 10 сая төгрөгийн талыг нь үрсэн байсан бөгөөд үлдсэн нь тэднийг саатуулах үед биеэс нь гарсан байна. Алуурчид нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат, эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй Баянхошуунд амьдардаг байжээ.
Хэргийн газрын үзлэгээр алуурчид таван настай Н охины амийг эхэлж хөнөөсөн болохыг тогтоосон байна. Харин уг хэргийг үйлдсэнийхээ дараа охины эгч 14 настай О-г хүчирхийлэн, хоолойг нь хэрчиж танхайрчээ. Азаар О охин амьд үлдэж, орой аав, ээжийгээ гэртээ иртэл нь ухаанаа алдалгүй хүлээж байсан байна. Тэрбээр аавдаа Ааваа, манайд Монхоо ах, Баавар ахтай ирээд явсан… гэдэг үгийг хэлээд ухаан алдснаар цагдаагийнхан гэмт этгээдийг цаг алдалгүй баривчлахад нь тусалжээ. Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийг шунахайн сэдэлтээр уг хэргийг үйлдсэн гэх эхний дүгнэлтийг үйлдээд хэргийг шалгаж байгаа. Хэргийг богино хугацаанд маш их ачаалалтай ажилласны хүчинд илрүүллээ. Тагнуул, дүүргийн цагдаагийн хэлтэс, ЭХГ, МБГ-ын ажилтнууд гээд өргөн бүрэлдэхүүн гарч ажилласан хэмээн ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга өгүүлсэн.
Ташрамд дурдахад нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт их, хүнд нөхцөлд амралтын хоногууд өнгөрсөн хэмээн тэрбээр мөн өгүүлсэн юм. Тухайлбал, бямба гарагийн орой, нийслэлийн Налайх дүүргийн I хороо, Уурхайчдын XIҮ гудамжинд буу, зэвсэг бүхий этгээдүүд бусдын амь насыг хохироохоор завдсан ноцтой хэрэг гарсан байна. Гэмт этгээдүүд бүрэн зэвсэглэж, хохирогчийн гэрт очиж бага насны хүүхдүүдийг нь дарамталж, заналхийлж, айлган сүрдүүлжээ. Цагдаагийн ажилтнууд хэргийн газар таван минутад багтаж очиход гэмт этгээдүүд цагдаагийн ажилтнуудад эсэргүүцэл үзүулсэн байна. Тэд сумалсан гар буу, чинжал хутгаар зэвсэглэсэн байжээ. Тэднийг цагдаагийнхан саатуулан биед нь нэгжлэг хийхэд гар бууны сум 18 ширхэг, мөн тус бүрээс нь чинжал хутга илэрсэн байна. Тэд хувийн өш хонзон авах зорилгоор уг айлд очсон бөгөөд гэрийн эзэд байхгүй болохоор насанд хүрээгүй хүүхдүүдийг нь айлган сүрдүүлж, дарамталж байсан бололтой.
Гэмт этгээдүүд өмнө нь шоронд ял эдэлж байсан, эрүүгийн ялтнууд байсан байна. Тухайлбал, Доржнамжим овогтой Бямбагар. Тэрбээр шүүхээс өмнө нь удаа дараа ял сонсч, бүр 31 жил хоригдох ялаар шийтгүүлж байсан этгээд. Ихэвчлэн танхай, дээрмийн давтан хэргээр яллагдаж байсан түүнийг шүүхээс онц аюултай гэмт этгээд хэмээн тогтоож байсныг эх сурвалж өгүүлсэн. Мөн Ядамдоржийн Лхагвадорж гэдэг этгээд хамт байсан байна. Тэрбээр шүүхээс 28 жилийн ял сонсч, чанга болон жирийн дэглэмтэй шоронд ял эдэлж байгаад өнгөрсөн жил суллагдсан гэнэ. Гэмт этгээдүүд иргэн Б-гийн амийг хөнөөхөөр өдөр сонгон тэднийд ирсэн байж. Азаар Б гэртээ байхгүй байсан бөгөөд харамсалтай нь учир мэдэхгүй 6-7 настай хүүхэд нь гэртээ байж таарч. Ингээд эцгээс нь авах өшөөгөө хүүхдүүдээс нь авахыг завдаж байхад нь хүмүүс мэдэж цагдаад дуудлага өгснөөр гэмт этгээдүүдийг цаг алдалгүй баривчилсан байна. Түүнчлэн бямба гарагийн 13 цагийн орчим нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зэвсэглэсэн этгээдүүд буу гаргаж танхайрсан байна.
Уг хэргийн дуудлага цагдаагийнханд ирснээр тэд хэргийн газар очиход үл таних хоёр этгээд Пажеро маркийн машин унаж гар буугаар бусдыг айлган сүрдүүлж байсан аж. Дуудлагын цагдаа нар хэргийн газар очиход гэмт этгээдүүд зугтаж амжсан байна. Харин дуудлага өгсөн хүмүүс болон халдлагад өртсөн хүмүүсийн мэдүүлгээр хэргийг шалгаад, танхайрагчид Доржнамжим овогтой Бямбагар, Ядамдоржийн Лхагвадорж нар болохыг тогтоогоод байгаа юм байна. Мөн Д.Бямбагар, Я.Лхагвадорж нар нь 100 айлд байрладаг солонгос барааны дэлгүүрийг дээрэмдэх гэж оролджээ. ТийМээс тэд гудамжинд зүгээр явж байсан хүмүүсийг барьж аван буу гарган танхайрсан байна. Харин тэдний зүй бус үйлдлийг харсан жирийн хүмүүс цагдаагийнханд дуудлага өгснөөр тэд тэднээс зугтаж нийслэлийн Налайх дүүргийг зорьсон бололтой.
Эх сурвалжийн өгүүлснээр гэмт этгээд Д.Бямбагар, Я.Лхагвадорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл буюу бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар. Мөн онц аюултай этгээд бүлэглэж гэмт хэрэг үйлдэх гэсэн зүйл ангиар яллаж шалгаж эхэллээ. Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт хятад иргэдийн амийг хөнөөсөн хэрэг гарсан байна. XI хороо барилгачдын гудамжны ҮI гудамжинд байрладаг хашаанд хэсэг иргэд архидан согтуурч байгаад амиа алдаж. Хэргийн газрын үзлэгээр хохирогч хүйтэн зэвеэгт өртөж амиа алдсаныг нь тогтоогоод байгаа гэнэ. Цагдаагийнхан өчигдөр гэмт этгээдийг саатуулан барьж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна хэмээн ЦЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал өгүүлсэн.
Дугаар 028 /954/